Categories
мэдээ цаг-үе

Ч.Жаргалсайхан: Манай улсад ирсэн гадаадын иргэн замын тэмдэг тэмдэглэгээг хараад л шууд ойлгохоор хийх хэрэгтэй

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн энэ сарын 6-нд болсон. Энэ үеэр Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа, доктор Ч.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурахгүй байгаа гэсэн. Үүнийг бууруулахын тулд юу хийх ёстой юм бэ?

-Хамгийн гол нь төр, иргэн хариуцлагатай байх ёстой. Эхлээд төр хариуцлагатай байж, ард иргэддээ нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тухайлбал, зөвлөгөөний үеэр Засаг дарга болон бүхий л шатны байгууллагын төлөөллүүд Чингэлтэй дүүрэгт тулгамдаж буй замын хөдөлгөөний талаар ярилцлаа. Ялангуяа бид хариуцлагатай байж, зохион байгуулалт хийж, тодорхой ажилд чиглэлүүдийг өгөх ёстой. Үүний дараа замын хөдөлгөөнд оролцогчид, явган зорчигчидтойгоо ярилцаж, зөвшилцөх нь чухал.

-Өөр ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй вэ?

-Манайхан Улаанбаатар хотыг өнгөлөг сайхан харагдуулъя, жуулчдыг татмаар байна гэдэг. Хамгийн наад зах нь замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийх ёстой. Манай улсад ирсэн гадаадын иргэн замын тэмдэг тэмдэглэгээг хараад л шууд ойлгохоор хийх нь зөв арга. Ингэвэл иргэд харчихаад сэтгэл ханамжтай, биелүүлэх дур сонирхол нь төрнө. Ер нь ажиглаад байхад манайд аливаа зүйлийг хариуцаж байгаа эзэн гэж алга. Тухайн дүүргийн тодорхой нэг газрын замын тэмдэг тэмдэглэгээг яг тэр хүн хариуцаж хийнэ гэдгийг сайтар оноож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр хүн хийчих болов уу гээд л орхичих тохиолдол их байна.

-Осол гараад байгаагийн шалтгаан нь яг юу юм бэ?

-Дээр хэлсэнчлэн осол гарч буй зам, замын түгжрэл, гэрэлтүүлэг, явган хүний замыг төлөвлөлттэй сайжруулах хэрэгтэй. Эдгээрийг шийдэх олон төрлийн арга зам бий. Бид хийнэ л гэж ярихаас биш хэрэгжүүлэх тал дээр аажуухан л явж байна. Ослын улмаас амь насаа алдах тохиолдлыг таслан зогсоох хэмжээний ажлыг хийхгүй байгаа юм. Үүнийг л хийж, хэрэгжүүлмээр байна. Өнөөдөр байгаа бүхий л бололцоогоо ашиглаж, төсөв хөрөнгөө зөв зүйлд зарцуулмаар байна.

-Гадаадын зарим орнуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл шууд торгодог гэсэн. Үүний улмаас осол гарах нь бага байдаг болов уу?

-Замын цагдаа нар нийслэлд өдөрт дунджаар 35-50 зөрчил илрүүлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан жолоочийн эрхийг сэргээхэд бусад оронд хатуу бодлого баримталдаг. Заавал сургалтад хамруулж, сэтгэлзүйчдээс зөвлөгөө авч сургалтад суулгадаг юм билээ. Давтан үйлдсэн бол Японд л гэхэд бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасдаг. Зарим оронд эрхээ хасуулсан хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлахгүй, эрх хассан хугацааг нь сунгадаг зэрэг зохицуулалт бий. Олон орны туршлагаас харахад тухайн хүний эдийн засгаар дамжуулж ухамсарт нь нөлөөлөх замаар шийдсэн байдаг юм билээ.

-Монголчууд хууль, дүрэм журмаа хэрхэн мөрдөж байна вэ?

-Монголчууд хууль биелүүлдэггүй гэдэгтэй би санал нэгддэггүй. Манайхан гадаад руу явж, зугаалж, сурч, амьдардаг. Гадаадад очоод манайхан тухайн улсын иргэдээс нь илүү дүрэм журмыг нь биелүүлээд, чадварлаг машин жолоодож харагддаг. Үүнийг дагаж, хууль биелүүлэхдээ ч гэсэн их сайн. Харин эх орондоо ирэхээрээ хэнэггүй, хээгүй нь давамгайлчихдаг. Үүнийгээ л эргэж харж, засах хэрэгтэй. Монголчууд хүний нутагт хамгаалах бүсийг байнга зүүж, дүрэм журмыг хэнээр ч хэлүүлэхгүй сайн биелүүлдэг юм билээ. Нэг ёсондоо эх оронч биш. Өөрсдөд нь биелүүлэх сэтгэл байхад л хөнгөн хуумгай хандаж, осол гаргасаар байна. Бүх газар л биелүүлэх ёстой гэж бодож, дадал, хэвшил болгочихвол болж байгаа юм. Иргэд нэг үеэ бодоход хамгаалах бүсийг автомашинд явахдаа урд талын суудлын хоёр хүн нь зүүдэг болчихсон байна лээ. Одоо арын суудалд сууж буй хүмүүс зүүчихэд болж байна. Ямар ч дүрэм журмыг биелүүлээд явж байхад гэнэт л осол гарчихдаг тохиолдол бий шүү дээ. Бүс зүүсэн хүн осол гарахад бага хэмжээний хохирол амсдаг гэдгийг тунгаах хэрэгтэй.

-Манай улсын хуулийн зохицуулалт ямар байна. Хуулийн заалт зарим хүмүүст үйлчилж, заримд нь үйлчилдэггүй юм шиг?

-Аливаа зүйл хоёр талтай. Торгууль шийтгэлээр хууль дүрэм хэрэгжчихнэ гэж байхгүй. Байнга торгоод байх нь ч чухал биш. Энэ нь сахилга, соёлжиход бага зэргийн нөлөө үзүүлнэ. Бид хэт том төлөвлөгөөг боловсруулж, жижиг зүйлийг орхигдуулж байгаа юм биш. Жижигхэн зайнд холболт хийгээд өгчихвөл түгжрэл багасна. Тухайлбал, худалдааны төвийн ажилтнууд ашиг олохоо л боддог. Лангуу түрээслэгчид “мөнгөө авчихвал болоо л” гэдэг. Ингэхгүй гадаа зогсоолд үйлчлүүлэгч, иргэд маань машинаа байрлуулж чадаж байгаа болов уу гэдгийг бодох нь зүйтэй. Учир нь зогсоолгүй байвал иргэд өөр газар руу яваад л өгнө. Худалдагч нар өөрсдөө л машинаа тавьчихсан бол “боллоо” гэж боддог. Нэг ёсондоо амин хувиа хичээж байна. Зогсоолоо шийдвэрлэж, зай талбай ихтэй байлгахыг шийдвэрлэж чадвал үйлчлүүлэгчид их ирнэ. Энэ нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Нийгэмд хувь хүн бүр өөрийн гэсэн хариуцлагыг бий болгох хэрэгтэй байна. Би замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад саад учруулж болохгүй, аюул тарьж болохгүй гэдгийг ухамсарлаж, өөрийгөө болон өрөөл бусдыг авран хамгаалах нь чухал юм.

-Ид хөдөлмөрлөж, бүтээх насандаа ослын улмаас амиа алдах тохиолдол их байх шиг байна?

-Ид хөдөлмөрлөдөг, бүтээлч, чадварлаг байх үедээ ослын улмаас амиа алдах тохиолдол их бий. Үүний цаана олон гэр бүл хохирч, амьдралаа том эрсдэл рүү аваачдаг. Зам тээврийн ослыг бууруулж болдог юм шүү гэдгийг дэлхийн зарим орнууд харуулж байна. Гадаадын зарим төлөөлөгч хурал семинарт ирээд танай улс зам тээврийн ослоо бууруулах бүрэн боломжтой юм байна. Энгийн зүйлээ л анзаарч, биелүүлчихвэл болох юм гэдэг. Тухайлбал, хурдаа багасгах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо болих, бага насны хүүхдэд бүс зүүлгэж хэвших, зориулалтын суудалд нь суулгах. Эдгээрийг биелүүлчихвэл нас баралт буурахад их ойр байна гэсэн. Иймээс осол аваарын асуудлыг анхааралдаа авах цаг нь болсон. Иргэн таныг зүгээр л явж байхад осол гарч магадгүй гэдэг эрсдлийг бодож, ослын гурвалжин тэмдгийг авч явах, бие биедээ туслах аргыг хэвшүүлэх юм бол аюулгүй амьдарна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *