Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаатай ярилцлаа.
-Таны судалгаанууд олон улсын анхаарлыг татаж байна. Монгол үнээний сүүг Америкийн эрчимжсэн фермерүүдийн үнээний сүүтэй харилцуулан судалжээ. Уг судалгаанаас улбаалаад АНУ хүнсний хуульдаа өөрчлөлт оруулах боллоо гэсэн мэдээлэл яваад байна?
-Органик Монгол үнээний сүүг АНУ-ын эрчимжсэн үнээний фермүүдийн сүүтэй харьцуулж судалсан. Үр дүнд нь эрчимжсэн үнээний фермүүдийн сүүнд гормоны түвшин өндөр байдгийг тогтоосон. Энэ нь хавдрын эрсдэлтэй. Үүн дээр үндэслээд АНУ-ын Конгресс хуулийн өөрчлөлт хийх гэж байна.
-Манайхан үнээний сүү элдэв халдвар үүсгэгчтэй, бруцеллёз гэх мэт өвчин халдаах магадлалтай гэж үзээд үйлдвэрийн савлагаатай, өндөр хэмд ариутгасан гэх сүү сонгоод байдаг тал бий шүү?
-Сүүг өндөр хэмд ариутгаж хэрэглэх нь зөв . Монгол сүү гормоны түвшин бага боловч халдварт өвчний халдвар үүсгэгчтэй, бруцеллёз, сүрьеэгийн савханцар агуулсан байх магадлалтай.
-Мөн таны Монголд хийж байгаа “Хүүхдийн сүрьеэгээс сэргийлэх чиглэл”-ийн судалгаа ДЭМБ-ын зөвлөмжид хүртэл нөлөөлсөн байна. Энэ талаар сонирхуулбал?
-Харвардын их сургууль, тус сургуулийн Монгол дахь судалгаа шинжилгээний нэгж байгууллага MHI, АШУҮИС болон ДЭМБ-ын хамтарсан судалгаа Монголд хийгдэж байна. Улаанбаатар хотын 8-12 насны 9800 хүүхэд судалгаанд хамрагдсан. Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх орчин үеийн аргыг анх Монголд нэвтрүүлж үзсэн. Хотын захын сургуулиудад сүрьеэгийн далд халдвар 20 орчим хувь, хотын төвд тав орчим хувь, дундаж нь 10 хувь байсан. Хамгийн сэтгэл түгшээсэн асуудал нь судалгаанд хамрагдсан хүүхдээс 150 орчим нь сүрьеэгээр өвчилсөн байсан. Үүнээс үзэхэд хүүхдийн сүрьеэ өвчин 100 мянгад 1400 тохиолдож байна гэж хэлж болно. Ийм өндөр үзүүлэлттэй улс дэлхийд байхгүй.
Энэ асуудлыг бид Харвард болон ДЭМБ-д тавьж, өвчлөл их, ядуу орнуудад одоогоор зөвхөн баян чинээлэг орнуудад хийгдэж буй сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээг нэвтрүүлэх лоббиг хийсэн.
Монголд хийж буй судалгаа нөлөөлсөн. Тодорхой хэмжээнд үр дүн гарч ДЭМБ өнгөрсөн сард удирдамжаа өөрчиллөө. Одоогоор ХӨСҮТ, ДЭМБ хамтраад Монголд энэ эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ эмчилгээний эмийг үйлдвэрлэгч Францын “Sanofi” компани мөн тусалъя гэсэн.
-Яг ямар учиртай эмчилгээ, эмийг Монголд нэвтрүүлэх гэж байгаа юм?
-Анх АНУ-д хийсэн Bethel судалгаанд Аляскийн хүн амыг хамруулсан байдаг. 1958- 1964 онуудад хийгдсэн энэ судалгаагаар INH, “Placebo” эмийг 12 сарын турш 3047, 3017 хүнтэй хоёр группт өдөр бүр уулгасан. Үр дүнд сүрьеэгийн тохиолдлыг 60 хувиар бууруулсан гэдэг.
Далд сүрьеэг эмчлэх шинэ эмчилгээ, шинэ эм “Priftin” буюу “Rifapentine”-г АНУ-д бүртгүүлэхэд PREVENT TB гэдэг судалгааг хийсэн нь том ажил болсон л доо. Энэхүү судалгаан дээр үндэслэн 12 удаагийн Priftin-INH хослол нь есөн сарын INH горимын оронд хэрэглэж болно гэж үзсэн. Энэ бол сүрьеэгийн түүхэнд гарсан том хувьсгал юм. Мөн ДЭМБ далд сүрьеэгийн менежментийн удирдамжийн 2014, 2018 оны хувилбарууд нь 12 удаагийн Priftin-INH хослолын горимыг зөвлөмж болгосон. Энийг л бид Монголд нэвтрүүлэх юм.
-Таны судалгаагаар монголчуудын 99 хувь нь D амин дэмийн дутагдалтай гэж гарсан. Үндэстнээрээ ингэж D-гийн дутагдалд орох нь ямар аюултай вэ?
-D аминдэм дархлааны системийг дэмжигч хамгийн чухал амин дэм. Энэ аминдэмийн дутагдал нь ханиад томуунаас эхлээд хавдрын өвчлөлөөр өвдөхөд нөлөөлдөг гэж ойлгож болно.
-D амин дэмийг тариулах нь хэр зохимжтой вэ. Наранд биеэ шарахад D амин дэм авдаг гэж л мэдэхээс бусад аргыг монголчууд төдийлөн мэддэггүй?
-Манай судалгаагаар Монгол орны 21 аймагт жилийн 12 сарын аль сард нь илүү их D амин дэм нийлгэждэгийг тогтоосон. Судалгаагаар дөрөв, тавдугаар саруудад л D амин дэм нийлэгждэг нь тогтоогдсон. Гэтэл уг саруудад хувцсаа тайлж нарны туяанд биеэ шарах боломжгүй байдаг шүү дээ. Монголд зуны саруудад нарны туяа D амин дэм нийлэгжүүлдэггүй, өөр туяаны долгионтой байдаг.
-Таны үүсгэн байгуулсан Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны нэгж болох “Монголын Эрүүл мэндийн үүсгэл” (МHI) байгууллагын ажил хэр явж байгаа вэ. Уг байгууллага Харвардын судалгаа шинжилгээний стандартад тэнцсэн ажлуудын стандартыг Монголд нутагшуулдаг байх аа?
-Манай байгууллага Харвардын нийт 20 гаран судалгааг Монголд хийгээд байна.
Томоохон нь гэвэл, MHI, АШУҮИС, ДЭМБ-ын хамтарсан дээр дурдсан судалгаа байна. Мөн Харвардын Анагаахын сургуулийн багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг Монголд оруулж ирж 100 багшийг сургаж байна.
Харвардад 2016 онд Монголын Хүнс баяжуулалтын чиглэлээр өндөр түвшний хурал зохион байгуулсан юм. Үр дүнд нь Хүнс баяжуулах хууль УИХ-ын гишүүдээр өргөн баригдаад одоо хэлэлцэгдэж байна. Өнөө жил Монголын сүрьеэгийн өвчлөлийн асуудлаар өндөр түвшний хурал Харвардад зохион байгуулна.
Энэ сарын 24-нд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохионо.
Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг “Сүрьеэг устгая. Түүхийг бүтээ. Та манлайлагч бол” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Дэлхийн II дайны дараа Япон улсад сүрьеэг устгахад Хааны гэр бүл нь, харин Тайваньд тэргүүн хатагтай нь оройлж, төрийн бус байгууллагууд нь удирдаж хүчтэй тэмцэж энэ аюулт өвчнийг дарж байсан түүхтэй. Сүрьеэг устгахад иргэдийн оролцоо их чухал байдаг. Төр дангаараа сүрьеэг дийлсэн түүх байхгүй. БНХАУ-ын тэргүүн хатагтай одоо “Сүрьеэгийн эсрэг элч”-ээр ажиллаж байна. Хамгийн сүүлд Өмнөд Солонгос сүрьеэтэй тэмцэж үр дүн гаргахад төрийн бус байгууллагууд нь онц чухал үүрэг гүйцэтгэсэн.
Сүрьеэтэй тэмцэхэд шинэ арга, оношлогоо, эмчилгээг төр, төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж нэвтрүүлж ялдаг. Тэрийг л Монголд хэрэгжүүлэх гэж янз бүрийн бэрхшээлийг туулж байна даа. Монголд сүрьеэг устгахад манлайлах улс төрчид, иргэд, залуучууд маш их хэрэгтэй байна.