Categories
мэдээ цаг-үе

Б.Батсумъяа: Иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Шударга журам” медалийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Г.Эрдэнэбаяр нар хүртсэн билээ. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяатай ярилцсанаа хүргэе.


-“Шударга журам” медалиар шагнуулсанд баяр хүргэе. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан гэсэн үү?

-Сэтгэл өндөр байна. “Шударга журам” медалиар шагнуулна гэж огт бодоогүй. Энэ сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас утсаар ярьсан. “Та Батсумъяа мөн үү. Танд “Шударга журам” медаль гардуулна” гэсэн. Би их гайхсан. Тэгээд энэ сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаярын хамт шагналаа гардан авсан даа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд бороо ширүүн орж байсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байхад “Бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу уулын энгэр давж, Лхагваа гэдэг айлынд очсон. Тус айлынх үерт өртөж болзошгүй газарт буучихсан байсан. Хоёр гэр байсан бөгөөд нэг нь бүр усанд тэр чигтээ автчихсан байсан.

-Хоёр айл нэг гэрт ороод суучихсан байсан юм уу. Очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Тийм. Хоёр өрхийн 12 хүн нэг гэрт орчихсон байсан. Тэнд дөрвөн том хүн, 4-12 насны найман хүүхэд байсан юм. Гэрийнх нь тавилгууд харагдахаа байтал үерт автчихсан, хүүхдүүд унь, хананаасаа зүүгдчихсэн, томчууд нь аль болох аюулгүй байх арга хэмжээ авч байсан. Ингээд бид хурдхан шиг хүүхдүүдийг гаргаж, эмнэлэгт хүргэсэн. Томчууд нь бид нарын амь насыг аварлаа гээд баяртай байсан. Сүүлд хоёр гэр бүлийнхэн баярласан, талархснаа илэрхийлсэн. Цагдаагийн алба хаагчид төрийнхөө сүлдэнд тангараг өргөдөг. Иймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг юм.

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Ихэвчлэн ямар ямар хэргүүд илрүүлж байв?

-Би 2006 онд Нийслэлийн Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж байлаа. 2008 оноос Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын III хэлтсийн эргүүлийн офицер, 2011 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст томилогдон эргүүлийн офицер, 2013 оноос Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 21 дүгээр хороонд хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд их явдаг. Хулгай, дээрэм, булаалт, танхайн хэргүүд гарч байдаг. Овор ихтэй зүйл авч яваа сэжигтэй этгээдийг илрүүлчихнэ. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө Хан-Уул дүүрэгт нэг айлын байшин шатаж байсан. Тухайн үед эзэн нь юу ч мэдээгүй байхад хурдан шуурхай арга хэмжээ авч, унтраасан. Хүний амь нас эрсдээгүй. Мөн шинийн нэгэнд хариуцдаг нутаг дэвсгэр болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Давст тайга” гэх дэлгүүрт хулгай орсон. Иргэн С тамхи болон орлогынх нь мөнгийг нь хулгайлсан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн. Иргэд баяр ёслолын өдрүүдээр сонор сэрэмжээ алдаж, гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдол их бий. Цагдаагийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Ноцтой гэмт хэрэг зөрчил харьцангуй бага байсан.

-Танай хороо ачаалал ихтэй байдаг уу?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо нь Улаанбаатар хотоос 57 километрийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Борнуур, баруун талаараа Төв аймгийн Батсүмбэр, урд талаараа Сүхбаатар дүүргийн Санзай, Чингэлтэй дүүргийн Жигжид зуслан, Баруун, Зүүн салаа гэх зэргээр залгаа. Мөн Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянчандмань сумуудтай хил залгаа юм. Баруун аймгууд явах авто зам болон олон улсын чанартай авто замууд дайран өнгөрдөг. Иймээс ачаалал их. Улаанбаатарт Гачуурт, Жаргалант хэмээх хоёр тосгон байдаг. Үүний нэг болох Жаргалант тосгоны харьяа нутаг дэвсгэр. Эрчимжсэн мал аж ахуй болон сүүний фермтэй. Айл болгон үхэртэй. Тэгэхээр малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Цагдаагийн байгууллага авч болох бүхий л арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг дүгнэх боломжгүй. Харин илрүүлсэн хэргийг дүгнэх боломжтой. Цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, ажилладаг юм шүү. Ийнхүү аюулгүй байдлыг хангаж, хэрэг илрүүлж, эд зүйлийг нь олж өгчихөөд иргэдийнхээ нүд рүү инээмсэглэж харах л хамгийн сайхан байдаг. Хүн хүнээ гэх сэтгэл байхад бүх зүйл бүтнэ шүү дээ. Нэг үеэ бодоход иргэд маань ч гэсэн цагдаагийн байгууллагын ажилд хувь нэмэр оруулж, ухамсартай болсон байна лээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *