Волейбол сонирхргчдын улсын аварга шалгаруулах сум дундын “108 CUP” тэмцээн таван өдрийн турш “Буянт–Ухаа” спортын ордонд үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд нийт 60 баг хэсэгт хувааж өрсөлдөхөд Өмнөговь аймгийн Булган, Баянхонгор аймгийн Жист, Ховд аймгийн Булган, Өмнөговь аймгийн Манлай сумын багууд их шөвөгт шалгарсан юм. Улмаар Өмнөговь аймгийн Булган сумын баг Манлай сумын багийг 2:0-ээр ялж аваргын төлөө шалгарсан бол Баянхонгорын Жинст сумын баг Ховд аймгийн Булганы багийг ялж алтан медалийн төлөө тоглохоор шалгарсан юм.
Алтан медалийн төлөөх тоглолт ширүүн өрсөлдөөнтэй болж Өмнөговь аймгийн Булган сумын баг Баянхонгор аймгийн Жинст сумын багийг гурван ээлжийн тоглолтод 3:0-ээр илүүрхэж волейбол сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний цомыг хүртлээ. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Өмнөговь аймгийн Манлай сумын баг Ховд аймгийн Булган сумын багийг ялжээ.
Эрэгтэйчүүдийн төрөлд 108 баг хэсэгт хуваагдаж өрсөлдөхөд шилдэг дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал, Хөвсгөл аймгийн Их-Уул, Хэнтий аймгийн Бэрх тосгон, Дундговь аймгийн Гурвансайхан сумын багууд шалгарч үлдсэн юм. Их шөвгийн тоглолтод Сэлэнгэ аймгийн Мандал сумын баг Хэнтий аймгийн Бэрх тосгоны багийг хожсон бол Хөвсгөлийн Их-Уул сумын баг Дундговийн Гурвансайхан сумын багийг илүүрхэж аваргын төлөө тоглохоор шалгараад байна.
Бид Гурвансайхан сумын багийн дасгалжуулагч спортын мастер Бадарчингийн Ганбаттай ярилцсан юм.
-Таны төрсөн нутаг болох Гурвансайхан сумын баг “108 CUP” тэмцээний их шөвөгт шалгарлаа. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сайхан тэмцээн болж байна. Анхдугаар тэмцээнд Дундговь аймгийн волейболчид өндөр ач холбогдол өгч шилдэг гэсэн эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр баг зорьж ирж өрсөлдлөө. Гурвансайхан, Дэрэн сумаас эмэгтэй, Хулд, Өлзийт, Дэрэн, Сайхан-Овоо зэрэг сумдаас эрэгтэй баг оролцож байгаа. Гурвансайхан сумын баг маань 108 багтай өрсөлдөж шилдэг дөрөвт шалгарсан бахдам амжилт ллээ. 40 орчим жил багшилсан хөдөлмөрийн маань үр шим юм даа. Биднийг дэмжиж улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцуулсан Сумын Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
-Дундговь нутагт волейболын спорт хурдацтай хөгжиж байгаа нь танай эрэгтэй багийн тоглолтоос харагдаж байна. Эмэгтэй баг ч гэсэн сайн тоглолоо?
-Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж шалгарсан багууд улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж өрсөлддөг. Үүний хүчинд эрэгтэй баг маань ширүүн өрсөлдөөн үзүүлж их шөвөгт шалгарлаа шүү дээ. Эндээс л ирээдүйн шилдэг тамирчид төрж гарна. Эмэгтэй багийн тухайд туршлагатай тамирчид байсан ч энэ удаа хараахан медалийн төлөө гарч ирсэнгүй. Ирэх жилүүдэд залгамж үеийн тамирчид нь сайн тоглох болов уу.
-Тэмцээний онцлог зохион байгуулалтын тухайд?
-Хөдөөгийн волейболчдыг хооронд нь уулзуулж, туршлага солилцуулсан их үр өгөөжтэй тэмцээн болж өндөрлөлөө. Бид Монгол Улсын хамгийн хойд хязгаар Увс аймгийн Өмнөговь, Хэнтий аймгийн Батноров сумын тамирчидтай нэг хэсэгт орж өрсөлдсөн. Энднээс сурах зүйл их байлаа. “108 CUP” тэмцээнд мэргэжлийн тамирчдыг оруулаагүй зөвхөн сонирхогчдын дунд явагдсан учраас залуучуудад өөрийгөө нээхэд том боломж өглөө. Ирээдүйн шилдгүүд эндээс л төрнө.
О.ДАШНЯМ