Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт: Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа

Швейцарын Холбооны Улсын Прокурорын байгууллагаас С.Баярцогтын дансыг царцааснаа мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан өчигдөр АН-аас мэдэгдэл хийж, С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн билээ. Харин өнөөдөр С.Баярцогт уг асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ройтерс агентлагаар гарсан мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн.

Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байна. Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна.

Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийг хийсэн хүмүүсийг авлига хээл хахууль авсан гэх асуудлыг олон жил ярьж байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно.

70 жил хэрэгжих төсөл учраас хамтрагчтайгаа өөрийн эрхгүй муудалцах зүйл их гардаг. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлт дээр долоон жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар гэсэн заалт оруулсан. Одоо 2018 онд талууд хэлэлцээрийг хийж байна.

Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлсөн байдаг. Засгийн газар одоо хөрөнгө оруулалтын зээлийн хүүгийн асуудлаар хэлэлцээр хийж байгаа. Үе үеийн Засгийн газар Оюутолгойн чиглэлд ажилладаг. Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Хувь хүнд их мөнгө хэрэг байдаггүй. Надад гэр бүлээ аваад явах оюуны чадамж болон санхүүгийн бүрэн боломж байгаа.

Би ганцхан жишээ хэлье. Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа ОХУ-д манайхаас авалтай гэдгээ олон улсад зарлаж байсан. Энэ мэт үзэгдлийг бид бодолцох хэрэгтэй. Бид хоёр том хөрштэй.Аливаа улс эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байгаа. Манайх ч ийм үзэл баримтлалтай. Оюутолгойн гэрээ бол гуравдагч хөрш орны хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Маш их ажлын байр, хөрөнгө оруулалт, ноу-хау, соёлыг дагуулж ирсэн.

Тийм учраас Оюутолгойн гэрээг хүчингүй болгоод, өөр тоглогч оруулж ирэх сонирхол хэнд байж болох вэ. Бид эвтэй байж, энэ асуудлыг шийдэж чадна. Эх оронч байна гэдэг бусад улстай найрсгаар зэрэгцэн оршихыг хэлж байгаа. Үүнд бид хувьд нэмрээ оруулах ёстой. Би энэ дагуу л ажиллаж, Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Би залуудаа улс төрд орж ирсэн учраас эхэндээ намайг эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг хийснээс хойш асар их асуудал намайг тойрох болсон.

Би өөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг монголын төрийн төлөө зохицуулж байсан. Чингисийн хөргийг Сүхбаатарын талбайд байрлуулах, Оюутолгойн гэрээг зурах үед үнэндээ миний дэргэд улс төрчид байгаагүй юм шүү. Ройтерс агентлаг дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллага. Гэвч мэдээлэл дотор хэт субьектив дүгнэлт орсон байсан Одоо үүнийг ялгаж салгаж яримаар байна.

Миний бие 2006 онд таягтай, эрүүл мэндийн асуудалтай байсан. Тэр үед би улс төрд байж бол өөр юу хийж чадах вэ гэж бодож байгаад дэлхийн зах зээл дээр тоглох шийдвэр гаргаж байсан. Би маш олон төслүүдийг санаачилж, цаас барьж явсаар том тэтгэлгүүдийг авч сурсан түүхтэй хүн. Энэ аргачлалаараа би монголын нэр бүхий бизнесмэнээс зээл авч, Швейцарь 5.2 сая ам.доллар байршуулж байсан.

Одоо надад Швейцарьт ямар ч данс байхгүй. Саяхан царцаасан данс бол надтай хамт бизнес хийж байсан Монгол хүний өмч. Тиймээс шалгалт дуусахаар энэ хүнд мөнгийг нь эргүүлж өгөх байх” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *