Categories
мэдээ нийгэм

Галд шатдаггүй, тэсгим хүйтэнд хөлддөггүй “Усны баавгай”

Антарктидын далайн гүнд амьдардаг, шинжлэх ухаанд бүртгэгдээгүй байсан шинэ төрөл зүйлийн “Усны баавгай”-г эрдэмтэд 2005 оны үед илрүүлсэн юм. Хэмжээний хувьд баавгайтай адилтгаж боломгүй ч төрх байдал, хөдөлгөөн нь баавгайтай төстэй учир “Усны баавгай” гэж нэрлэж байгаа юм. Шинжлэх ухааны нэршил нь Tardigrades буюу Тихоходка. Тихоходка тэмтрүүлийн үүрэг бүхийн найман хөлтэй, 0.5-1.5 мм урттай, тод улбар шар өнгөтэй, зөөлөн бүрхүүл бүхий хумстай.

Тихоходка буюу “Усны баавгай”-г дэлхий дээрх хамгийн амь бөхтэй, мөнхийн гэмээр долоон организмын нэгд тооцдог. Цельсийн хасах 273-аас нэмэх 151 хэмд амьд байх чадвартай. Мөн цацрагийн нөлөөллөөс дэлхий дээрх аливаа амьтны үхлийн тунгаас 1000 дахин их хэмжээнд тэсэж үлдэж, агааргүй орчин болон ямар ч чийггүй нөхцөлд 10 жил амьдардаг гэхчлэн энэ “Усны баавгай”-н гайхамшигтай, үнэмшмээргүй чадварууд их байна.

Тихоходкаг сүүлийн арав гаруй жил маш нарийн судалж байгаа ч 1773 онд анх ийм амьтан далайн гүнд амьдардаг гэдгийг нээж байсан бөгөөд одоогоор 900 орчим төрлийг нь далайн гүн, өндөр уулс, элсэн цөлөөс илрүүлжээ.

“Усны баавгай”-г Өмнөд туйлын тэсгим хүйтэн, Сахарын цөлд аваачиж, зориуд бэлтгэсэн -273 хэмд, +151 хэмд амьдруулахад ердөөсөө тоосон шинжгүй байсан гэнэ. Энэ чанар нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан учир “Усны баавгай”-г задгай сансарт 10 хоног ямар ч агаар, ус болон бусад хүчин зүйлгүйгээр өндөр даралтад байлгахад мөн л тэсээд гараад иржээ. Тиймдээ ч энэ бичил амьтан олон мянган жилийн турш далайн гүнд, тас харанхуй орчинд амьдарч, олон удаагийн хүнд шалгарлыг даван туулсан гэсэн үг.

Их Британийн Антарктидийн судалгааны хүрээлэнгийн доктор С.Мак-Иннес “Тихоходкаг микроскопоор харахад алхаж байгаа нь баавгайтай маш төстэй. Конус хэлбэрийн ам, гэрэлд мэдрэмтгий нүдтэй. “Усны баавгай” өндөглөдөг. Хөлнүүд нь ухрах болон аврахад маш сайн зохицсон. Янз янзын өнгөтэй тохиолддог ч түгээмэл өнгө нь улбар шар” гэжээ. Цаг уурын ямар ч өөрчлөлт, цацраг туяанд амьд үлдэх онцгой чадвартай “Усны баавгайг” дэлхий дээр амьд үлдэх хамгийн өндөр чадвартай ба бичил амьтан байх магадлалтай гэдэг таамаглалыг эрдэмтэд дэвшүүлсэн юм. “Усны баавгай” далайн гүнд 75 мянган атмосферийн даралтан дор амьдардаг. Гэтэл ихэнх бичил биетэн гурван мянган атмосферийн даралтад л амь тавьдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *