Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр арилжааны банкуудын төлөөллийг хүлээж авч уулзан ахмадуудад олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр нийт тэтгэвэр авагчдын 8.2 хувьд үйлчилдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банк өнөөдрөөс эхлэн тэтгэврийн зээлийн хүүг жилийн 12 хувь болгож бууруулах болов.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэ оны 1 дүгээр сарын 16-нд нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувьд тэтгэвэр олгодог ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан байна. Энэ хугацаанд 10 мянга 336 тэтгэвэр авагч 12.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ.