Categories
мэдээ цаг-үе

Т.Сэнгэдорж: Зууны манлай дуучин Х.Уртнасангийн анхны хөгжимчин нь байлаа

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, билгүүн номч академич, МЗЭ-ийн шагналт Тэгшжаргалын Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны өсч торнисон нутаг ус, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Булангийн шугуй” хэмээх улаалзгана алагласан нутагт Тэгшжаргалын арван нэг дэх хүү нь болон мэндэлсэн. Ах эгч нараа дагаж олон сургууль дамжсан. Гэсэн хэдий ч сурлага сахилгаар сайн сурагчийн тоонд ордог байв. Бага байхдаа ангийнхаа багшийн найдвартай юм шиг мөртлөө найдваргүй шуудан зөөгч явлаа. Учир нь ангийн эмэгтэй багш Уртнасан, бага сургуулийн багш Мишкад надаар захиа зөөлгөнө. Замдаа захиаг задалж үзэхэд “Орой клубт кино үзье” гэх зэргээр бичсэн байсансан. Мишка багш хариу явуулна. Ингээд дахиад л үгэнд дурлаж, захиаг нь задалж үздэг байж билээ. Ийм л хөгтэй шуудан зөөгч байлаа.

-Анх сургуулийн босго алхаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-Тухайн үед айлууд хүүхдээ сургуульд оруулах их дургүй. Малчин болгох сонирхолтой байсан. Ямар ч байсан есөн настайдаа сумынхаа сургуульд орсон. Сургуульд орчихоод гэрээ их санана. Надаас хоёр насаар ах Ц.Бадарч “Гэртээ харья” гэж хэдэн хүүхэд элсүүлсэн. Би ч багтаж, хэдүүлээ гэрийн зүг гүйж байж билээ. Дунд ангидаа Улаанбаатар хотод суралцаж, арван жилээ төгссөн. Нэг өдөр биднийг мэргэжил сонгуулахаар хичээлийн эрхлэгч дуудлаа. Ингээд Төрийн ордны Дээд боловсролын хорооны Жадамба гэдэг хүн дээр бид оров. Миний ээлж болоход ямар мэргэжил сонирхдог тухай асуухад би “Сэтгүүлч болох хүсэлтэй” гэсэн. Тэгсэн чинь энэ жил Их сургууль нээгдэж байгаа. Иймээс “Сэтгүүлчийн ангид ор” гэсэн. Тэгэхээр нь би гадаад руу явж сурмаар байна гэсэн. Тийм бол “Зөвлөлтөд хуулийн сургуульд суралц” гэснээр миний мэргэжил эзэмших эрх нээгдэж Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетад дөрвөн жил суралцсан. Сургуулиа төгсөж ирээд, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой гэдгээ тухайн үеийн МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, хожим Үндсэн хуулийн Цэцийн дарга, гавьяат хуульч, доктор профессор Г.Совд багшид хэлсэн. Тэрээр намайг “Соёмбо тэмдгийн асуудлаар” судалгаа хийгээд үз гэсэн юм. Урьд нь нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын судалсан уг сэдвийг зориг гарган хийхээр болов. Ингээд МУИС-ийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн минь амжилттай болсон доо. Ингэж л Монголын анхны томоохон дээд сургуульд багш болох зам мөрөө эхлүүлсэн юм. Энэ үеэс өдийг хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байна.

-Өнөө үед ховорхон харагдах баян хуур хөгжим танай өрөөнд байх юм. Та баян хуурыг сайн тоглоно биз…

-Сонирхлоороо тоглох гэж оролддог. Бага ангид байхад хөгжмийн багш маань хэсэг хүүхдийг дагуулан цэргийн ангиудаар явж тоглолт хийлгэж билээ. Тэгэхэд доод ангийн нэг охин “Хонгорхон хулстайн тал” дууг эвлэгхэн нь аргагүй дуулахад баян хуураар би дагаж хөгжимдсөн юм. Энэ охин бол хожмын Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан байлаа. Ингэж би энэ алдарт дуучны анхны хөгжимчин болж байсан.

-Хамгийн анхны бүтээлээ хэзээ туурвиж байв?

-Аравдугаар ангид байхдаа “Төрүүлсэн эх-Төрсөн нутаг” шүлгийг Маяковский, Гайтав гуай нарын арга барилаар бичиж “Утга зохиол, урлаг” сонинд огт танихгүй хоёр зохиолчдод аваачиж өглөө. Хэд хоногийн дараа хүүхдүүд сонин үзээд шуугилдаад байхаар нь очоод хартал миний шүлэг гарсан байв. Ингэж миний анхны шүлэг сурагч байх үед хэр баргийн юм нийтэлдэггүй, босго өндөртэй Монголын зохиолчдын Төв хэвлэлд гарч билээ. Тухайн үед танихгүй байсан хоёр зохиолчийн нэг нь “Хошуу цагаан нутаг” роман бичсэн ахмад зохиолч Н.Банзрагч (алдарт уртын дууч Норовбанзад гуайн нөхөр), нөгөө нэг нь яруу найрагч Д.Найманжин (“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дууны шүлгийг бичсэн) нар байсныг хожим мэдэж, эдгээр зохиолчдыг дурсан санаж явдаг юм.

-МЗэ-ийн шагналыг хүртсэнд баяр хүргэе. Шагналын хур буулгасан “Нутгийн дуулал” шүлэг бүтсэн түүхээсээ ярьж өгөөч?

-Хөгжмийн зохиолч Д.Пунцагдоржтой хамтран хэд хэдэн дуу хийсэн. Ингээд дуу болон бүтсэнд урамшиж, 1960 оны дунд үеэс дууны шүлэг дагнан бичиж эхэлсэн.Тэр үед дууны үгийг МЗЭ-ийн яруу найргийн секцийн эрхлэгч Б.Явуухулан гуайд үзүүлж батлуулсан. Тэгээд радио телевизээр явах эрх нээгддэг тогтолцоотой байлаа. 1964 онд “Нутгийн дуулал” нэртэй шүлэг бүтээж, аяыг нь хөгжмийн зохиолч Д.Пунцагдорж хийж, эстрадын ахмад дуучин З.Цэнд-Аюуш гуай анх дуулж олны хүртээл болгосон юм. Уг онд МЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдах үе тохиож билээ. Гэр бүлийгээ нутаг устай зүйрлүүлж бичсэн. Энэ дууг МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Н.Чулуунхүү, Д.Дагийсүрэн, нэрт дуучин Адарсүрэнгийн шавь С.Баянмандах зэрэг олон дуучид өдийг хүртэл дуулсан. Уг дуунд маань зориулсан хөшөө 2005 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвд боссон.

-Амжилтад хүрэхэд хамгийн их түшиг тулгуур болдог зүйл бол гэр бүл. Та өөрийн гэр бүлээ танилцуулаач?

-Түшиг болж, гэр орныг минь өнгөтэй, найдвартай авч явдаг хүн бол миний хань С.Сарантуяа юм. Эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан. Би Эрхүүгийн их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан байхдаа Монголд ирж амарсан юм. Ингэхдээ орчуулагч хийж байсан. Энэ үеэр Нийслэлийн тавдугаар сургуулийн аравдугаар ангийн охинтой танилцаж билээ. Миний туулж өнгөрүүлсэн их ажлын талаас илүү хувь нь ханьд минь ногдох ёстой гэж боддог.

-Таны зургийн цомгийг үзэж байхад хань С.Сарантуяа гуай их сайхан урт үстэй харагдсан…

-Тийм шүү. Миний хань “Монголын сайхан урт гэзэгтэй бүсгүй”-гээр шалгарч байсан. Ингээд хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайгаас хүндэт өргөмжлөл шагнал гардаж авсан. Энэ нь манай гэр бүлд мартагдашгүй баяр болж билээ. Ийм л сайхан ханьдаа зориулж “Сайхан монгол саран бүсгүй” дуу зохиож, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай ая оруулж, МУГЖ У.Далантай дуулж олон түмэнд хүргэж байсан юм.

-Сурган хүмүүжүүлэгч гэдэг асар том хариуцлагыг нуруундаа үүрч явдаг хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Багшилсан он жилүүдийн тэр их үүрэг хариуцлага хүлээсэн дурсамжуудаасаа хуваалцвал?

-50 гаруй жил багшлахдаа үндэсний болон олон улсын эрх зүй, дэлхийн улсуудын төр эрх зүй гээд нийт найман төрлийн хичээлийг МУИС, ЭЗДС, ХААИС-д монгол, орос хэлээр зааж 6000 гаруй дээд мэргэжилтэй хуульчдыг бэлтгэж, 600 шахам магистрыг төгсгөжээ. Д.Лувсаншарав, Э.Авирмэд, Г.Совд багшнарын хамт одоогийн хөдөлмөрийн баатар ардын багш, гавьяат хуульч Б.Чимид бид хоёр нэмэгдэж хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг явуулдаг байлаа. Боловсрол шинжлэх ухааны салбар дахь миний энэхүү амжилт ололт бол өөрийн орны болон Орос улсын нэрт эрдэмтдийн туслалцааг авч, МУИС гэдэг эрдэм оюуны их өргөөнд багтан ажилласны ач буян юм.

-Доктор цол хэргэмд хүрнэ гэдэг тийм ч амар даваа биш. энэ их хөдөлмөрөө яаж эхлүүлж байв?

-1976 онд ШУА-иас зарласан аспирантурын уралдаант шалгалтыг орос хэл, намын түүхийн хичээлээр өгч тэнцээд судалгаа шинжилгээ хийх замд орж байв. Төрөөс хөдөө аж ахуйн хоршооллыг удирдах эрх зүйн асуудлаар сэдэв сонгон, төлөвлөгөөний дагуу бүлэг зүйлүүдээ бичиж цэгцлэх, багш нарт уншуулж санал авч сайжруулах, бэлэн болсныг нь оросоор орчуулах зэрэг ажлыг хийснээр диссертаци бэлэн болж билээ. Ингээд эрдэмтэн Э.Авирмэд багшийн удирдлагаар 1980 онд ШУА-ийн хууль зүйн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан. Үүнээс 14 жилийн дараа Байгаль орчныг хамгаалах эрх зүйн уламжлал шинэчлэл сэдвээр МУИС-ийн дэргэдэх Эрдмийн зөвлөлд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэргийг 100 хувийн саналаар хамгаалсан юм. Мөн бүтээлийн үзүүлэлтээр 1997 онд профессор цолыг Эрдмийн зэрэг цол олгох Дээд зөвлөлийн шийдвэрээр тус тус хүртэж байлаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *