Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр “санамж бичиг” байгууллаа

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг бусад төрийн болон аж ахуй нэгж байгууллагатай хамтран шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, урт, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн 6 дүүрэгт “Зөвлөгөөн” зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр /2018.02.12/ Баянгол дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн хэлтэс болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудыг хамран зохион байгууллаа.

Тус дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, МҮЭСТО, Барс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг хүн ам болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй томоохон дүүрэг юм.

Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Замын аюулгүй байдлын үндэсний төв төрийн бус байгуууллага, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, Барс худалдааны төвийн захирал М.Эрдэнэчимэг зэрэг байгууллагуудын төлөөлөл нар оролцлоо.

Энэ үеэр тус дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бусад орнуудын хэрэгжүүлж буй тэргүүн туршлага зэргийн талаар хэлэлцэж, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон байгууллагууд хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрийн зам тээврийн хэрэг, осол, авто замын ачаалал, замын зохион байгуулалт болон тулгарсан бусад асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн саналыг дэмжин хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор харилцан тохиролцож “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр:
– Гэрэлтүүлэг
– Камержуулалт
– Иргэд олон нийтийг татан оролцуулах
– Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах
Замын зохион байгуулалтын чиглэлээр:
– Тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
– Хайс, хашлагыг нэмэгдүүлэх
– Аж ахуй нэгж байгууллага нь гадна зогсоол, талбайд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан ажиллуулах
– Шаардлагатай бусад орц, гарцыг нээх хаах зэрэг арга хэмжээ зохион байгуулах гэх мэт чиглэлээр ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *