Categories
мэдээ нийгэм

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг хуралдав

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.03.23) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахлан ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанд тус Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгээс танилцуулгуудыг хийв. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Төгсгөлд нь хуралдаанд оролцсон Ажлын болон ажлын дэд хэсгийн гишүүд санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амгалангийн баталсан удирдамжийн дагууөнөөдөр (2017.12.12) Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгтээр ахлуулсан бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллалаа.

Удирдамжид хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудыг хамруулан хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулах, тандалтын судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, ажлын тайлантай танилцахаар тусгажээ.

Эхлээд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, багийн засаг дарга нар болон төрийн бусад байгууллагын албан тушаалтан, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэдийг оролцуулан хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хэлсэн үгэндээ “Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын Тамгын газраас хуулийг хэрэгжүүлэх байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг болсон. Ингэснээр тухайн хуульд өөрчлөлт оруулах, эсвэл шинэчилсэн найруулгаар дахин батлах шаардлага байна уу, хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал юу байна,хуулийн ямар заалт хэрэгжихгүй байна вэ гэдгийг тодорхойлж, дараагийн гарц шийдлийг гаргах зорилготой” гээд хэлэлцүүлгийн сэдвийг танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн хэрэгжилтийн талаар дараа нь саналаа хэлэв.

Зуун мод сумын V багийн засаг дарга С.Очирбат “Архидалттай төрийн байгууллагууд тэмцээд үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой боллоо. Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг энэ ажилд татан оруулж, архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэдийн ухамсарт нөлөөлөх нөлөөллийн ажлыг түлхүү хийлгэмээр байна. Яагаад гэвэл архидан согтуураад байгаа хүмүүст эрүүлжүүлэхарга хэмжээ авна уу гэхээс хуулийн хүрээнд өөр хариуцлага алга. Ахуйн хүрээнд архидан согтуураад байгаа хүмүүст арга хэмжээ авч өг гэхэд цагдаагийн байгууллага хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж татгалздаг” хэмээн саналаа хэлэв.

Зуун мод сумын иргэн Б.Тойвгоо “Манай улсын архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд жил ирэх бүр л архиныхаа хатуулгыг уралдан чангаруулдаг. Азийн орнуудын жишгийг дагаж жил ирэх бүр бууруулах ёстой. 39 градусын хатуулагтай архийг дараа жил нь 36 градустай болгохоор хуулийн зохицуулалт шаардлагатай байна” гэв.

Зуун мод сумын VI багийн засаг дарга Б.Отгонбаяр ахуйн хүрээний архидалтын хохирогч нь бага насны хүүхэд байдаг талаар саналаа хэлж, эцэг эх, асран хамгаалагч нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурахыг хориглох, хэрвээ зөрчсөн бол арга хэмжээ авах заалт хуульд оруулах талаар саналаа хэлэв. Тэрбээр асран хамгаалагч нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурснаас үүдэн хүүхдүүд аливаа хүчирхийллийн золиос болж байгааг тэмдэглэсэн юм.

Зуун мод сумын III багийн засаг дарга Ш.Цэндсүрэн архидан согтуурах нь өвчин гэдгийг ойлгуулах, тэгснээр архины хэрэглээг болиулах, архи хэрэглэхээс татгалздаг болсон үед “гам барих” гэх мэт шат дараалсан цогц сургалт, сурталчилгааны ажлыг улсаас нэгдсэн бодлогоор хийх санал хэлэв.

Архины шошгон дээр хаадуудын хэлсэн үгийг бичих, хаадын нэрээр архийг нэрлэх нь өвөг дээдэс маань залуу үеэ архидан согтуур гэж уриалж байгаа мэт далд сурталчилгаа болж буй учир хаадын нэрээр, ялангуяа Чингис хааны нэрээр архийг нэрлэхгүй байх зохицуулалт хуульд хийж өгнө үү хэмээн тэрбээр мөн саналаа хэллээ.

Баянхангай сумын ИТХ-ын төлөөлөгч төрийн байгууллагынхны архидалттай тэмцэх талаар саналаа хэлсэн. Тэрбээр сумын сургууль төгсөгчдөөсөө хандив авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа жилд хоёр удаа төгсөгчдөө сургууль дээрээ уридаг. Төгсөгчдөө сургуулийнхаа дотуур байранд байрлуулж, сургуулийн гал тогоонд хүлээн авалт хийдэг. Энэ байдал сурагчдад архидан согтуурахыг шууд үлгэрлэсэн төдийгүй үр дагаварт нь хүчирхийллийн хэрэг гарсныг хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид ийнхүү санал хэлэхдээ архи гэдэг бүтээгдэхүүнтэй бус архидан согтуурах нийгмийн үзэгдэлтэй тэмцэх, ахуйн хүрээний архидалт их байгаа нь ажилгүйдлээс болдог учир иргэдийг ажлын байраар хангах, ажлын байр байхгүй бол спортоор хичээллэх, спортод дуртай болох орчин нөхцөл бүрдүүлэх зэрэг өргөн хүрээний санал дэвшүүлэв.

Дараа нь удирдамжийн дагуу хуулийн хэрэгжилтийн талаар хууль хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөлтэй дангаар нь уулзалт хийсэн юм.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор Төв аймагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хуулийн хэрэгжилтийг хангах төрийн байгууллагууд зохих түвшинд ажлаа хийж байгааг тэмдэглээд, хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэдэг эцсийн дүнг Улсын Их Хурлын Тамгын газарт болон хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн нэгжид танилцуулна гэлээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зорилготой УИХ-ын Тамгын газрын бүрэлдэхүүн өмнө нь нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх дүүрэгт мөн ажилласан юм.

Тухайлбал, өнгөрөгч баасан гаригт Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн танилцуулгадаа“Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу Сансарын үйлчилгээний төв орчим, Баянцээлийн гудамж дагуу баар шөнийн цэнгээний газар ихээр төвлөрснөөс архидан согтуурах явдал, гудамж талбайд согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өсч байгаа.

Иймд уг асуудалтай холбогдуулан 1589 өрх айлаас судалгаа аван, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн 2017 онд “Баривчилгаа” тусгай арга хэмжээг 10 удаа зохион байгуулж, байнга архидан согтуурдаг болон гудамж талбай, олон нийтийн газарт танхайрдаг, удаа дараа цагдаагийн байгууллагад саатуулагдсан 310 иргэнийг баривчилгаанд хамруулж, 74 хүнийг архаг архичны судалгаанд бүртгэснийг онцоллоо.

Энэ үеэр төрийн байгууллагуудын зүгээс согтууруулах ундаа худалдаалах цэгийн тоо, нормативыг тухайн хорооны хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, оюутан сурагчдын хичээлийн болон нийтийн байрын байршил, хориглосон газруудыг харгалзан тогтоож, зөвшөөрөл олгох талаар саналуудыг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *