Categories
мэдээ нийгэм

“Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган” Төрийн ордонд болж байна

Зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган” Төрийн ордонд болж байна.

11 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх гарц, шийдэл хайдаг. Энэ удаад иргэдийг орон сууцжуулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд олон хүүхэдтэй ээж нарыг тэргүүн ээлжинд хамруулах асуудлыг хөндөж буй юм. Тухайлбал, ээжүүдийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлэнд хамрагдахад тавих шаардлагыг бууруулах, урьдчилгаа төлөх боломжгүйг нь түрээсийн орон сууцанд хамруулах хэрэгтэй гэдгийг “Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбоо”-ны удирдлагууд онцолж байв.

Мөн тус чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн байна. Тэрбээр илгээлтдээ, “Эмэгтэйчүүд айл гэрийн гол цөм болдог хэдий ч төрийн алба, удирдах түвшинд тэдний оролцоо хангалтгүй байна. Уг нь статистикт итгэх юм бол дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байгаа юм. Өнөөгийн Монголын эмгэнэлт дүр төрх болчихоод байгаа ядуурал, ажилгүйдэл, ёс зүйгүй, шударга бус байдлын золиос нь юуны түрүүнд эмэгтэйчүүд болж, хуульгүй, ёс зүйгүй байдалд тэд хамгийн түрүүнд өртөж байгааг бид энэ өдөр сануулах, засаж залруулахыг шаардах ёстой.

Ерөнхийлөгчийн хувиар Улаанбаатар хот, аймгуудаар тойрч, иргэдийн дуу хоолойг сонсоход эмэгтэйчүүд илүү идэвхтэй, шаардлага өндөртэй байдаг нь ажиглагдаж байна. Тэд төр засгаасаа халамж, бэлэн мөнгө шаардахгүй байна. эмэгтэйчүүд төрөөс юуны өмнө шударга ёсыг л нэхэж байна. Хуультай, ёс зүйтэй төр шиг төрийг хүсэж байна. Эмэгтэйчүүд төрөөсөө ажлын байр шаардаж байна. Тэд эзэмшсэн мэргэжил, ажил хийж олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл саруул өсгөх тийм хэвийн нөхцөл, зүй ёсны тогтолцоог л шаардаж байна. Олон хүүхэд гаргасан болон бага насны хүүхдээ асарч байгаа, мөн өрх толгойлсон эхчүүдэд төрөөс дэмжлэг үзүүлсэн хууль эрхзүйн орчин бий болсон нь сайшаалтай байгаа ч улам сайжруулах, цаашлаад орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулдаг болох боломжийг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах болно” гэжээ.

Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *