Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээний эхний 3 өдрийн барилдааны дараа 71 дэх Их аварга Какүрюү тэргүүтэй 7 бөх унаагүй Хару башёг тэргүүлж байна.
Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж байгаа 5 бөхөөс Их аварга Какүрюү М.Ананд, Ичиножёо А.Ичинноров нар гурван даваатай бол Тамаваши Б.Мөнх-Оргил 2 даваа 1 унаатай байна. Харин Араваши Э.Дөлгөөн, Чисошима Г.Мөнхсайхан нар 3 дараалан унажээ.
Дашрамд сонирхуулахад, Японы мэргэжлийн сумод өдгөө 22 монгол бөх барилдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнээс Монгол Улсын Даян аварга, олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъян аваргын зээнцэр, Улсын харцага Г.Батбаярын хүү Б.Анхбаяр Жонидан зиндаанд барилдсан. Эхний тэмцээндээ 4 давж, 3 унасан байна. Тэр удахгүй цахиур хагалах нь дамжиггүй. Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү буюу 68 дахь Их аварга Асашёорюү Дагвадоржийн авга дүү С.Бямбасүрэн хамгийн доод зиндаа болох Жонокүчид хүч сорьж анхны даваагаа авсан. Энэ хоёр хүү манай сумо сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.