Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар зарлагдаж буй МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгчид оролцохгүй байхыг нийт бөхчүүддээ уриалж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлд Р.Нямдоржийн бүрэн эрхийн хугацаа дууссан байхад тамга тэмдэг ашиглаж байгаа талаар ярилаа.

Бүрэн эрх нь аль хэдийнээ дуусгавар болсон Р.Нямдорж гэгч Монголын үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж дураар авирлан ирсэн бөгөөд эдүгээ Монголын үндэсний бөхийн Их Эеийг хууль бусаар зарлаж монголын бөхчүүдийг талцуулж, хагаралдуулж ирсэн бусармаг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр улайран зүтгэж байгааг буруушааж өнөөдөр хэвлэлийн хурал хийжээ.

Р.Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж байна. Мөн нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан эзэмшлийг хувийн байгууллага болгон хувиргаж байгааг МҮБХ-ны Их Эеийг хууль бусаар зарлаж буй явдлаас харж болох нь.

Хурлын үеэр Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар ярихдаа “Р.Нямдоржийн тэргүүлсэн Үндэсний бөхийн холбоо энэ сарын 24-нд ээлжит Их Эе хуралдуулна гэж байна. Яг үнэндээ энэ бөхийн холбоо ямар ч хурал хийх эрхзүйн чадамжгүйг гурван шатны шүүхээс тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тамга тэмдгийг нь хурааж авах үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед тэд хууль бус хурал зарлаж, бөхчүүдийн барилдах эрхийг хасч байна гэх зэргээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь хууль бус юм. Монголын үндэсний бөхийн холбоо нэг л тэргүүнтэй. Тэр нь Л.Чинбат гэдгийг хэлмээр байна. Бид Нямдоржид хүндэтгэлтэй хандаж байгаа учраас тамга тэмдгээ хүчээр авч чадахгүй өдийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээж өдийг хүрсэн. 2011 оны Дээд шүүхийн шийдвэрээр яг одоо хуралдаж байгаа тэргүүлэгчид, цэцдийн зөвлөл хүчингүй болчихсон. Тэгэхээр хүчингүй болсон хугацаанд гаргасан бүх шийдвэрүүд хүчингүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл дөрвөн бөхийн эрхийг хоёр жилээр хасах хууль зүйн үндэслэл Ц.Нямдоржийн тэргүүлж байгаа Монголын үндэсний бөхийн холбоонд байхгүй.” гэв.

Шүүхийн гурван шийдвэр :

а/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2017.12.13-ны өдрийн 101/Ш32017/21235 дугаар бүхий “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй өнөөг хүрчээ. Уг захирамжинд “Тус шүүхийн 2011.7.4-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлсүгэй” гэсэн байна.

б/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.14-ний өдрийн 101/Ш32018/04928 дугаар шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхгүй байна. Уг захирамжид “Хариуцагч Р.Нямдоржид нэхэмжлэгч МҮБХ ТББ-ын улсын бүртгэлийг гэрчилгээ болон тамга тэмдгийг ашиглахгүй байхыг даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэсэн байна.

в/ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2018.03.20-нй өдрийн 101/Ш32018/0525 дугаар бүхий “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж гаржээ. Уг захирамжинд “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017.06.22-ний өдрийн хурлын Их Эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцах МҮБХ-д даалгасугай” гэсэн байна

Энэ бүхнээс үзэхэд Р.Нямдорж, түүнийг тойрон хүрээлэгчдийн хуралдуулахаар улайран зүтгэж буй МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгч нь хууль бус болох нь батлагдаж байгаа юм байна.

Монгол улсын шүүхээс МҮБХ-ны тэргүүний талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийвдэрийг албадан гүйцэтгүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ үед МҮБХ-ны тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглахгүй байхыг шүүхээс даалгасан. МҮБХ-ны нэр барьж 2018.03.24-нд хууль бусаар хуралдуулахаар зарласан Их Эеийг хуралдахыг нь хориглосон Шүүхийн захирамж тухайлан гаргачихаад байгаа билээ. Иймд МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгчийг хуралдуулах нь хууль бус бөгөөд утга учиргүй зүйл юм.

Тиймээс хууль бусаар зарлагдаж буй МҮБХ-ны наймдугаар Их Эе гэгчид очихгүй, оролцохгүй байхыг нийт бөхчүүддээ уриаллаа.

Г.МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *