Categories
мэдээ нийгэм

117 дугаар цэцэрлэгийн барилгыг Японы хөрөнгө оруулалтаар засварлахаар болов

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав.

2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм. “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ландфилл технологийн дагуу хог хаягдлыг хөрсөөр хучин дарж булах үйл ажиллагааг явуулж байна. Мөн тухайн бүсийн хашаанд нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн аюултай хог хаягдлыг устгах “Элемент” ХХК давхар үйл ажиллагаа явуулж буй юм. 2009 онд Улаанбаатар хотод хоногт 1,500 тонн хог хаягдал гардаг байсан бол өнөөдөр гурав дахин өсч, хоногт 3,500 тонн хог хаягдал гарч байна. Нийслэлийн хог хаягдлын 60 хувийг Нарангийн энгэрийн хогийн цэгт авчран булж буй юм. Өнөөдрийн байдлаар ландфилл технологийн дагуу хог хаягдлийг 7 үе булсан бөгөөд 2020 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Мөн уг арга хэмжээний дараа дүүргийн 7 дугаар хороонд байрлах 117 дугаар цэцэрлэг дээр сайд Д.Сумъяабазар болон Элчин сайд Масато Такаока нар очсон юм. Тус цэцэрлэгт Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийхээр болжээ. Энэ талаар сайд Д.Сумъяабазар “Нийслэл хотын томоохон цэцэрлэгийн нэг болох 800 хүүхдийн багтаамжтай 117 дугаар цэцэрлэгт сурч хүмүүждэг хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцлийг бүрдүүлж байгаад талархаж байна.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 2018 онд Гүнжийн нуурны дэргэд нэг цэцэрлэг баригдахаар энэ хавраас бүтээн байгууллатын ажил эхэлнэ.Мөн нуурын наад талд 150 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байгаа. Ер нь зөвхөн тойрогтоо гэлтгүй дүүргийн хэмжээнд Япон зэрэг орнуудын тусламжаар цэцэрлэг сургууль барих, засварлах чиглэлээр ажиллаж байгаа” гэлээ.Мөн тэрбээр өнгөрсөн онд санаачлан Японы Жудогийн Найрамдал нийгэмлэг болон улс болон тус улсын ТББ-ууд, СХД-ийн ЗДТГ, ИТХ-ын дэмжлэгтэйгээр “MJ- бөхийн клуб” спорт цогцолборыг байгуулсан билээ. Тэгвэл энэ онд Баянхошуу бүсийн хүүхэд залуусыг спортоор хичээлэх боломж нөхцлөөр хангах үүднээс газрын асуудлыг дүүргээс шийдвэрлүүлж, 400 орчим сая төгрөгийн хөрөнгөөр спорт комплекс байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.
117 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг эхлүүлэх албан ёсны арга хэмжээний хүрээнд гэрээг үзэглэх ёслол болсон юм. Гэрээг Элчин сайд Масато Такаока болон дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *