Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: Улсын мөнгөнд гар дүрсэн хүнийг өнөөдөр хууль шийтгэхгүй байсан ч хувь заяа нь шийтгэнэ

Содбаатар зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатартай ярилцлаа.


-Улс даяар “Эх орончдын баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголын Улс төрийн ууган хүчин болох МАН үүсэн байгуулагдсаны баярын арга хэмжээ энэ жил юугаар онцлогтой болж байна вэ?

-Монгол Улсын анхны улс төрийн нам байгуулагдсан энэ өдрийг Монголын төрөөс онцгойлон авч үзэж “Эх орончдын баяр”-ын өдөр болгон жил болгон тэмдэглэдэг болсон. “Эх орончдын баяр”-ын хүрээнд эх оронч үзлийг нийгэмд түгээх ажлыг идэвхтэй хийдэг. Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн дунд эх оронч үзлийн талаар зохион бичлэгийн уралдаан зарлаж, мөн эрдэмтдийн цуврал лекцүүд тавигдсан. Эх орончдын баярын энэ өдрөөр МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн нам хүчнүүдэд хандан уриалга гаргалаа. Улс төрийн намуудыг улс орны язгуур эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, хамтарч ажиллая. Олон жил толхилцож хэрүүл хийж хоорондоо мөчөөрхөж байгаа байдлаа зогсоогооч. Монгол Улсын нэг туган дор хамтдаа зүтгэе. Хөгжлийн бодлогоороо уралдсан жилүүдийг эхлүүлье гэдэг санаачилгыг гаргаж байна. Улс төрийн нам үүсэн байгуулагдсан энэ өдөр улс төрийн намууд манлайллаа сэргээж, нийгмийн урд алхаж, ёс зүйтэй шударга байхын төлөөх манлайллыг хүсэж байна. Өнөөдөр улс төрийн намуудын нэр хүнд сонгогчдын дунд жилээс жилд унаж байгаа. Тиймээс улс төрийн намууд манлайллыг харуулна уу гэдгийг энэ удаа хөндөж тавьж байна.

-Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа. Өнөөдөр ёс зүйгүй, хариуцлагагүй улстөрчдийн асуудлыг гарган тавьж байна. УИХ-ын гишүүдийн хуралдаа ирдэггүй асуудлыг Цэцээс хариуцлага тооцдог байхаар шийдвэрийг саяхан гаргасан. Та УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг юу гэж харж байна вэ?

-Улс төр бол улсаа засах, төрөө засах ухаан юм. Улс төрд өөрийн итгэл үнэмшлээрээ орж ирж байгаа хүмүүс ёс зүйн өндөр хэм хэмжээг сахиж, ажил амьдралдаа хэвшил болгож байж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөнө. Сүүлийн үед улстөрчид, намууд хариуцлагыг сахих тухайд иргэд маш их шүүмжлэлтэй хандах болсон нь үнэн. Улс төрийн намууд өнөөдөр дүгнэлт хийх хэрэгтэй болжээ. Улстөрчид гэхээрээ улсын өмч хөрөнгийг шамшигдуулдаг, дүрэмгүй тоглодог, хоорондоо толхилцдог гэх зарчимгүй байдал иргэдийг залхааж байна. Тиймээс улс төрийн намууд үзэл баримтлал, хөгжлийн бодлогоосоо эхлүүлээд өндөр босгыг тавих хэрэгтэй байна.

-УИХ-ын гишүүнд дэвших насыг 40 наснаас дээш гэх мэт байдлаар босго тавих тухай яригдаж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд ямар гол өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй вэ?

-Монгол төрийн босго өндөр байж ирсэн. Үндсэн хууль болон бусад хуулиудын хүрээнд насны хязгаарыг тавихаас эхлүүлээд өндөр албан тушаалд очиж буй хүмүүст тавигдах шаардлагыг өндөрсгөж байгаа. Сая УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрийн албаны тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль хэрэгжиж эхэлснээр төрд дор хаяж 16 жил ажиллаж байж төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга болох гэх мэт өндөр албан тушаалд томилогдох мерит зарчмыг тогтоож өгсөн. Сүүлийн жилүүдэд улс төрд зарим нэг буруу ойлголтууд газар аваад байна л даа.

Улс төрд оронгуутаа албан тушаалд хүрдэг, эсвэл ямар нэгэн бүлэглэлд хамрагдаж хөрөнгө мөнгө эрх мэдэлд хүрдэг гэх мэт өрөөсгөл ойлголтууд байна. Би нэг зүйлийг хэлдэг л дээ. Иргэдийн татварын мөнгө, улсын мөнгөнд гар дүрсэн тэр хүнийг өнөөдөр хууль шийтгэхгүй байсан ч хувь заяа нь шийтгэнэ. Тийм учраас бусармаг зүйлээс улстөрч хүн холуур явах хэрэгтэй гэдгийг хэлдэг. Монголын төрд зүтгэнэ гэж тангараг өргөж орж ирж л байгаа бол монгол төрийн өндөр босгыг, ёс зүйг, олон жилийн уламжлалыг сахин хамгаалж явах ёстой. Аль нам нь хамаагүй хуулийн өмнө тэгш хариуцлага хүлээх ёстой. Энэ тухай ч сүүлийн үед бид нам дотроо их ярьж байгаа. Нийгмээс ирж буй өнөөдрийн шахалтаас үзэхэд улстөрчдийг ёс зүй болон мэдлэг чадвартай, эрх ашгаа эрэмбэлж байхыг шаардаж байна.

-Сүүлийн үед дуулиан тарьж байгаа сэдвийн хүрээнд асуулт тавья. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил оросын талаас худалдаж авсныг төр буцаан авсан. Үндсэн хуулийн Цэцээс төрийн энэхүү шийдвэрийг зөв байна гэж үзсэн. Нөгөө талдаа оросын талаас Монголын компанид шилжсэн үйл явцыг хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг. Та Цэцээс гаргасан шийдвэрийг юу гэж үзэж байна вэ?

-Үндсэн хуулийг сахин хамгаалж байгаа гол байгууллага бол Цэц. Цэцээс УИХ-аас гаргаж буй шийдвэр дээр хориг тавьдаг, парламентаас гаргаж буй шийдвэрүүдэд шаардлагатай тохиолдолд ямар нэг байдлаар хязгаарлалт хийдэг байгууллага бол Үндсэн хуулийн цэц юм. Монгол Улсыг олон жил тэжээж ирсэн эдийн засгийн гол тулгуур үйлдвэр болох “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу явах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр буцаан авсан асуудалд хувийн хэвшлийн эрхэнд халдсан асуудал огт байхгүй. Яагаад гэвэл УИХ-аас шийдвэр гаргахдаа Засгийн газарт хуулийн дагуу тэдгээр холбогдох хүмүүст хохиролгүйгээр буюу тодорхой хөрөнгө мөнгө гаргасан бол тэрийг нь эргүүлэн олгох зарчмаар хохирлыг барагдуулж, төрийн өмч болгох шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг Цэц Үндсэн хуулийн хүрээнд баталгаажуулсан. Гэхдээ УИХ-ын гаргасан тогтоолыг Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газар хэрэгжүүлэхдээ тодорхой процедурын алдаа гаргасан байна гэж үзээд Дээд шүүх шийдвэр гаргасан. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй энэ Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийг томилох, бусад бүртгэлийн гэх мэт тэрхүү процедурын алдааг зассан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан хувьд авсан байсан компани Арбитрийн шүүхэд хандах эрхтэй гэж байсан. Хэрвээ Арбитрт хандвал Засгийн газар унах магадлал байгаа юу?

-ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд авчирсан нь тухайн аж ахуйн нэгжийн зөв зүйтэй ажил мөн. Гэхдээ 49 хувийг гадаадаас авчирсан хөрөнгө мөнгө нь яг тухайн аж ахуйн нэгжийн мөнгө үү, эсвэл Монголын төрийн мөнгө үү гэдэг нь асуудал. УИХ-аас гарсан ажлын хэсэг судлаад үзэхэд гадагшаа шилжүүлсэн 400, 500 сая ам.долларын дийлэнх нь Монголын төрийн мөнгө байна гэж үзэж байгаа. Тиймээс тухайн аж ахуйн нэгжээс гарсан мөнгийг харилцан суутгаж өгөх зарчмаар төр буцаад мэдэлдээ авсан гэж ойлгож байгаа.

-“Жаст” ХХК “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаанд тавьснаас болж Лондонгийн шүүхээс Арбитрийн шийдвэр гарч төлбөр төлөх ёстой болчихсон байгаа. Хэрвээ энэ мөнгийг төлөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь гадны мэдэлд шилжих нь гэсэн мэдээллүүд яваад байгаа. Яг одоо энэ үүссэн асуудалд Монголын төр ямар шийдвэр гаргах хэрэгтэй байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хаа нэгэн газар, хэн нэгэнд өгөх зүйл байхгүй. “Жаст” группын “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт” үйлдвэр тодорхой хэмжээгээр баталгаа гаргасан, “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-ын зээлд оролцсон эсэх нь тусдаа асуудал. Арбитрийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн төлбөрийн хувьд тодорхой төлбөрийг төлөх асуудал үүссэн. Үүсээд байгаа мөнгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтан, буруутай үйл ажиллагаа явуулж төрийг хохироосон аж ахуйн нэгжүүд төлөх ёстой. Тэр аж ахуйн нэгжийн болон хариуцлага алдсан албан тушаалтнуудын хөрөнгө мөнгийг хурааж авч Монголын төр буюу “Эрдэнэт” үйлдвэр ямар нэгэн алдагдал хүлээх ёсгүй. Яагаад вэ гэвэл тэр зээлийн мөнгө “Эрдэнэт” үйлдвэрт орж шингээгүй. Шударга ёсны хүрээнд энэ асуудал шийдэгдэх байх гэж хүлээж байна. Сая УИХ-ын нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгад Засгийн газар тодорхой байр сууриа илэрхийлж хариулт өгч бодит байдлыг олон нийтэд мэдээлсэн. Одоо энэ асуудал хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Энэ асуудалд холбогдох хүмүүст шүүх хүчний байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа юм билээ. Шалгалтын дүн эцэслэн гарсны дараагаар холбогдох хүмүүс хариуцлага хүлээж таарна.

-“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкнаасаа дамжаад БНХАУ-ын банкинд шилжихээр болж байгаа гэв үү?

-Надад тийм мэдээлэл алга.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбогдсон хүмүүсийг манай улсын хууль хүчний байгууллагаас 2013 оноос хойш шалгаж буй ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй иржээ. Ийм олон жилийн хугацаанд хэн буруутай эсэхийг тогтоочих боломж манайд байлаа шүү дээ?

-Яг одоо ард түмний дунд шударга ёсны хүсэмжлэл үүссэн. Олон түмний итгэлийг авч байгуулагдсан УИХ, Засгийн газраас зөв шударга шийдвэр гаргахыг хүлээж хүсэж байгаа. Харамсалтай нь УИХ, Засгийн газарт хууль шүүхийн байгууллагаар шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулах эрх нь энэ байгууллагуудад байдаггүй. Голдуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцын хүрээнд хууль хүчний байгууллагын дарга, удирдлагуудыг томилдог, харьяалагддаг. Монгол Улсын Дээд шүүх, прокурорын байгууллагууд, Авлигатай тэмцэх газар “Эрдэнэт” үйлдвэрийн энэ асуудалд иргэдэд маш ойлгомжтой тодорхой хариуг өгч шийдэл гаргах ёстой. Энд ямар нэгэн бүлэглэлийг хаацайлж, хамгаалсан шийдвэрийг гаргаж болохгүй. Тэр утгаараа Монголын шүүх хүчний байгууллагыг шударга ажиллаж байгаа эсэхийг шалгах том шалгуур тавигдаж байна даа гэж би харж байна. Үнэндээ сүүлийн жилүүдэд яригдаж буй улсын төсвийн хөрөнгө мөнгө, бонд, гадны зээл тусламжтай холбоотой яригдаж буй хүний аманд багтахааргүй их тоотой мөнгө төгрөгтэй холбоотой асуудлууд хууль хүчний байгууллагаар шалгагдах тухай яригдсаар байгаа. Авлига, албан тушаалын хэрэгт хариуцлага тооцох асуудлыг иргэд шаардаж байгаа. Тиймээс шүүх, хүчний байгууллагыг Монгол Улсын хуулийг барьж, шударга ёсны зарчмыг баримталж ажиллаасай гэж хүсэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *