Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үр дүнд нөлөө нь буурсан Чөтгөр хорсоод галзуурах нь. Бурхны нөлөө ч буурсан. Гэхдээ чөтгөрийнхтэй адил навс унаагүй. Чөтгөрт дээрэлхэх гүрэн олдохоо болиод дийлдгээр нь дэлхийн хамгийн бөглүү буурай орнуудад уураа далдуур гаргах болжээ. Адгийн бүдүүлэг нүүдэлчин Монгол эрдэс баялгаар арвин ч булаах геополитик явцгүйд хүрсэн эрин зуунд шулах заль мэх үнэд оров.
Заль мэхний хоол бол мулгуу дүнхүү толгойнууд. Тэнэгүүдэд бурхны хайрласан гайхамшгийг ХХI зуунд булаахыг хориглосон олон улсын хоригт Чөтгөр өртлөө. Бусдын баялгийг булаадаг цаг өнгөрчээ. Хүн төрөлхтөн хүчээ нийлүүлээд олон улсын хуулиар хянаж эхлэв.
Монголын ашигт малтмалын баян ордууд дэлхийн хамгийн том хэрэглэгч-зах зээлтэй бөөр нийлүүлэн оршдогоос төв Азийн энэ мал шиг хүмүүст түвэггүй хөгжих боломж нүүрлэсэнд хүчээр түрэмгийлдэг бодлого нь бүтэлгүйтсэн Чөтгөр хорсов. Коксжих нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, ховор элемент, занарын экспортоор муу Монгол дураараа чөлөөтэй өрсөлдөх гэнэ. 60-70 сая мал сүрэг нь хүний арчилгаа авахгүй шахам ямар ч өртөггүй соргог ургамал идэж бэлчээрээр өсөх гайхам чадвартай. Яг л аргаль, янгир, зээр, тахь, хавтгай шигээ. Энэ бол зардалгүй сул олз.
Гуравхан сая хүн амаа элбэг хангах үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах үржил шимт ай сав нүд алдам цэлийнэ. Бурхан залхуу монголчуудыг давраажээ. Монгол улс Чөтгөрт таалагдахаа болив.
Монголын хөгжлийг хэрхэн чөдөрлөх вэ? Тэр амархан. Яаж?
Хүчээр бус аргаар. Гэхдээ найдах оньс ганц үлдсэн. Тэр нь монголчуудын оюуны хомсдол. Хичнээн баялагтай байгаад мулгуу бол яадгийг үзэг.
Башир аргыг ялуулдаг хөгжөөн дэмжигчид нь хэн бэ гэвэл оюуны хомсдолтой масс. Заль мэхийг тэнэгүүд ухаарахгүй өөгшүүлдэг. Харанхуй бүдүүлэг дээр нэмээд оюуны хомсдолтой аваас шулаачийн хоол болох зам шулууддаг. Оюуны хомсдол уг нь эмгэг бус оюуны “хоцрогдол” юм.
Цааш “хомсдол” гэж бичье. Хөдөлгөөн дутвал булчин сулардаг, сэтгэмж дутвал тархи үхэждэг. Монголын хөгжлийг саатуулдаг “үнэт зүйлс” нь үхэжсэн тархинууд. Хоорондоо хэрэлдэж зодолдоод том төслүүдээ гацаадаг ертөнцийн ганц ид шид бол оюуны хомсдол. Энэ дутагдал Монголд хангалттай. Хамгийн урт хиллэдэг хөршийнхөө үсрэнгүй хөгжлөөс юм олж долоохгүй ядуурах-тархины хомсдол. Хомсдолтой хүмүүсийг инээдэмтэй суртлаар дөрлөн хөтлөх амархан. Гавал нь ажиллагаагүй хүмүүнийг алдагдалд унагаж, ашгийг хаахад түвэггүй. Энэ бол Чөтгөрийн хар хайрцагны бодлого. Эрчим хүчний эх үүсвэр бүү бариул. Нүүрсээр арвин Монгол цахилгаанаа өөрсдөө хангачихвал импортлохгүй бие даагаад үгэнд орохгүй сэхчихнэ. Тиймээс импортын эрчим хүчээ нэм гэж сүрдүүл.
Хомсдолтой толгойнууд хоосон аюулаас их айдаг мухар сүсгийн улбаатай тул дуулгавартай дохилзоно. Нүүрс угаах, шингэрүүлэх, хий гаргах технологийг харанхуй монголчуудад ажиг авахуулалгүй алсын далд нууц удирдлагаар хаа. Нар, салхи, усны эко эрчим хүчний тухай маанагууд сонссон байж таарна. УЦС дэлхийд бол хоргүй, Монголд бол хортой гэж ятга. Ялгааг малын тархитангууд олохгүй төөрнө. Нефть нэрэх үйлдвэр баривал нефтийн шааранд монгол хүн мал хордож хиарна гэж ухуул. “Та нарыг устгаад нутгийг чинь эзлэх дайсны санаа” гэж шордоход ухааны хомсдолтой дүнхүү монголчууд цочирдож шууд үнэмшинэ. Шатахуун, эрчим хүчний хараат байдалд байнга уяхад хомсдолтой тархи маш тохиромжтой. Харин унтаж буй тархи сэрвэл мэхлэгдсэнээ мэдээд эсэргүүцнэ. Сэрээж хэрхэвч болохгүй. Монголчуудын оюуны хомсдол төрөлхийн бус нь ой ухааны олон улсын тэмцээнд монгол хүүхэд залуус түрүүлж буйгаар нотлогдлоо.
Монгол уураг тархи төрөлх чадамжаараа ажиллаад эхэлбэл хар хайрцагны бодлого нурах ойрхныг сануулав. Мал сүрэг нь бие дааж аяндаа үржээд, монгол хүн малаа хариулах, оторлон нүүх зэрэг борон торон амьжиргаанаас өөр тархиа шавхах хэрэгцээ тэдний түүхэнд гарсангүй. Тиймээс тархи нь назгайрчээ. Назгай, амар амгалан толгой ХХ зуунд хялбар хууртсан билээ. Харин хал үзэж хашир сууж буй ХХI зууны монголыг шинэ бурантгаар хөтлөх шаардлага хар хайрцагт тулгарав.
Хүүхдийг хадны мангаагаар айлгадаг бол харанхуй монголчуудыг Хятадын аюулаар айлгахад аманд өөрсдөө ороод ирнэ. Хятадууд хүн амыг чинь уусгаад монголчууд манж нар шиг арилна гэж айлгаад мега төслүүдийг нь бүү хөдөлгө. Барууны хөрөнгө оруулагчдыг “эдийн засгийн алуурчид” гэж итгүүл. Тэгвэл Их хурлын гишүүн-эх оронч онгироо баатрууд нь тэднийг хөөгөөд хавьтуулахгүй.
Баярхаад буй эрдэс баялгаа асар ихээр, хямд тээвэрлэх төмөр зам тавих сэхүүн санааг нь мохоо. Төмөр зам тавибал танк их буугаа ачаад ороод ирнэ гэдэг онигоо хуучирсан. Мөнгө олох хамгийн их баталгаатай Ухаа худаг-Гашуун сухайтын уурхайн 267 км мухар төмөр замыг гацаахын тулд зэрэг зэрэг олон төмөр зам ийш тийш нь тавина гэж мангартуул.
Оюуны хомсдолтой мулгуу монголчууд үүнд итгээд “олон төмөр замтай болох нь” гэж хөөрцөглөнө. Эцэст нь ганц алд ч төмөр зам тавилгүй нүүрсээ үүрээд алцганаг. Хар хайрцагны зарчим ийм. Төмөр замаар их хэмжээний баялаг Номхон далайн боомт хүртэл зөөвөл Монгол огцом сэргэнэ. Мөнгөжвөл оюуны хомсдол илаарших эрсдэлтэй. Тиймээс монголчуудыг бүү мөнгөжүүл. Эдийн засгийг нь дорвитой өсгөх мега төсөл бүрийг царцаа. Чөтгөрийн политикийг Бурхны сургаал гэж биширдэг монгол уламжлалыг бөхөл. Чөтгөрийн заль илрэхээс сэрэмжилсэн мэхээ орчин үетэйгээ уялдуулж ямагт шинэчил. Монгол хүний оюуны хомсдолыг сэдрээх замаар тэднийг өлмийдөө эгүрт сөгдүүл.
Шинжлэх ухаанд тулгуурласан суртал гэхээсээ мухар сүсгээр монголчуудын оюуны хомсдолыг нойл заатал барих боломжийг Чөтгөр хайх болно. Далай ламын монгол хойд дүрээр Хятадыг үргээ.
Монголчуудын оюуны хоцрогдол арилах ёсгүй. Харанхуй тархи гэгээрвэл Чөтгөрт хүндрэл үүснэ. Гэхдээ хомс ухаан авлигад нугасгүй нь Чөтгөрийн гол түшиг. Ард түмэн нь хүртэхээр нүүрлэсэн асар их орлогыг хээл хахууль авсан оюуны хомсдолтой монгол лидер хаах арга сийлэхдээ гаргууд. Хомс ухаанд тийм чадвар нуугдаж үлдсэнд алга ташъя.
Чөтгөрийн нөлөө энэ буурай оронд тууштай хадгалагдах ирээдүй Ерөнхийлөгчийн сонгуулиар дархлаажих учиртай. Чөтгөрийн сунтаг шүүлтээр Ерөнхийлөгчийг нь тодруулна. Оюуны хоцрогдол Монгол Улсыг олон арван жил удирдана гэдэгт Чөтгөр эргэлздэггүй. Огт оюун ухаангүй хүмүүс бол Төр засгийн эрхэнд гармагц гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамаатан садангаараа баяжаад, хуримтлалаа оффшорт байршуулж дөнгөхгүй. Улсаа хөгжүүлэх билэг оюунгүй атлаа өөрөө баяжих жижигхэн гавалтай нөлөө бүхий монголчуудыг Чөтгөр гар хурууныхаа үзүүрт ашигладаг. Тэдэнд тавьдаг шаардлага ганцхан. Тэр нь шунал. Оюуны хомсдол дээр нэмэх нь шунал гэж хар хайрцаг тооцож буй.
Чөтгөрийн нүдээр харахад Монгол дампуурахдаа тулжээ. “Хөөрхий Монгол балрах нь” гээд том төслүүдийг нь хөдөлгөж хэрхэвч болохгүй.
Чөтгөр чөтгөрийнхөө араншингаар цаашид том төслүүдийг нь гацаах геополитикоо хатуу баримтална. Түүхий эдийн экспортоосоо унасан жаахан ашгийг шатахуун, эрчим хүчний импортод залгиулаад хоосон хоцорч л байг. Тэгэх тусам тэнхээгүй орныг хянах нөхцөл бүрдэнэ.
Үйлдвэр, бүтээн байгуулалт, жижиг дунд бизнесээ дэмжих мөнгөгүй төр засаг нь гуйлга гуйгаад муухай царайлж л сууг. Мал сүргээ эрүүлжүүлж чадвал махаа зараад мөнгөтөй болчихно. Тиймээс био комбинатдаа вакцин үйлдвэрлэх төслийг сэм гацааж, малын өвчин гарсан үнэн худал мэдээг байнга цацаж, хулхи вакцинаа ихээр шахах замаа зас. Энэ бүгд Чөтгөрийн нөлөөнд удаан автах үзүүлэлт. Дэд бүтцийн ямар ч өвгүй нүцгэн хээр тал нь тэр чигтээ хэвээр оршиг. Газар дор 2-3 км-ийн гүнд орших ашигт малтмалаа ухаж аваад панз үсэргэе гэхэд төмөр хүрз импортолдог улс. “Лай ч байна, зай ч байна” хэмээн Чөтгөр олзуурхав.
Түүний хар хайрцагны бодлого өд мөддөө нугаршгүй цартай. Чөтгөр бол чөтгөр. Чөтгөр бурханд хувирахыг хүлээх үү, эсвэл эцэг эхээс заяасан монгол уураг тархиа сэрээх үү? Далан жил дээвэргүй шоронд түгжигдсэн даржин эдийн засагтай, цөөхөн хүн амтай хоцрогдсон Монгол Улс хөгжөөсэй гэж даян дэлхий дэмжих ахуйд монголчуудын заяа үнэхээр их аваас сэргэх цаг морилох байгаа бурхан минь.
Төрийн соёрхолт, СГЗ, зохиолч Ц.ДОРЖГОТОВ