УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган сар шинийн өмнөхөн хаалтаа хийсэн. Намрын чуулганаар ямар гол хуулиудыг батлав. Анхаарал татсан ямар хуулиуд хэлэлцэв. Энэ УИХ ямар үр дүнтэй ажиллав?
-УИХ намрын ээлжит чуулганаараа бие даасан 18 хууль баталсан бол нийт 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан. Төсвийн эмх замбараагүй байдлыг засаж залруулан, эдийн засгийн өсөлт зогссон 2015-2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд засгийн эрхийг авсан УИХ, Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэн эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудалд онцгой анхаарал хандуулан ажилласан. Нийгмийн халамжийн “Цалинтай ээж”, ахмад настны насны хишиг зэрэг шийдвэрээс гадна Монголбанкны, төрийн албаны гээд олон чиглэлээр хууль эрх зүйн орчин сайжирсан. Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийг ахлан идэвитэй ажиллалаа. Төсөв, уул уурхай геологийн салбартай холбогдуулан Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэн намрын чуулган өндөрлөсөн.
-Та саяхан Тогтвортой хөгжлийн дэд хорооны даргаар томилогдсон. Тогтвортой хөгжлийн зорилтууд манай улсын хувьд ямар түвшинд биелэлттэй байна вэ?
-“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд НҮБ-ын хурлын хүрээнд хамтран санаачилсан. Тогтвортой хөгжлийн зорилгууд нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулганаар 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхлээд байна. Манай улс өөрийн нөхцөл байдалдаа тохируулан УИХ-аас “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 онд баталсан.
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгын 17 зорилго, манай улсын хөгжлийн бодлого дөрвөн бүлэг, 44 зорилттой тодорхой хэмжээнд уялдаж байгаа. УИХ-ын Тогтвортой хөгжлийн дэд хороо эдгээр зорилгын хэрэгжилт, ажлын явцын талаар холбогдох яамдуудаас мэдээлэл сонсох, нэгтгэн дүгнэх, НҮБ-д Дээд түвшний танилцуулга хийх шаардагатай байгаа. Ахиц дэвшиц их байгаа ч салбар хоорондын уялдаа, үр дүн, биелэлт харилцан адилгүй байна.
-Тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжил гэхээр уул уурхайд тулгуурлана гэж олон хүн ярьдаг. Та УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч. Манай улс уул уурхайд түшиглэж хөгжих ёстой гэдэг. Ойрын хугацаанд хөгжлийн гол бодлогыг та юу гэж харж байна вэ?
-Уул уурхайн салбар эдийн засагт голлох үүрэгтэй хэвээр байна. Ганцхан жишээ дурдахад гадаад валютын 10 ам.доллар тутмын найм нь эрдэс баялгийн салбараас орж байна. Харин байгалийн баялгийн зохистой хэрэглээ, усны асуудал, бэлчээрийн менежмент, мал аж ахуйн салбарын бодлого боловсруулах үйлдвэр гээд хөгжих тухай ярихад салгаж авч үзэх боломжгүй, нэг нь нөгөөгөөсөө хамааралтай, уялдаатай авч үзэх шаардлагатай байна. Нөгөө талдаа, эдийн засгаа солонгоруулна, мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярьдаг ч шинжлэх ухаан, инженерийн боловсрол, бизнесийн бүтээлч сэтгэлгээ, оюуны хөдөлмөрийг дэмжих дэмжлэг сул явж ирлээ. Хөгжлөөрөө тэргүүлж буй бүх л улс орнууд ирээдүйг шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтээ нэмэгдүүлж, хоорондоо уралдаж байна. Бид улам хол хоцрохгүйн тулд мэргэжилтэн, судлаачдыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Миний хувьд “Идэр оюуны ундраа” аяныг зарлаж МУИС дээр эхлүүлсэн байгаа. “Идэр оюун” гэсэн нэрийг математикийн олимпиадад дасгалжуулдаг байсан П.Ганболд багш минь өгсөн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч, шинжлэх ухааныг дэмжих төрийн бодлого сул явж ирсэн. Шинжлэх ухаан байхгүйгээр технологийн хөгжил ярих боломжгүй. Тиймээс байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлж тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэн, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлээд байна. Цаашид “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд шинжлэх ухаан, технологи, инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих төр болон хувь хүн, албан байгууллагуудтай хамтран ажиллаж тэтгэлгийн хүрээг жилээс жилд тэлнэ гэсэн зорилготой байна. Эрдмийг эрхэмлэдэг, оюун номыг дээдэлдэг хүмүүсийг хамтраасай гэж уриалж байна. Хүмүүс холбогдож дэмжихээ илэрхийлж байгаад баяртай байна.
-Тэтгэлэгт хандах оюутнууд юуг анхаарах ёстой вэ. Гадаадын тэтгэлэг ижил шаардлагатай байдаг уу. Та Станфордын их сургуульд багшилж байсан хүн. Тэр том сургууль тэтгэлэгт юуг шаарддаг вэ?
-Сурлагын дүн хэдийгээр чухал үзүүлэлт ч шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудын хувьд судалгааны арга зүйг эзэмшсэн, тэвчээртэй, тууштай байх чухал. Мөн бага курстээ сайн суралцаж чадаагүй ч дээшлээд ахиц гаргасан байх чухал гэж би боддог. Хүний амьдралд ямар ч асуудал гарч болно. Жишээлбэл, хөдөөнөөс хотод ирж суралцаж буй оюутнуудын хувьд шинэ орчинд дасах, эсвэл хичээлийн хажуугаар ажиллах орлого олох зэргээс хамаарч сурлагын дүнд нөлөөлөх хандлага байдаг. Аливаа тэтгэлэгт материалаа илгээхдээ өөрийн зорилгыг зөв тодорхойлж бичих нь чухал. Илэн далангүй, өөрийнхөө зорилгыг тодорхой бичиж байхыг зөвлөж байна. Дандаа онц сурсан гэдэг үзүүлэлтээс илүү ахиц дэвшил гаргасан, өөрийгөө дайчилж ирсэн замнал их чухал байдаг. Зорилго тодорхой бол зам шулуун.
-Залуучууд суралцахаас гадна технологийн ч юм уу, IT бизнес эрхлэх сонирхол их байна?
-Бид хөгжлийн түлхүүрийг холоос хайх хэрэггүй. Бидний хажууд өөрсдөд минь байгаа. Юм хийж байгаа, санаачилгатай нэгнээ дэмжих, бүтээлч байдлыг урамшуулах, хийж буй ажлаа сайн хийх түлхүүр гэж боддог. Энтрепренер сэтгэлгээ гэж хэлдэг. Бүтээлч сэтгэлгээ. Саяхны “Анд Глобал”-ын залуучууд хийсэн ленд.мн жишээ бол нэг баталгаа нь. Улам олон ийм залуустай болохын тулд бодлогын дэмжлэг хэрэгтэй байгаа юм.