Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хөвсгөл нуурын “Хөх сувд-2018” мөсний баяр энэ амралтын өдрүүдэд болно. Гадаад, дотоодын олон аялагч жуулчдын сонирхлыг татдаг энэхүү баяр болох гэж буйтай холбогдуулан холбогдох албанаас иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр болгоомжтой зорчихыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын мөс хангалттай хөлдсөн байна. Гэвч маш нимгэн хөлддөг өрх гардаг газрууд байдаг тул “Мөсний баяр”-т очиж буй иргэдийг зөвшөөрөгдсөн маршрутаар зорчихыг зохион байгуулах комиссоос анхааруулав. Тус аймгийн хууль хяналтын байгууллагын болон холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчих боломжгүй газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээ тавин ажиллаж байна.