Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн сургуулийн Санхүүгийн “А” бүлгийн 2000 оны элсэгчид уригдан оролцож байна. Оюутан ахуй цагийнхаа дурсамжуудыг ангийн дарга Б.Болор-Эрдэнэ ийнхүү хуучиллаа.
Манай ангийнхан 2000 оны есдүгээр сард нэг анги болж цугласан юм. Намрын тэр налгар өдрүүд одоо ч санаанд тодхон. Одоо МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийн байр сул ягаан өнгөтэй болсон, харин тэр үед ногоон цэнхэр өнгөтэй байв. Дэргэд нь байдаг 5 дугаар байр баригдаагүй, алдарт Хөлөг хуушуур ид мандаж байсан үе дээ. Улаанбаатар хот ч ийм түгжрэл, утаа угаарт хараахан баригдаагүй, арай сэлүүхэн буйд хот байлаа. Ялангуяа МУИС-ын хоёр, гуравдугаар байрууд, манай сургууль, дотуур байр орчим одоог бодвол илүү эгэл, оюунлаг, ногоон модтой залуусын хотхон байсан санагддаг юм. Тийм биш байсан ч байж мэднэ.Хүмүүс бид өнгөрснөө өнгө будгаар будаж, ой санаандаа илүү сайн сайхнаар хадгалж явдаг байж ч мэдэх юм.
Манай анги гэхдээ ямар ч нэмэлт өнгө будаг хэрэггүй анги байлаа. Одоо Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргал буюу Батжаагийн нүдний шилнээс эхэлж болно. Тэртэй тэргүй зол жавхаагаа багтааж ядсан залуу нас боловч түүний нил ягаан харааны шил нэн онцгой ялгарч байсантай манай ангийхан нэг дуугаар санал нэгдэх нь дамжиггүй. Матрын арьсан ковбой гутал, захыг нь босгосон жинсэн яак, нил ягаан нүдний шилтэй Батжаа самбарын өмнө зогсоод орос хэлний багшид загнуулж байсан тэр зураглалыг нэхэн санахнээ одоо ч инээд хүрнэм. Одоо бодоход хамаг суурь сурах бичиг англи хэл дээр болчихсон, 2000 онд яагаад ч огтын орос хэл үзэж байгаагүй бид нар хүртэл тэр орос тэкстүүдийг зүгээр харанхуй цээжилж байж кредитээ авах ёстой байсан юм, бүү мэд. Бид ч угийн нэгдүгээр ангид монгол бичиг үзэхээс эхлээд боловсролын системийнхээ туршилтын туулай болсоор ирсэн завсрын үе, наяад оныхон. Гэхдээ л манай ангийнхан орос хэлний цаанаа л донжтой дэгжин Ганди багшдаа, ер нь багш нартаа, будаг нь халцарсан шар ширээтэй анги танхимдаа, сургуульдаа хайртай байлаа.Ганди багш ч гэсэн хэдий хатуурхдаг ч нил ягаан шил бүхий рок стилийн, шогийн мэдрэмжтэй шавьдаа, шавь нартаа хайртай байсан байж таараа. Миний бие хожим арай өөр задгай тогтолцоотой гаднын их сургуульд очоод ямар гоё ангитай байснаа, сургууль маань Монголын түвшинд бидэнд боломжийн сургалт өгдөг сайн сургууль байсныг нээж мэдсэн билээ.
Батжаа нэг тийм, бусад маань ямар байлаа? Баруун эгнээний урд талын ширээнд суусан хоёр охин хоорондоо шивнэж байснаа байсхийгээд л над руу муухай харна. Хоёулаа том алаг нүдтэйг яана. Одоо “ХААН” банкны тооцооны төвийн захирал М.Олонбаяр, “Голомт банк”- нд Байгууллагын банкны судалгаа ахалж байгаа Д.Сэргэлэн хоёр маань. Энэ нэг аальгүй юм, худлаа “поп”-роод гэдэг дээр санал нийлдэг байсан гэнэ. Тэр нь ч аргагүй, өөрсдөө математик, физикийн олимпиадаар явсаар сайн бэлтгэгдээд орж ирдэг орон нутгийн цөөн, сайн чамбай оюутнуудын нэг. Ер нь манай ангид орон нутгаас ирсэн хүүхэд олон байв. Хожим нисэгч болж карьерээ өөрчилсөн Э.Одбаяр ангийнхан дотроо арай хотын, ганган, соёлтой нь. Сүнжээ гэж ёстой л ардын дуунд гардаг Сүнжидмаа шиг сайхан хүүхэн явна. Цоомоо, Даваа хоёр буюу Дарханы Монгол Турк, хотын Монгол Туркээс орж ирсэн М.Цолмон, одоо “ТДБ Капитал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Даваажав хоёр их нийлнэ. Даваатай нэг сургуулийн Г.Хэрлэнсайхан ч экономикс, дээд тоондоо их сайн. Одоо хөвгүүдийн ярьж байгаагаар бол ангийн хөвгүүдийг олон шалгалтад авч гарсан гэгдэнэ. “ХААН” банкны Байгууллагын Банкны Газрын захирал Д.Баттөмөр, сагс сайн тоглодог, мөн л ХААН банкны Н.Эрдэнэзуу, яагаад ч юм бэ бидний дунд аав хэмээн өргөмжлөгдөх болсон П.Баярмандах, талийгч маань… Ингээд 22 оюутантай Санхүү “А” анги бүрдэнэ. Хэрвээ би буруу санаагүй бол задгай кредитээр биш, ангиар явдаг тогтолцооны сүүлчийн жил бид нэг анги болж бүрдсэн юм. Нэг бодлын азтай. Тухайн үед банк санхүүгийн ангийг конкурст хамгийн дээгүүр жагссан оюутнууд өрсөлдөж авдаг байлаа.
Гэхдээ эхэндээ анги байсангүй. Өнөө наашаа муухай хардаг хоёроос эхлээд хэд хэдээрээ бүлэглэж, хэдэн тийш харсан хүйтэн дайны байдалтай нэг сар орчим өнгөрлөө. Тэгээд ч тэр үү, анги шиг ярилцаад дарга шиг даргатай бололгүй аравдугаар сар гарлаа. Энэ асуудлыг нэг л өдөр Монголын эдийн засгийн түүх ордог Цэвээн багш шийдэж өгөв. Цэвээн багш жинхэнэ соц стилийн кадр, нэлээн ангийн даргасаг. Хоёр давхрын поток лекцийн зааланд хичээлээ эхлэхдээ ангийн дарга нарыг дуудаж ирц бүртгэдэг байсан санагдана. Санхүү А-г дуудсан байдаггүй. Угийн сүр бараатай Цэвээн багш дуугаа хураачихаараа бас л агшаана. Найман анги цугласан поток лекц тэр аяараа чимээгүй. Багш тэр дундуур манай ангийг чиглээд алхаж байна аа. Удаан доголж алхахыг хэлэх үү сүртэй сүртэй, кино л гэсэн үг. Улмаар чимээгүй заалыг удаан гэгч нь зүсэж алхаж ирээд миний урд журнал тавьснаа “Чи дарга бол” гэж гурван үг хэлчихээд эргээд самбар руу доголоод буцав. Сөргөхийн аргагүй томилгоонд ингээд миний хувь заяа, зарим талаар манай ангийн хувь заяа шийдэгдэх нь тэр.
Томилгоонд миний бие ч дургүй байсангүй. Их сургуульдаа л нэг анги шиг ангитай болох бодол тээсэн хүнд яг тохирсон ажил. Одоо бодоход 17-той хүүхдээс гармааргүй ухаан гаргасан шиг санагддаг юм. За тэгээд ажилдаа хариуцлагатай шиг зүтгэж эхэллээ. Амаргүй ажил л даа, охидууд нь хөвгүүдээ тоохгүй. Одоо бол Монголын хамгийн том банкуудын хамгийн гол ажил үүргийг нуруундаа үүрэх болсон хангай шиг түшигтэй залуучууд. Эр өсөж эсгий сунана гэдэг үнэн үг шүү. Тухайн үедээ хөвгүүд, нэн ялангуяа Цоомын их зантай гэж. Хэнхэг миний бие сургуулийн урлагийн үзлэгт орно гэж зүтгээд, Цоом хөвгүүдээ дагуулж тэрсээд хөөрхөн зөрчил боллоо. Ядаж мань хүн харизматай, нөлөөтэй. Бид хоёр бүр хэрэлдэхдээ туллаа.
Яадаг ч байсан орно гэсээр 22 хүүхэдтэй ангиас наймуулаа баг болж орсон юм. Наймуулахнаа юм болохоор бүжиглэсэн ч, дуулсан ч бүгд л ээлжлээстэй. Хөтлөгч хийсэн би гэхэд “Болор-Эрдэнэ дуулна” гэж зарлаад, эргэж ороод буцаж гарч ирж дуулаад, мөн л эргэж ороод буцаж гарч ирээд “Болор-Эрдэнэдээ баярлалаа” гэж байх жишээний. Одоо ч тэр жилийн урлагийн үзлэгийг үзсэн манай сургуулийнхан намайг өөрийгөө зарладаг гээд их шоолно. Тэгж үзэж тарсаар байгаад түрүүлчихдэг юм байна. Уг нь тэр жил эдийн засгийн онолын анги бүрэн хүчээрээ их хүчтэй орсон юм. Түрүүлээд хэдэн төгрөгийн шагнал авсан санагдана. Түүгээрээ тухай үеийн оюутнууддаа л боломжийн гуляш энэ тэртэй өдрийн хоол, тоорт аваад ангиараа тэмдэглэлээ. Ороогүй хэдээ ч урилаа. Тэднийгээ урьж байгаа нь бас хөөрхөн бодлого яваад байгаа хэрэг. Дараа жилийн урлагийн үзлэгээр тэнхимээрээ, сагсны тэмцээн, шинэ жилээр, санхүүгийн хөтөлбөрөөр бас ангиараа ордог болж өөрчлөгдсөн дөө. Цоом бид хоёр ч эвлэрсэн.
Арван хэдтэй хүүхдүүд анги болж цугласнаас хойш цаг хугацаа ниссээр 18 жил өнгөрчээ. Залуу хүмүүсийн хувьд үхлийг нэг их санаж сэрэхгүй, холын юм шиг л санаж явцгаана. Өөрийгөө ч болоогүй гэж бодно, бусдыгаа ч болоогүй гэж итгэнэ. Амьдрал тийм энэрэлтэй бишийг нэг маань мэдрүүлээд эрт буцсан. Анги болж нягтрахад хамгийн төвд, бүгдийнх нь “ээж” шиг байсан Э.Золжаргал маань анх л тархай бутархай байсан тэр үеэс л хамгийн нөхөрсөг, бүх хүнтэй сайхан инээж харилцдаг, нээлттэй, нэг тийм мужик, хичээлдээ ч сайн манай ангийн тулах цэг байлаа. Ердөө л бие нь муудаад, юу болсныг нь мэдэхгүй алдчихсан даа, одоо ч гомдолтой. Ажил явдлаар нь ангиараа цуглаад гэрт нь очлоо. Өнгөрснөөс нь хойш нэг л бодитой бууж ирэхгүй, санаанд багтахгүй яваад байсан юм. Харин ангийнхантай хамт гэрт нь орсон чинь нулимс гарах гээд болохгүй. Хамгийн түшигтэй, хамгийн ойрын тэднийгээ хараад гомдол задардаг юм шиг. Жилийн дараа хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун ах охиндоо зориулж хөгжмөөр зул өргөсөн байсан. Энэ дурсамжаар хүний хайлан байсан ангийн сайхан найздаа нэгэн зул өргөмү.
Золоо маань дуутай хууртай Дундговийнх. Аав нь хөгжмийн зохиолч, өөрөө ч сайхан дуулна. Сээгий бас дуулна. Дуучин Сараа нутагт нь очиход хамт тайзан дээр дуулж байсан тийм хоолой. Ингээд дуучидтай анги юм чинь их дуулна. Тухайн үед одоогийнх шиг караоке ч элбэг байгаагүй, бид нарт ч мөнгө байсангүй. Ингээд Баяраа “аав”-ын экселд баахан хиам, талх энэ тэрхэн ачаад Тэрэлж, Дүнжингарав өөд ангиараа их салхинд гарч дуулна. “Ямар хоолонд дуртай вэ гэхээр их хоолонд дуртай” гэх маягтай Хэрлээд бусдаас нэлээн хэдэн талх илүү бодож авна. Одоо бодоход их сонирхолтой. Бүх дууны үгийг цээжээрээ мэддэг, зүгээр л уулан дээр гарч дуулаад тойроод сууж байдаг том хүмүүс шиг найртай анги байлаа. Ямар сайндаа шинээр санхүүгийн тэнхим рүү оюутан нэмэгдэхээр “Б-д орвол балай болтол хичээл хийнэ, А-д орвол шоучин болно” гэдэг үг хүртэл гарсан юм. Гэхдээ бид хичээлээ хаяж байгаагүй, багш нартаа харин ч ойр анги байсан гэж боддог.Төгсөөд ч бусад ангийг бодвол ихэнх нь яг банк, санхүүгээрээ дагнаж ажиллаж яваа. Дээд математикийн Энхбат, Цоодол багш, аж ахуйн нэгжийн санхүү заадаг Аюурзана багш, санхүүгийн онолын Цэрэнпил багш гээд хуучны луугар багш нараас хичээл авч амжсан азтай оюутнууд.
Сүүлдээ ч манай анги нөгөө хавь ойрын хамаг юмыг хүнд массаар татаад шингээчихдэг хар нүх шиг болсон доо. Манай ангийн биш нөхөр ч нэгдчихсэн явж л байна. Бүр манай сургуулийн биш нөхөр ч манай ангийн хүүхэд шиг болчихсон явж л байна. Манай эмнэлэг дээр ч хамт байцгааж л байна, тэрний зуслан дээр ч хамт явж л байна, амь нэгтэй болов.
Гуравдугаар курсээс Хэрлээ бид хоёр тэтгэлэг авч явах болов. Яг явах өглөө болтол сэрүүлэг тавьсан утасныхаа дууг хаачихаж. Нэг сэрсэн чинь Олноо “Боогий явахгүй юм уу” гэчихсэн үүдэнд зогсож байна. Ангийнхан ирээгүй бол цаанаас өгсөн билет, онгоц байхгүй болох байсан хэрэг. Бид хоёрыг ангиараа онгоцны буудал дээр гаргаж өглөө. Тэр жил бусад ангиас ч олон хүүхэд тэнцээд явсан. Дараа жил нь төгсөлт болоход манай ангийнхан л хол явсан хоёроо төгсөлтийн номдоо оруулсан байж билээ.
Саяхан нэг ангиараа цуглалаа. Өнгөрсөн цаг, залуу насны тухай дурсамж, маазрал илт багасаж банкны салбарын асуудал, санхүүгийн хөгжил, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн чадамж гээд хариуцсан ажил үүрэг, ирээдүйн тухай яриа голлох болж. Ангийнхан маань том банкуудаар салбар, газар хариуцсан туршлагатай эр бяр жигдэрсэн санхүүчид болжээ. “А”-д орвол шоучин болно гэдэг ч бас арай хэтрүүлэг байж. Санхүү “А”-гийнхан одоо сайн санхүүчид болсон шүү.