Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Бат-Орших: Үүнийг би мэдэхгүй, хуулийн байгууллага шийднэ

Улсын гарьд Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхөөс сэргээш илэрсэн гэж барилдах эрхийг нь хоёр жилээр хассан билээ. Үүний дараа Ө.Бат-орших цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Энэ сэдвээр түүнтэй ярилцлаа.


-Баяр наадмын тухай хуульд “Баяр наадмын үеэр допингийн төрлийн бодис хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл цолыг хураана” гэж заасан байдаг. Баяр наадмын бус үед допинг илрэхэд энэ хууль яагаад үйлчилж байна вэ?

-Баяр наадмын тухай хууль тусдаа байдаг. Энэ хууль баяр наадам нээлтээ хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгээр хаах хүртэлх хугацааны үйл явдлыг зохицуулсан. Тэгэхлээр наадмын бус үед допингийн талаарх асуудлыг зохицуулах харилцаанд энэ хууль хэрэглэгдэхгүй юм байна лээ. Тэгэхлээр энэ баяр наадмын шинжилгээний хариу биш. Баяр наадмаар шинжилгээгээ өгөөд зүгээр гарсан. Үүнийг бөх сонирхогчид маань ойлгоосой гэж хүсэж байна. Одооны яригдаад байгаа допингийн асуудал бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард авсан шинжилгээ. Энэ шинжилгээний хариу энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан.МҮБХ-ноос тэргүүн Р.Нямдорж над руу ярьж “Чиний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн байна” гэж танилцуулсан. Үүнээс өөр МҮБХ-оос надтай юу ч яриагүй. Дараа нь би эм уусан шалтгаанаа өөрийн цахим хуудсаар тайлбарлаж олон нийтэд хүргэсэн.
-МҮБХ энэ асуудал дээр хариуцлага тооцохдоо таныг дуудаж тайлбар авсан уу?

-Үгүй. Юуны тулд энэ эмийг хэрэглэсэн, надад эмчийн бичиг байгаа эсэх талаар огт тайлбар аваагүй. МҮБХ-оо бөхийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс тайлбар авч болно шүү дээ. Тайлбар авалгүй байж байгаад гэнэт “Үндэсний бөхийн холбоо” гэсэн цахим хаягнаас “Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа” гэсэн мэдээлэл тараасан. Дараа нь би дэд тэргүүн Д.Данзантай яриад “Миний эрхийг хоёр жилээр хасах шийдвэр гарсан нь үнэн юм уу. “Хэрвээ гарсан бол надад албан ёсоор яагаад мэдэгдээгүй юм бэ” гэж асуусан л даа. Гэтэл “Бид журмаараа шийдсэн. Цахимд тараасан учраас л албан ёсных болж байгаа” гэсэн учир битүүлэг тайлбар хэлсэн.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн асуудлыг МҮБХ өөрсдийн дотоод журмаараа шийдэх хууль эрх зүйн орчин байгаа юу?
-Үүнийг би мэдэхгүй, хуулийн байгууллага шийднэ. МҮБХ-ны тэргүүлэгчид гэх есөн хүний гаргасан журмаар допингийн шалгалтад бүдэрсэн дөрвөн бөхийн эрхийг хассан. Шийдвэр гаргасны дараа МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар руу ярьж эрх хассан албан бичгийг авсан. Тэр бичиг нь Тэргүүлэгчдийн тогтоол: “Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үеийн допингийн шинжилгээ авах хариуцлага тооцох заалтын 4.1 гэсэн заалтаар допинг хэрэглэсэн нэр бүхий дөрвөн бөхийн барилдах эрхийг хас” гэсэн найман хүний гарын үсэг зурсан тамга тэмдэг байхгүй, бичгийн канондсон хувь байсан.Баяр наадмын бус үед бөхчүүд бэртэж гэмтдэг. Энэ үед эм тариа, гээд шаардлагатай бүхнийг хэрэглэдэг л дээ. Улмаар шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдээсээ холбооны удирдлагууд хэрэглэсэн эм тангийн талаар асууж тодруулж, эмчийн бичиг үзэж эрх хасах шийдвэрийг гаргаагүй.
-Таны “А” сорьцноос илрэхэд “Б” сорьцны шинжилгээнд хамрагдах талаар асуусан уу?
-“А”, “Б” сорьц гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгоод байна. Тэр өдөр шээсэн шээсийг хоёр шилэнд хувааж хийгээд хадгалдаг. “Б” сорьц зөрөх магадлал байхгүй. Тиймээс би “Б” сорьцонд хамрагдахгүй гэсэн хариугаа хэлсэн.
-Таны шинжилгээнээс ямар бодис илэрсэн юм бэ?
-Тамоксифен гэж эм уусан. Энэ нь бодисын солицоо сайжруулах метафолик ангиллын эм л дээ. 2012 оноос хойш миний гарын хурууны арьс хууларч барилдахад түвэгтэй болсон. Эмчид үзүүлэхэд бодисын солилцоо сайжруулах эм уухад эдгэрнэ гэж хэлсэн. Үүнд зориулж хэрэглэсэн.
-Энэ эмийг хориотой эмийн жагсаалтад орсныг мэдээгүй юм уу. Тамоксифен гэж эмийг хэрэглэхдээ спортын эмчээс зөвлөгөө авсан уу?
-Мэдээгүй. Гэхдээ би мэргэжлийн эмч хүмүүсээс асууж үзсэн л дээ. Энэ эмийг допингийн төрлийн бодист хамрагддаг гэдгийг огт мэдээгүй. Энэ жагсаалт жил бүр өөрчлөгдөж байдаг юм байна лээ.
-Хориотой эмийн жагсаалтыг хаанаас үзэх талаар та мэддэггүй юм уу?
-Жил бүр өөрчлөгддөг юм байна лээ. Бөхийн холбооноос наадмын өмнө л бөхийн галаар явж сургалт, семинар зохион байгуулдаг. Өөрөөр бидэнд энэ талаар мэдлэг мэдээлэл өгдөггүй.
-Та допингийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулдаг сургалтад очиж сууж байсан уу?
-Би хамрагдаж амжаагүй.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *