Мах шулах, ангилах чиглэлийн мэргэжлийн уралдаан 1990-ээд оноос өмнө цэцэглэн хөгжин мах бэлтгэх үйлдвэрүүдийн дунд жил бүр уламжлал болон зохиогддог байж. Тэгвэл энэ уламжлал 2014 оноос дахин үргэлжилж өдгөө Монголын махны холбоо болон Хүнсчдийн холбоо хамтран дөрөв дэх жилдээ мах шулах, ангилах уралдааныг хийлээ. Тус уралдаан өнөөдөр Технологийн дээд сургуулийн дэргэдэх “Ханбрэнд” ХХК-ийн үйлдвэрт болсон юм. Энэ удаагийн уралдаанд Мах маркет, Траст трэйд, Монгол фүүд, Хатан сүйх тэргүүтэй мах боловсруулах үйлдвэрүүд оролцож өөрсдийн шилдэг мах бэлтгэгчидээ өрсөлдүүллээ.
-МАХ БЭЛТГЭГЧДИЙН ЧАДВАР ЖИЛЭЭС ЖИЛД САЙЖИРЧ БАЙНА-
Мах шулах, ангилах уралдаан болсноор тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудад туршлага болдог гэдгийг Технологийн дээд сургуулийн багш нар онцолж байв. Өдгөө технологийн дээд сургуульд 80 гаруй оюутан мах бэлтгэх чиглэлээр суралцаж байгаа бол Политехникийн коллежид 40 орчим мэргэжилтэн боловсорч байгаа аж. Энэ мэргэжлээр ажлын эрэлт хэрэгцээ их ч боловсон хүчин бага байгааг тэмцээнийг зохион байгууулагчид онцолж байв. Сүүлийн жилүүдэд энэхүү мэргэжлийн эрэлтээс улбаалан элсэн сурагчдын тоо жилээс жилд өсч байгааг тус тэмцээний шүүгч, ШУТИС-ийн үйлдвэрлэл технологийн багш, дэд профессор Б.Мягмарсүрэн хэллээ. Тэрээр “Энэхүү тэмцээнд оролцож буй мэргэжлийн мах бэлтгэгчид махнаасаа гарах ёстой гарцаа гаргаж чадаж байна уу гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Мөн бэлтгэсэн махаа зөв сортлох нь чухал. Мэргэжлийн ур чадвар болон хөдөлмөрийн багаж хэрэгсэлтэйгээ хэрхэн харьцах шүүлтийн нэг хэсэг болдог. Хамгийн чухал нь хөдөлмөрийн багаж хэрэгсэлтэйгээ зөв харьцах. Мөн түргэн шуурхай хугацаанд мах бэлтгэх хэрэгтэй. Гүйцэтгэлийн чанар чухал” гэлээ.