Техник технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орон Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулахаар үйл ажиллагаа явуулж буй Монгол Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургуулийн сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор Б.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Герман-Монголын технологийн их сургуулийн талаар танилцуулахгүй юу. Танай сургуулийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Германы канцлер Меркель 2011 онд манай улсад зочлоход Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Герман техник технологиор дэлхийд тэргүүлэгч улс. Иймээс Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулах талаар ярилцаж зөвшилцөлд хүрч байсан. Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулахаар Монгол-Германы хамтарсан баг хоёр жилийн хугацаанд Монголын хөдөлмөрийн зах зээл дээр судалгаа явуулахад механик инженер, уул уурхайн боловсруулах инженер, байгаль орчны инженер гэсэн мэргэжлүүд нэн тэргүүнд шаардлагатай байгаа дүгнэлт гарсан. Улмаар 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж дээрх гурван чиглэлээр бакалаврын зэрэг олгож эхэлсэн. Сургуулийн хөтөлбөр Германы стандартаар явагдаж байснаас хангах хэмжээний оюутнууд төдийлөн байдаггүй байсан л даа. Гэхдээ сүүлийн үед энэ стандартыг хангаад, суралцаад явах оюутнууд олширч байгаа. Манай сургуулийн хөтөлбөрийн гол онцлог дадлагад суурилсанд оршино. Мөн нэгж хичээлийн агуулга, суралцахуйн үр дүн нь өөрөө тухайн хүнийг мэдлэг, ур чадвар, хандлагуудыг нь хөгжүүлэхэд оршиж байгаа.
-Уул уурхайн инженер чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй олон сургууль байдаг. Германы инженерийн боловсролыг Монголд нутагшуулахаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Бид бусад сургуулиудтай мэргэжлээ давхцуулахгүйг хичээсэн. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж хөтөлбөрөө боловсруулсан. Өнөөдөр уул уурхайн боловсруулах инженер бэлтгэж буй сургууль манайхаас өөр байдаггүй. Энэ төрлийн мэргэжилтнүүд манай улсад ховор л доо. Ер нь сургууль байгуулахаас өмнө үйлдвэрүүдээс санал асуугаад явж байхад уул уурхайн боловсруулах инженер байхгүй, шаардлага хангадаггүй учраас гаднаас өндөр үнэтэй мэргэжилтэн урьж ажиллуулдаг тухай хэлж байсан. Герман боловсролын нэг зорилго бол хүнийг бие даах чадварт сургадаг. Ийм ч учраас дадлага удирдагчидтай нь эргээд холбогдоход өөрийгөө илэрхийлэх, гадаад мэргэжилтнүүдтэй харилцах, илтгэх чадваруудаараа бусад сургуулийн оюутнуудаас ялгарч байгааг нь хэлдэг. Манай сургуулийн хөтөлбөр онол, практик хосолсноороо онцлогтой. Бид инженерийн прожект гэж хөтөлбөрөөр оюутнуудад багаар хамтарч ажиллах анхны мэдэгдэхүүнийг суулгаж өгдөг. Үүнээс гадна суралцах арга зүйд суралцах гэж хичээл орно. Үүгээр оюутан болоод тулгардаг бэрхшээлүүдийг яаж давах, цагийн менежментийг яаж хийх, илтгэх урлагт яаж суралцах гэх мэт зүйлсийг заадаг. Энэ бүхний дараа оюутнуудыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд дадлага хийлгэдэг. Дадлагын хугацаанд гагнуур, мужаан зэрэг ажилчин хүний хийдэг ажлыг оюутнуудаар хийлгэдэг. Үүний ач холбогдол нь оюутнууд төгсөөд инженер болоход доор нь ажиллаж буй хүмүүсийн хүнд хөдөлмөрийг ойлгуулахад оршиж байгаа. Энэ ажлыг инженер хүн өөрөө хийж чаддаг байх ёстой. Харин уртын дадлагаа оюутнууд “МАК”, “Оюу толгой” зэрэг компаниудад хийдэг.
-Элсэгчдэдээ ямар шаардлага тавьдаг вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтад 500-гаас дээш оноотой хүүхдүүдийг бүртгэдэг. Байгалийн ухаан, математик, физик, хими, англи хэлний шалгалтыг сургуулиас авдаг. Энэхүү шалгалтад 60-аас дээш оноо авсан хүүхэд шууд бакалаврын ангид орох боломжтой. Харин 40-60-ын хооронд оноо авсан бол бэлтгэл ангид суралцна. 40-өөс доошгүй оноотой бол манай сургуульд орох боломжгүй гэж ойлгож болно. Шалгалтаар хүүхдүүдийн ур чадварыг дүгнэж хүүхдүүдийг элсүүлж байгаа учраас чанарын шаардлага хангаж байгаа гэсэн үг.
-Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн оюутнуудад Герман руу очиж сурах боломж байдаг уу?
-Манай сургуульд элсэж орсон оюутнуудаас шалгаруулаад 20 орчмыг нь 14 хоногийн турш Герман уруу зуны сургалтад явуулдаг. Харин гуравдугаар курс төгссөн хүүхдүүдийг Германы компани руу дадлагад гаргадаг. Дээрээс нь манай гурван оюутан солилцоогоор Германд очиж нутагт нь инженерийн боловсрол эзэмшиж байна. Мөн манай сургууль Хятадын уул уурхайн сургуультай хамтарч ажиллаж гурваас дөрвөн оюутныг суралцуулдаг.
-Инженерүүдийг бэлтгэнэ гэдэг их хариуцлагатай ажил байх. Улс орныг инженерүүд хөгжилд хөтөлдөг шүү дээ. Хөгжил хөтлөх инженерүүд Германы хөтөлбөрөөр бэлтгэгдэж байгаа нь улсын хөгжилд эергээр нөлөөлөх байх?
-“Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг инженер бүтээсэн” гэж үг байдаг. Тэр ч утгаараа инженерүүд улс орны хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулдаг хүмүүс байдаг. Бүх бүтээн байгуулалтыг гардаж хийдэг улсууд шүү дээ. Германы хөгжил инженерүүдийн ур чадвар дээр л тогтсон байдаг. Энэ улсаас бид хөтөлбөрөөр нь дамжуулаад, профессоруудаар нь дамжуулаад Монголдоо нутагшуулж байгаа. Үүний үр шимийг монголчууд хүртэнэ. Манай багш профессоруудын заах арга барил, мэдлэгээс нь их зүйл суралцаж байгаа. Энэ профессорууд урт удаан хугацаагаар энд үлдэхгүй учраас заах арга барилыг нь сургуульдаа шингээж авч үлдэхийг зорилгоо болгон ажиллаж байна. Энэ бүх ажлын эцэст Монгол Улсыг хөгжилд хөтлөөд, бүтээн байгуулалт хийгээд явах олон инженерүүд төрж гарна.
-Энэ сургууль уул уурхай руу чиглэсэн инженерүүдийг бэлтгэж байна. Цаашдаа IT чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бодол байдаг уу?
-Хамгийн эхэнд уул уурхайгаа хөгжүүлж, уул уурхайгаас гарсан ашгаар дараа дараагийн технологийн салбаруудаа хөгжүүлэх гэсэн бодлоготой явж байгаа. Бид нарын хэтийн зорилго технологийн хэд, хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Сэргээгдэх эрчим хүч, Механик электроник чиглэлийн инженерийг бэлтгэхээр ажиллаж байна. Механик электроникийн инженер прогаммчлал хийдэг учраас IT-тай холбоотой байдаг. Сүүлийн үед инженерийн чиглэл программ дээр суурилсан байдаг тул энэ төрлийн мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөсөн.
-Дэлхийн боловсролыг Монголд Герман мэргэжилтнүүдээс авах боломж байна гэж ойлгож болох уу?
-Энэ сургуулийг байгуулсан Засгийн газрын зорилго Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшихэд чиглэж байсан. Бүх айлын хүүхдүүд гадаад руу яваад суралцаад байх боломжгүй шүү дээ. Гадагшаа явж сурна гэдэг өөрөө асар их эрсдэл дагуулдаг. Герман, Америк зэрэг хөгжилтэй оронд суралцахад асар их санхүү шаардлагатай. Энэ нь гэр бүлд их ачаа болдог. Дээрээс нь ажиглахад манай эцэг эхчүүд дөнгөж 12 жилээ төгссөн 16,17 настай хүүхдүүдийг гадагшаа явуулаад байдаг. Ийм бага насандаа гадагшаа явж буй хүүхэд мэргэжлийн чиг хандлагаа сайн мэдээгүй, юу хийхээ сайн ойлгоогүй байдаг. Ийм насанд нь бакалаврын чанартай боловсролыг Монголд эзэмшүүлээд, дараа нь магистрт суралцахаар гадаад руу явуулахад “ийм зүйлийг эх орондоо хөгжүүлнэ шүү” гэсэн зорилготой болж төлөвшөөд явдаг. Багадаа гадаадад очсон хүүхдүүд соёлд нь дасаад үлдэх тохиолдол олон байдаг. Бидний эрхэм зорилго чадварлаг мэргэжилтнүүдээ Монголдоо ажиллуулж эх орноо хөгжүүлэх шүү дээ.
О.ДАШНЯМ