Categories
мэдээ нийгэм

Говийн их “Б” дархан цаазат газар ба тахийг хамгаалахын учир

Дэлхийд ховор зэрлэг адуу тахийг илүү олон болгож, хамгаалахын тулд бид яах ёстой вэ. 1992 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голд Монгол Улсын Засгийн газар, Герман Улсын иргэн Христиан Освальдын сантай хамтран анхны таван тахийг Украин Улсын Асканиновагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэн авчирч сэргээн нутагшуулснаар Монголд тахь дахин нутаглаж эхэлсэн түүхтэй. Өдгөө Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсэгт 130 орчим толгой, мөн Хустайн нуруу, Хомын талд 400 гаруй тооны тахь идээшиж буй. Энэ тоог улам олон болгох, сүргийн бүтцийг алдагдуулахгүй хамгаалахад хамгийн чухал зүйл нь өргөн дэлгэр газар нутаг.Хэдийгээр тахийг хамгаалахын төлөө дархан цаазат болон хамгийн таатай байж болох бүс нутагт нь байршуулж байгаа ч өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай бус болоод байгааг судлаач, холбогдох албаныхан онцолж байна. Жил ирэх тусам тоо толгой нь өсөж байгаа тахийн сүрэгт өдгөө хамгаалалтад авснаас илүү өргөн цэлгэр тал хэрэгтэй байгаа нь тэдний бэлчээр, сүргээрээ идээшилж байгаа байдлаас тодорхой харагдаж байгаа аж. Гэвч нөгөө талаас жил ирэх тусам малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтэрч, мал бэлчээрлэж болох газар бүрт малчид оторлож, олонх нь тухайн газартаа суурьших болсон. Энэ нь малд таатай ч тахь тэргүүтэй зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлж, бэлчээр газар нутгийг нь хумьж, идэш хоол, тэжээлийг нь булааж, зарим амьтан устаж үгүй болох, Орос, Хятадын нутаг руу дайжих нэгэн шалтгаан болоод байгаа юм. Үүнээс хамгаалах хамгийн зохимжтой нэг арга нь тахь нутаглаж, идээшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтад авсан газрын хэмжээг өргөтгөх юм. Бусад зэрлэг амьтныг бодвол илүү өргөн дэлгэр, зэлүүд, суурин газраас алслагдмал хээр талаар “гэр” хийдэг тахийн сэлгэц нутаг, бэлчээрийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийгөргөтгөх нь дэлхийд ховор тахийн үржил, тоо толгойг хамгаалах хамгийн том хувь нэмэр гэдгийг судлаачид хэлж буй. Ингэхгүйгээр ганцхан тахь ч биш тухайн бүс дэх нэн ховор хийгээд ховор амьтан, ургамлыг хамгаалж чадахгүй. Учир нь зэрлэг амьтан хэзээ ч суурин иргэншил, тэжээмэл мал, амьтантай ойр бэлчээрлэж, нутаглахгүй билээ. Ийм тохиолдол ганц нэг удаа таарч болох ч удмын санд аюултай, устаж үгүй болох эрсдэл их юм. Харин тус газрын хамгаалалтыг өргөтгөснөөр үндэсний болон олон улсын холбогдох гэрээ конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхээс дэлхийд ховордсон нэн ховор, ховор амьтан, ургамлын төрөл зүйлийг хадгалан хамгаалах өндөр ач холбогдолтой.

ТАХИЙГ ЯМАР УЧРААС ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ

Тахь нь өнөөдрийн тэжээмэл морьдын өвөг эцэг юм. Гэсэн хэдий ч энэ төрөл зүйл нь хэзээ ч гэршээгүй ба ийм ч учраас дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм.Оросын судлаач Николай Прежевальский 1879 онд Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахийг анх олж илрүүлжээ. Ингээд Прежевальскийн адуу гэж нэрлэгдэх болсон. Прежевальскийн адуу нь барууны эрдэм шинжилгээний ажилтнуудад зэрлэг адууны танихгүй төрөл байжээ. Мэдээж Монголын нүүдэлчин ард түмэн хэдэн зууны туршаас тахийг мэддэг байсан нь тодорхой ба Францын агуйн сүг зурагнаас дүгнэж үзвэл европчууд тахийг эсвэл түүний ойролцоо үеэлийг 20.000 жилийн өмнөөс мэддэг байжээ.Барууныханд танигдаж эхэлснээсээ хойш тахь нь агнуурын нэгэн бай болж эхэлсэн энэ нь 1960-аад оноос түүний устах шалтгаан нь болжээ. Тэр ч байтугай Европын амьтны хүрээлэнгүүдэд дөнгөж 14 тахь үлдсэн тухай баримт бий. Улмаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар тахийг үржүүлэх, төрөлх нутаг Монголд нь нутагшуулах тухай яригдах болсон байна. Ийнхүү уг ажил цөөнгүй жилийн дараахэрэгжиж, Монголд тахийг сэргээн нутагшуулаад 26 жил болж байгаа билээ. Гэхдээ туурайтан хөхтөн амьтдыг байгальд сэргээн нутагшуулах ажил тэр бүр амжилттай хийгдэж байгаагүй бөгөөд тахь адууг Монгол орны хатуу ширүүн уур амьсгалтай эх нутагт нь амжилттай сэргээн нутагшуулсан нь зэрлэг амьтдын түүхэнд чухлаар тэмдэглэгдэх амжилт юм. Өөрөөр хэлбэл, устаж үгүй болохын даваан дээрээс аврагдсан тахийн амьдрах, өсөж үржих, зэрлэг адуу чигээрээ үлдэх сүүлчийн боломжуудын нэг нь Монголын тал нутаг юм. Иймд түүний тоо толгойг өсгөх, зэрлэг хэвээр нь хадгалан үлдээх, хамгаалах үүрэг биднийх юм. Тахь гаршуулсан орчинд төрж, өсөхдөө байгалийн нөхцөлд амьдрахад нэн шаардлагатай өвс ургамлыг сонгон идээшлэх, хоорондоо ойлголцох дуу авиа гаргах, аюулаас зугатаах хурд хүч, түүнийг сөрөх зэрлэг догшин зан төрхийг бүрэн эзэмшсэн байдаг бол хүйтэн жавар, салхи шуурганд тэсвэргүй, хачигаар дамжин халдварладаг цусны паразитийн өвчний дархлаагүй, улирлын орооны мөчлөг нь алдагдсан зэрэг дутагдал ажиглагддаг. Тэднийг байгалийн нөхцөлд суллан тавьсанаас хойш цаг хугацаа өнгөрөх тусам зэрлэг зан төрх, авир нь бүрэн сэргэж ихэнхи гүү 5,6 дугаар сард унагалж, идээшил нутаг нь томорч, усанд ирэх хугацааны дамтамж нь холдох зэргээр зэрлэг амьтных нь төрөлх зан чанар, ген илэрсээр байгаа аж. Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсэг болдэлхийд хамгийн сүүлд үлдсэн зэрлэг адууны нэг болох тахийн түүхэн тархац нутгийн цөмамьдрах орчин байсан бөгөөд зэрлэг адууг эх нутагт нь нутагшуулах, амьдрах орчныг өргөтгөх, нүүдэллэх, өсч үржих нөхцлийг хангахад чухал үүрэгтэй бүс нутаг юм.

ТАХЬТАЙ ХАМТ ДЭЛХИЙД НЭН ХОВОР УРГАМАЛ, АМЬТНЫГ ДАВХАР ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ

Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож буй тахь, хулан, хар сүүлтий, янгир ямаа болон цоохор ирвэс зэрэг амьтад, хойлог, ахууна, хахилаг, ёл, идлэг шонхор, бүргэд, ятуу зэрэг олон зүйлийн ховор шувуудын амьдрахад хамгийн таатай буюу харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн амьдрах орчныг хамгаалах, улмаар тухайн зүйлүүдийг хамгаалж буй гол бүс нь Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийн газар нутаг юм. Харьцангуйгаар нөлөөлөлд бага өртсөн газар нутаг гэдэг нь тухайн амьтан, зүйл, төрлийн амьдарч болох хамгийн сүүлчийн таатай орчин байдаг. Өвлийн улиралд энэ бүс нутагт хулан, тахь, хар сүүлтий зэрэг шүхэр зүйлийн амьтад тархан байршдаг бөгөөд ялангуяа 2009-2010 оны зудын үеэр дээрх амьтад энэ газар нутагт өвөлжиж мэнд үлдсэн, зудын нөлөөнд бага өртдөг гэдгээрээ амьтдын амьдрахад таатай нутаг гэж болох аж. Тиймээс энэ газар нутгийг нүдний цөцгий мэт хамгаалах нь Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, холбогдох газруудын нэн тэргүүний үүрэг. Түүнчлэн тус Зүүнгарын говийн тойрогт Төв Азийн хуурай гандуу бүс нутгийн модлог ургамлын цорын ганц төлөөлөгч, тархац нутаг нь жилээс жилд багасч буй тооройн мод Баян-Овоо, Элэгний ус, Ёлхоны хоолойд 2500-аад ширхэг тархсан байдаг. Үүний зэрэгцээгээр нөөц нь улам бүр багассаар байгаа заган ойг хамгаалахад чухал үүрэгтэй газар бөгөөд эдгээр ховор ургамлыг хамгаалсанаар цөлийн экосистемийг хамгаалах, улмаар бүс нутгийн хэмжээнд цөлжилтийг сааруулахад онцгой ач холбогдолтой газар юм. Мөн Хөвчийн нуруу нь Тахилт, Богд, Урт, Дэлгэр, Хацавч зэрэг гол горхины урсац бүрэлдэх эх байгаа нь тус газар нутгийг хамгаалах шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм. Бугат сумын нутагт Улиастайнхөндийд байрлах “Хөдөө хөшөө” нь XIII зууны үеийн баатрын чулуун хөшөө, Цагаан голын Хүрэн тэвхэд байрлах буган хөшөө, Хүннүгийн үеийн хиргисүүр, 500 хонь, гэр багтах агуй, Тоодог ус, Хайрхан булаг, Хөвчийн Ширтийн агуйтад эртний галавын үеийн далайн амьтан, ургамлын чулуужсан үлдэц, Хүрэн дүүрэгийнБарагшин сүм, эртний сүг зураг, тусгай будгаар хийсэн нисэж буй хүний дүрс зэрэг нээгдэж судлагдаагүй үзвэрүүд бүхий газар олон байдаг. Энэ мэтээр Говийн “Б” хэсэгт зайлшгүй, цаг алдалгүй анхаарч, хамгаалах зүйл олон бий. Энэ нь Говийн их Дархан цаазат газрын “Б” хэсгийг өргөтгөх зайлшгүй шаардлага яах аргагүй мөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *