“Багануур-Хөрөнгө оруулагчдын таатай орчин” бизнес уулзалт Багануур дүүрэгт боллоо.
Бизнес уулзалтыг тус дүүргийн ИТХ, ЗДТГ-аас санаачлан МҮХАҮТ, Багануур Үйлдвэр технологийн парк, “Багануур” ХХК, “Монхимо” ХХК зэрэг компани хамтран зохион байгуулж буй аж. Дүүргийн хөгжлийн үндэст тулгуурлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй уулзаж мэдээ мэдээллээр хангах, хамтрах ажиллах боломж нөхцөл болон дүүрэгт хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.
Анх удаа зохион байгуулж буй бизнес уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайд, тэдний төлөөлөгчид оролцов. Уулзалтаар Багануур дүүргийн хөгжлийн чиг хандлага, цаашид хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл хийв.
Багануур дүүрэгт 241 аж ахуйн нэгж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр 1 компани тус тус үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв энэ онд 31 байгууллагатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шинээр байгуулсан нь өмнөх оноос 12 байгууллагаар өссөн байгаа юм.
Нийслэлийн дүүргүүдээс анх удаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таатай боломжийг олгосон, онцлог давуу талыг сурталчилсан үр өгөөжтэй уулзалт боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.