Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг “ХӨРӨГ” хайчилбараар үзэсгэлэн гаргажээ. Монголд анх удаа аав, хүү хоёр дүрслэх урлагийн зураасан зургийн төрөл уран хайчилбарын нэг хэсэг “ХӨРӨГ” хайчилбараар үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ ажээ. Аав Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн уран хайчилбарын багш Т. Ганхуяг, хүү Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Д. Төртүвшин нар юм. Мөн үзэсгэлэнд “Уран гар”,”Уран хайчилбар” дугуйлангийн сурагчид хамтран нийт 186 гаруй бүтээл дэлгэжээ.
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн уран хайчилбарын багш Т. Ганхуяг ярихдаа :“ Би уран хайчилбар хийгээд 30 жил болжээ. Энэ урлагийг цаашид нь хөгжүүлэх тал дээр илүү ажиллана. Хайчилбарын урлаг нь олон жилийн түүхтэй. Зах зээл дээр хямд төсөр хайч, хар цаас бариад хийчихмээр амархан санагдаж байж болно. Гэвч нарийн ажилбартай, ахуйн ажилбараас урган гарсан урлаг юм. Үзэсгэлэнд ахмад үе, дунд үе, бага үеийнхний бүтээлүүд дэлгэгдсэнээрээ онцлог байгаа. Хайчаар олон зүйл хийж болно. Уран хайчилбар жоохон мартагдсан урлаг. Үүнийг сэргээх үйлсийн нэгээхэн хэсэг болж байгаадаа баяртай байна. Хүү маань ч бас цаашдаа хөгжүүлэн гэдэгт итгэлтэй байгаа” гэв.
Үзэсгэлэнгийн нээлтэд МХУБТ-ийн захирал Д Уранбилэг, Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Алтангадас одонт улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн захирал Д. Сарангэрэл, тус сургуулийн дизайн технологийн багш Д. Түвшинтөр, “Good nieghbors”, Олон улсын байгууллагын Шархад салбарын багш Н. Ундармаа болон урлангийн хүүхэд багачууд оролцлоо.
Г.МӨНХЦАЦРАЛ