Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцож, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр хорин жил хорих шийдвэр гаргасан билээ. Түүнийг худлаа хэмээн ар гэрийнхэн ньмэдээлэл хийлээ.
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа ярихдаа “Хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд ярилцлага өгч, худлаа зүйл ярьж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг ялласан.Ийм хуулийн заалт байдаг юм уу”гэв.
Хэвлэлийн хурлын үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Тагнуул, хуулийнхан тэдэнд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулсан. Түүнийгээ эвлүүлж нотлох баримт хэмээн хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. Арван дөрвөн мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулж байна” хэмээв.
У.ПҮРЭВСҮРЭН