Categories
мэдээ нийгэм

Н.Цамбанүрдэв: Д.Жавзандорж лхаарамба хоногт хоёроос гурван цаг л унтдаг байсан

Ардын хувьсгалаас хойш анх удаа Монгол лам лхаарамба цолыг амжилттай хамгаалжээ. Тодруулбал Энэтхэгийн Гомондацанд суралцаж байсан Монгол лам Д.Жавзандорж энэхүү цолыг хүртсэн байна.Лхаарамба цол нь буддын гүн ухааны дээд цол аж.

Өнөөдөр түүний шавь нар болон Сумади төвөөс Д.Жавзандоржлхаарамбыг цолоо амжилттай хамгаалсан талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийв. Энэхүү мэдээллийг хүргэхээр Егүзэн хутагтын тавдугаар дүр Данзанлувсанванжил, Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв, Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, Сумали Гирди төвийн тэргүүлэгч Н.Ариунтунгалаг нар хүрэлцэн ирлээ.

Н.Цамбанүрдэв “Д.Жавзандоржлхаарамба багш мэргэдийн орны мэргэн боллоо. Лхаарамба цолыг хэр баргийн хүн авдаггүй. Тэрээр энэхүү цолыг хүртэхийн тулд асар их хөдөлмөр гаргасан. Түүний хажууд багаасаа байсан хүний хувьд Д.Жавзандоржлхаарамба хоногт хоёроос гурван цаг л унтдаг байсан. Энэтхэгт 16 жилийн дотор гүн ухааны таван ботийг судалсан. Улмаар шигшигдэж лхаарамбын шалгалтанд орох эрхээ авсан. Үүний дараа зургаан жилийн шалгалтад тэнцэж байж лхаарамба цолыг хүртдэг юм. Тэрбээр зургаан жилийнхээ дөрөвт нь тэргүүлж хоёр жилд нь дэд байрт жагссан. Ийнхүү Энэтхэгийн буддын ертөнцийн анхаарлыг татаж, дэлхий даяар шуугиж байна.Тэр Монгол хүний суу ухааныг харуулсан” гэв.

Лхаарамба Д.Жавзандорж анх 1991 онд буюу 11 настайдаа Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилж Бурханы ном үзэж эхэлсэн байна. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Лашчойлин хийд, Гандэнтэгчинлэн хийдийн Дашчоймпил дацанд Буддын гүн ухаанд суралцаж байгаад 1998 оны эхээр Энэтхэгийг зорьж, үргэлжлүүлэн суралцах болжээ. Д.Жавзандорж лхаарамба нь энэ жил лхаарамба цолоо мөн л тэргүүн байрт хамгаалж, анги дамбын лхаарамба болсон. Ирэх жил нууц тарнийн ухаанд үргэлжлүүлэн суралцаж аграмба цолыг хүртэхээр төлөвлөж байгаа юм байна.

Д.Жавзандорж лхаарамба /Тэрээр 300 гаруй шавьтай/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *