Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч М.Мөнхшүр: “2018 оны хоёрдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн гадны нөлөөтэй нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид нар хэргийн газарт очиж үзлэг, шалгалт хийсэн. Талийгаач нь 61 настай эрэгтэй иргэн “Б” гэх, түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгий аргаар хохироосон байсан. Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан.
Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчиллаа. Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй, 47 настай “Г” гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. Уг гэмт хэргийг архидан согтуурсан үедээ үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан мэдүүлгээр тогтоогдоод байна. Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.