Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын ардын жүжигчин Аюурзанын Долгор: “Бодлын цагаан хун” надад даль жигүүрийг хайрласан дуу

Гэрэл зургуугийг Ц.Мягмарсүрэн

Ардын жүжигчин А.Долгортой ярилцлаа.


-Гал цогтой Кармен бүсгүйн дүрээр тайзнаа дуулж байгаагаар тань төсөөлдөг юм?

-“Кармен” дуурьт би 1988 оноос 2010-аад он хүртэл дуулсан шүү.

-Кармен бүсгүй даашинзныхаа хормойг угалзруулан тоглож шиддэг хэсэг нь сэтгэл хөдөлгөдөг юм?

-Ширээн дээр гараад бүжиглэдэг шүү дээ. Ер нь бол би өөрийгөө их эвдсэн. Би ази хүн. Нөгөөтэйгүүр миний ааш зан Карменаас огт өөр. Цогтой, золбоотой, эрч хүчтэй, халуун цустай испани цыган бүсгүй. Би сүүл рүүгээ л арай дээрдсэн шүү, нээрээ. Дуурийн гол ололттой тал нь тоглолтоос тоглолтын хооронд сайжирдаг. Нас минь яваад туршлага суугаад, тоглолтоос тоглолтод туршлагаждаг. Гэхдээ л “За энэ Кармен янзын боллоо доо” гэх тохиолдол ховор оо. Яагаад гэвэл өөрийгөө дандаа л өөлж, голж байдаг. Сүүлийн тоглолтуудад 80, 70 хувь нь гайгүй болчихсон юм шиг санагдаад байдаг болсон. Эхлээд бол 30 хувь нь л гайгүй байлаа, ер нь олигтой болсонгүй дээ гэж чамладаг байлаа. Манай Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Д.Баадайжав гуай нар их сайхан дуулсан. Нэг нот дуулаад байгаа ч зан характер нь яагаад ч өөр байдаг юм. Мэдээж нэг найруулагчийн тавилтаар тавигддаг ч тэр чинь хүн хүн өөр болохоор гал цогтой гаргалаа, гаргалаа гэхэд бас л тийм болдог байхгүй юу.

-Та голдуу дээл өмсдөг. Гоё ч зохидог. Дээл өмсвөл ийм гоё харагдах нь ээ гэсэн мэдрэмж өгдөг юм?

-Нэвтрүүлэг, ярилцлага, ток шоунд голдуу дээл өмсдөг л дөө. Харин тайзан дээр сиси, дэрвэгэр даашинз өмсдөг. Монгол дээл зохидоггүй монгол хүн гэж байдаггүй юм, яаж ч бодсон. Монгол дээл өмсчихөөр маш гоё харагддаг. Дээл өмсчихсөн хүн харагдвал ямар нэгэн баярт оролцох гэж байгаа юм байна гэж харагддаг. Дээлний өгөгдөл нь цаанаасаа гоё, баяр баясгалан, заяагдсан хувцас болохоор монгол хүнд сайхан зохидог. Ерөөсөө хүний өөг засаад явчихдаг шүү дээ. Костюмтэй энгийн л харагдаж байсан залуучууд дээл өмсөхөөр л тэвхийгээд янзын болоод ирдэг.

-“Бодлын цагаан хун”, “Эр хүн”, “Аргалд явсан ээж” гээд таны дуулсан дуунуудыг нэрлэхэд шүлэг нь цээжнээ хэлхэгдэж, ая нь чихэнд сонсогддог. Ингэж л ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээл болжээ?

-“Бодлын цагаан хун” дуу бол 1990 оны “Морин хуур” наадамд түрүүлсэн бүтээл л дээ. Надад даль жигүүрийг хайрласан дуу л даа. Намайг олны танил болгосон.

Энэ дуунаас улбаалж би хун цуглуулдаг болсон. “Бодлын цагаан хун” дууны шүлгийг яруу найрагч Д.Амгалан бичсэн. Тэрбээр надад анх хунгийн сувинер бэлэглэсэн. Тэгээд л хун цуглуулах болсон. Найз нөхөд, хамт олон минь хун дурсгаж гавьяат, ардын жүжигчний найран дээр ч хун дурсгацгаасан. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаар ч хун бэлэглэсээр байгаад одоо 200 гаруй хунтай болчихоод байна. Сүүлдээ хоббитой болоод хөөрхөн хун харагдвал авчихаад байдаг болсон. Гэхдээ одоо оврыг нь багасгадаг болсон. Гэрээр дүүрэн хун шувуу бий шүү дээ. Хун сайхан хайрын бэлгэдэлтэй, их гоо үзэсгэлэнтэй шувуу. Тэр дууг дуулсан нь ч миний хувь тавиланг эргүүлсэн. Сайхан дуугаар ард түмэндээ танигдсан. Яагаад вэ гэвэл дуурь дангаар нь дуулаад явсан бол тэр хүрээлэлдээ л байгаад байх байсан. Харин өөр жанрын дуу дуулснаар намайг Монголын маш олон ард түмэн мэддэг болсон.

Би Италид мэргэжил дээшлүүлээд 1990 онд ирсэн юм. Надаас өмнө нь бол дуурийн дуучин өөр дуу дуулж болохгүй, хоолой эвдэрнэ гэж үздэг байлаа. Тэрийг нь ч дуучид дагадаг, хүмүүжилтэй ч байж. Сүүлд нь би Италид сурч байхдаа тэндхийн опера дуучид өөртөө зохицсон гоё дуу дуулдгийг мэдээд л чөлөөтэй дуулж эхэлсэн. Дуучин хүн учрыг нь олж дуулбал ямар ч хэв маягаар дуулж болно. Хамгийн гол нь хоолойгоо айхавтар эвдэхгүй байх хэрэгтэй гэдгийг мэдсэн.

-Таны дуулалтаар дуурь үзэж дассан үзэгчид таныг театраасаа гарангуут эрж хайж эхэлсэн. Таныг үргэлжид л тайзнаа байх юм шиг л санаж байсан байх?

-Гэхдээ би театртаа харьцангуй удсан шүү. Манай Б.Сэргэлэн дарга намайг байж л бай гэдэг байсан. Миний хоолой яагаа ч үгүй байсан л даа. Үеийнхэн маань гараад явчихаар харьцах хүн багатай болчихдог юм билээ. Сонирхол муутай болоод, тайзан дээр гарах гэхээр үеийнхэн маань тэтгэвэрт гараад явчихсан байдаг. Эргэн тойрон дүүрэн залуучууд байдаг. Тэгэхээр хүнд, их хэцүү болоод явчихдаг юм билээ. Хоёрдугаарт, миний орон тоонд шинэ залуу дуучин ирэг дээ гэж бодож театраасаа гарсан. Тэрнээс биш Б.Сэргэлэн дарга маань “Театрын минь чимэг болоод гоё байж байгаач” гэж Б.Жавзандулам бид хоёрыг байлгах гэж их зүтгэсээн.

Би тэтгэвэрт гарах жилээ Гранд опера “Айда”-д дуулсан. Хааны охин Амнерис дуурьт дуулчихаад гарсан. Тэгэхэд би “Миний хоолой муу болчихоод театраасаа гарч байгаа биш дээ” гэж бодсон. Манайд л ийм тэтгэвэр гэж байдаг биш” гэж бодоод тэвчсэн. Европт гэрээ хийгээд дуулахад тухайн дуучин нь хэдэн настай байх нь хамаагүй. Тэр дуучин тэнцэж л байвал болно. Хэрвээ би Европт байсан бол театр театрт очиж дуулаад л явах байлаа. Гэхдээ би тэр үед СУИС-даа багшаар давхар ажилладаг байсан юм. Багшийн ажил руугаа оръё, чөлөөтэй уран бүтээл хийе гэж бодсон юм. Би бас сайхан дуулмаар байна шүү дээ. Театрын өдөр тутмын үйл ажиллагаанд орж ажиллахаар бол цагт баригдана, баригдмал болчихдог. Гэхдээ би өөрийгөө тэтгэвэрт гарчихсан гэж ярьдаггүй шүү дээ. Би дуулж л явна. Би өнөө жилдээ багтаагаад нэг хүний дуурь дуулна, бүр захиалсан юм. Энэ миний мөрөөдөл байсан. Монголд ганц хүний дуурь байхгүй. Бирваагийн Мөнхболд гэж сайхан залуу хөгжмийг нь маш гоё бичсэн. Үгийг нь Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай бичсэн юм. “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” гэж маш гоё дуурь.

-Та маргааш “Эгшиглэнт” хэмээх нэртэй тоглолтоо тоглоно. Тоглолтынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Энэ бол миний 33 дахь удаагийн тоглолт. Миний тоглолтууд ихэвчлэн ээжийн тухай, ээжийн хайрын тухай сэдэвтэй нэртэй л дээ. Миний тоглолтууд ерөөсөө давхардаж байгаагүй. Тус бүрдээ бие даасан утга агуулгатай л даа.

-Анхны тоглолтоо хэзээ ард түмэндээ хүргэж байв даа?

-1992 онд анхны тоглолтоо хийхдээ Соёлын тэргүүний ажилтан цол авч байлаа. Тэрнээс хойш л ард түмэндээ тоглолтоо хүргэсээр байна. Миний тоглолт юугаараа онцлог вэ гэхээр, би 1973 онд Төв аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчнээр ажилд орж байлаа. Тэрнээс хойш Хөгжим бүжгийн коллежид ажиллаж хойшоо сургуульд яваад Италид мэргэжил дээшлүүлсэн юм. Би энэ урлагт зүтгээд 45 жил болжээ. Энэ удаагийн тоглолт маань “Эгшиглэнт урлагт 45 жил” хэмээх нэртэй. Би тоглолтынхоо тасалбар дээр энэ бүтэн нэрээр нь бичээгүй “Эгшиглэнт” гэж бичсэн. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай миний тоглолтын нэрийг өгсөн юм. Би түүнээс тоглолтынхоо нэр хайрлахыг хүссэн л дээ. Тэгтэл энэ сайхан яруу найрагч маань “За миний хүү тоглолтын чинь нэр “Эгшиглэнт урлагт 45 жил шүү” гэж хэлсэн.

-Тоглолтын тань тасалбар дээрх зураг олны анхаарлыг татаж байна. Сошиалд тэр зурагтай холбоотой янз бүрийн л мэдээлэл явж байна?

-Энд нэг юм хэлье. Хүн чинь ганцаар биш, хүмүүсийн хүчээр сайхан явдаг юм шүү. Миний нүүр будгийг “Гиймаа” салоныхон будсан. Тэр салоныхон будаж өгсөний дараа би бүр гайхсан шүү. Би мөн үү гэж эргэлзсэн шүү (инээв). Тасалбар дээрх зурагт би ямар нэгэн засвар хийгээгүй шүү. Одоогийн гоо сайхны салон, мэргэжилтнүүд үнэхээр чадварлаг болжээ.

Та бүхэн миний тоглолтыг үзэхийг хүсэж байгаа бол УИД-ийн нэгдүгээр давхрын кассаар, мөн ticket.mn сайтаар болон 95503027 дугаарын утсаар холбогдоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *