Categories
мэдээ нийгэм

“Хөх сувд-2018” мөсний баярын эхний өдөр 15000 гаруй зочин иржээ

Зураг

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөх сувд” Мөсний баярын эхний өдрийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж дотоодын 15 мянга гаруй, гадаадын 130 орчим жуулчин, 2200 гаруй тээврийн хэрэгсэл оролцлоо.

“Хөх сувд-2018” баярын нээлтэнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, зохион байгуулах комиссын дарга Засаг даргын орлогч Ц.Баттогтох, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Анх 2000 онд Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор нутгийн иргэдийн дунд Мөсний баярыг зохион байгуулж 6 морин чарганы уралдаан болж байсан бол 18 жилийн дараа 50 гаруй чаргатай морь уралдаж гадна дотны олон иргэд зорин ирдэг болсон олон улсын наадам болж өргөжсөнөөрөө онцлог боллоо. Энэ жилийн хувьд цаг агаар тогтуун байсан учраас ирсэн зочид ая тухтай мөсөн хотхоноор аялж, зургаа авахуулж, тоглож наадаж байна.

Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан цаа, цаатны урцыг иргэд хамгийн их сонирхож, олон төрлийн тэмцээн наадамд оролцож Мөсний баярыг зохион байгуулалт сайтай арга хэмжээ болж буйг ч онцолж байлаа. Мөсний баяр маргааш үндэсний хувцасны загварын үзүүлбэр, авто машины уран жолоодлого, мөсөн дээрх буухиа, мөсөн дээрх сумо, тахтай морин чарганы уралдаан зэрэг сонирхолтой тэмцээн наадмаар үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *