“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцуулав. ҮХЦ уг асуудлыг хэлэлцэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах тухай УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж дүгнэлээ. “Монголын зэс корпораци” 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлав. Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой юм байна. УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон ХЗБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хуралдааны дараа “ҮХЦ дунд суудлын хурлаараа хэлэлцээд УИХ-ын 23-р тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа” гэлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр мэдэлдээ авсан тохиолдолд “Монголын зэс” корпораци ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэлээ.