Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунгэрэл: АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан

Б.Оюунгэрэл зурган илэрцүүд

“ISO Mongolia” компанийн захирал Б.Оюунгэрэлтэй Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартын талаар ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн жил анх удаагаа авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартыг нэвтрүүллээ. Энэ стандартыг нэвтрүүлсний ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ. Хүмүүс авлигатай тэмцэх стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байна?

-ISO олон улсын байгууллага нь анх 1947 онд байгуулагдсан, 163 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 21800 орчим стандартыг баталж гаргасан байдаг. Дэлхий нийтэд авлигын асуудал маш хурцаар тавигдсаар байгаа. Хэдийгээр улс орон бүр авлигатай тэмцсээр байгаа ч хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй байна шүү дээ. Тиймдээ ч 2013 оноос хойш ISO-оос Авлигатай тэмцэх стандартыг гаргах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор гурван жилийн турш судалгааны ажил хийгдсэн. Дэлхийн 50 орчим улс орноос санал авч, техникийн хороодоороо хэлэлцсэний үр дүнд Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдөр баталж гаргасан. Энэ дагуу манай “ISO Mongolia” компани тус стандартыг Монголд нутагшуулах санаачилгыг гаргаж 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг үндэсний хэмжээний стандарт болгосон юм. Аль нэгэн байгууллага стандарт нэвтрүүлснээр муу үр дүнд хүрсэн түүх дэлхийд байдаггүй. Олон нийт сайн, чанартай, зөв, баталгаатай зүйлийг стандартад нийцсэн байна гэж үздэг. Маш тодорхой хэлэхэд, байгууллагууд уг стандартыг нэвтрүүлснээр авлигаас урьдчилан сэргийлж чадна. Үр дүнд нь авлига буурна гэж ойлгох хэрэгтэй юм. Рио Тинто гэх компаниуд энэ стандартыг дагаж мөрддөг. Тийм учраас ажилчид нь авлигалын асуудалд орооцолддоггүй. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

-Тэгэхээр авлигаас ангид байхыг хүссэн ямар ч байгууллага уг стандартыг нэвтрүүлж болно гэсэн үг үү?

-Манайхан авлига, авилгатай тэмцэх стандартыг төр болоод төрийн албан хаагчдад холбоотой гэж үздэг. Гэхдээ авлига бол бүхий л газарт байж байдаг. Төрийн, хувийн, төрийн бус, хувьцаат компани, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр гээд бүхий л түвшинд авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Тэгэхээр энэ стандартыг бүх л байгууллагад хэрэглэх боломжтойгоороо онцлог. Ер нь тогтолцооны стандартыг тухайн байгууллагад тохируулж хэрэглэдэг л дээ. Тухайн байгууллагын онцлог, бүтэц, үйл ажиллагаа, эрсдэл үүсэх магадлал хаана байгаа зэргийг шинжлэх нь зүйтэй. Улмаар байгууллагад нь тохируулж хэрэглэнэ. Тэгэхээр энэ авлигатай тэмцэх тогтолцооны стандартыг ямар ч байгууллагад тохируулаад хэрэглэх боломжтой. Хүмүүс хууль, стандарт хоёр юугаараа ялгаатай вэ гэж их ярьдаг. Нэг талаараа стандартыг хууль гэж томьёолдог. Нөгөө талаас хуулийг батлаад гаргасан бол түүнийг мөрдөх ёстой. Харин Стандартын тухайд заавал мөрдөх ёстой стандарт гэж бий. Энэ нь өөрөө хууль шиг. Сонгож хэрэглэх стандарт гэж бас бий. Тэр нь тухайн байгууллага өөрөө өөрийнхөө үйл явцыг дээшлүүлье, олон улсад хувьцаа гаргая, зах зээлээ нэмэгдүүлье, өрсөлдөх чадвараа дээшлүүлье, бүтээгдэхүүний чанарыг сайжруулъя ч гэдэг юм уу, энэ тохиолдолд тухайн байгууллага тогтолцооны стандартыг хэрэглэдэг.

-Уг стандартыг Монголд нэвтрүүлэхэд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газар, УИХ-аас санал авсан гэж сонссон. Энэ тухайд?

-Энэ стандартыг батлахад Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар зэрэг төрийн болон олон нийтийн нийт найман байгууллагаас санал авсан. Бүгд дэмжсэн. Үүний дараа чанарын, техникийн хорооний хурал, Стандартын үндэсний зөвлөлөөр орж үндэсний стандарт болон батлагдсан юм. Манай компани бүтэн жилийн хугацаанд энэ стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж оролцсон л доо. Олон улсын нэр томьёо нь “Anti bribery and corrup­tion” гэж батлагдсан. Хээл хахуулийн стандарт гэсэн үг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, эрүүгийн хууль, хөтөлбөрүүдэд хээл хахууль гэдэг нэр томьёо байдаггүй. Тиймдээ ч тус стандартыг батлахдаа “Авлигын эсрэг” гэж томьёолсон.

-“Хөгжлийн банк” уг стандартыг хэрэгжүүлэхээр болж байгаа гэсэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр” бидэнтэй хамтарч ажиллахаар яригдаж байсан. Гэхдээ тус үйлдвэрийн маргаантай асуудал шийдэгдээгүй байгаа учир энэ ажил эхлээгүй байгаа. Одоогоор “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Монгол” групптэй хамтарч ажиллахаар болж байна. Монголчууд энэ хоёр байгууллагыг авлигын эрсдэл өндөртэй гэж хардаг байх. Магадгүй тэгэхээс ч өөр аргагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанитай болон удирдлагуудтай нь холбоотой авлигын олон асуудал гарч, зарим хүмүүс нь тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж эхлээд байна. Гэхдээ энэ нь тухайн байгууллага үргэлж авлигатай байна гэсэн үг биш юм. Сайн манлайлал, удирдлага, зөв зохион байгуулалттай ажиллаж стандартаа мөрдөж чадвал авлигын эрсдлийг маш сайн бууруулах боломжтой. Цаашид төрийн байгууллагууд болоод хувийн хэвшил нэмэгдээд уг стандартыг нэвтрүүлээд явна байх.

-Уг стандартыг ямар, ямар орнууд нэвтрүүлсэн байдаг юм бэ. Үр дүнгээ хэр өгч байгаа бол?

-Авлигатай тэмцэх менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” стандартыг дэлхийд Сингапур, Перугийн Засгийн газар нийтийн албандаа ашиглаад эхэлсэн. Олон нийтийн байгууллагаас гэвэл “Microsoft” компани энэ оноос эхлэн тус стандартыг нэвтрүүлнэ гэдгээ ч зарласан. Стандарт бол өөрөө байнгын зөв дадал, зуршлыг өгч байж үр дүнгээ өгдөг. Тиймдээ ч гоё стандарттай боллоо гээд ханан дээрээ цаасан гэрчилгээг өлгөчихөж болохгүй. Тэгснээрээ авлигаас сална гэсэн үг биш. Харин сайн дадал, зуршил бий болгох хэрэгтэй. Өглөө найман цагт хуруугаа хийж ажилдаа бүртгүүлдэг шиг тэр дадал, зуршлаа өдөр бүр дагаж мөрдөх нь хамгийн чухал. Ингэж чадвал уг стандарт маш хурдан үр дүнгээ үзүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Авлигатай тэмцэх газраас уг стандартыг хэрхэн харж байгаа бол. Хамтран ажиллах боломж нөхцөл байдаг болов уу?

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал саяхан болсон нэгэн уулзалт дээр дээрх стандартын талаар дурссан байна лээ. Би түүний хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан. Тэрээр “Төрийн бус зарим нэг байгууллага гадны Авлигын стандарт гэх зүйлийг оруулж ирээд төрийн байгууллагад шахаж байна. Энэ байж болохгүй зүйл” гэж ярьсан байсан. Авлигатай тэмцэх газар болон Авлигатай тэмцэх газрын дарга нь авлигатай тэмцэж байгаа, тэмцэх сонирхолтой ийм хувь хүмүүс, байгууллага хамт олныг хөхиүлэн дэмжих ёстой баймаар юм. Тэр бүү хэл, Авилгатай тэмцэх газар өөрсдөө манлайлж, уг стандартыг нэвтрүүлэх ёстой. Бусдад үлгэр жишээ болох ёстой шүү дээ. Гэтэл түүний эсрэг байр суурьтай байна гэдэг байж боломгүй зүйл. Энэ нь өөрөө авлигатай тэмцэх сонирхолгүй байгааг харуулж байна гэж би үзэж байна.

– Манай улсын авлигын индекс 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ үзүүлэлт биднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой гэж хэлээд байх шиг?

-Таны хэлж буйтай санал нэг байна. Монгол Улс анх 1996 онд Авлигын эсрэг хууль баталсан байдаг. Тухайн хууль нь явсаар 2006 онд ахин шинэчлэгдэж батлагдсан юм. 2007 онд Монгол Улс Авлигатай тэмцэх газартай болсон. Энэ байгууллага 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Авлигын индексээс харахад Монгол Улс 2007, 2008 онд 102 дугаар байрт жагсаж байсан. Харин өнөөдөр 103 дугаар байрт жагсжээ. Авлигын эсрэг байгууллагатай хэдий ч бидэнд ямар ч эерэг үр дүн гараагүй байна. Урагшлах бус бид ухарсаар байна. Энэ үед Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэж болох бүхий л боломж нөхцөлийг эрэлхийлэх ёстой. Гэтэл авлигын эсрэг манлайлал үзүүлээд явж байгаа хувь хүмүүс, байгууллагуудыг албан ёсны хурал дээр үгүйсгэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Дэмждэггүй юм аа гэхэд ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг зүгээр орхих хэрэгтэй шүү дээ. Бид уг стандартыг нэвтрүүл гэж хэн нэгэнд тулгаагүй. Хэн нэгнийг аваач гэж шахаагүй. Харин Авлигатай тэмцэх газар өөрөө авлигаас ангид байхыг хүссэн, тодорхой хэмжээний алхам хийгээд үзэхээр шийдэн манлайлж байгаа байгууллагуудыг шахаж, гадуурхах гээд байна уу даа л гэж харж байна. Ер нь бол Х.Энхжаргалаас өмнөх дарга нарын үед манай авлигын индекс урагшилж, тодорхой хэмжээнд эерэг үзүүлэлт гарч байсан. Харин Х.Энхжаргал даргын үед буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарлаа. Энэ нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа ямар түвшинд явж буйг маш тодоор харуулж буй үзүүлэлт юм. Тэгэхээр АТГ илүү сайн ажиллах хэрэгтэй, цаашлаад авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой юм. Авлигаас сална гэдэг бусдыгаа манлайлж байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, бүхий л байгууллага, хамт олон авлигатай тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Авлигатай тэмцэх ажлын 90 хувь нь урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх явдал байдаг. Гэтэл өнөөдөр бид урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж чадахгүй хэвээр байна. Манайхан авлига авсных нь дараа л авлаа гэж ярьдаг шүү дээ. Уг нь бидэнд Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газар, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг авлигатай тэмцэх дэд бүтэц бий. Хэдий сайн дэд бүтэцтэй ч зөв менежмент хийж чадахгүй бол сайн үр дагавар, сайн хөгжилд хүрнэ гэдэг боломжгүй.

Э.БОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *