Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг “Миний үзсэн Цагаан сар” буландаа нийтэлж байна
Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үзэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. “11-тийн үзгэнд зэс утсыг ороож суулгавал бэх тасраад байдаггүй удаан бичүүлдгийг миний үеийнхэн мэдэх байх. Түүн дээр манай нутагт алтлаг ялтсыг хаанаасаа хэн нь олсон юм мэдэхгүй, түүнийгээ савтай бэхэнд хийхээр алтарч харагдаад гайхалтай болдогсон. Бодвол, Багшийн сургуулийн л мундаг багш байсан байлгүй дээ, Цэвэгжав гэдэг хүний “Хичээнгүй бичиг” гэсэн ташуу шугамын дагуу гайхалтай бичсэнийг дууриалгаж байгаад сургуулийнхаа гоё бичгийн аварга гэсэн хатуу цаасан дээр гараар бичсэн хөөрхөн үнэмлэхтэй болж билээ. Миний хамгийн анхны шагнал нь энэ. Гоё сайхан бичдэг гээд захирал надаар “Сургуулийн дотоод дүрэм” гэгчийг бичүүлэхэд, нөгөөх алтлаг өнгийн бэхэн үзгээр бичлээ. Багш нараас магтаал сонслоо. Түүнийгээ харах тусам “Үүнийг би бичсэн юм шүү дээ” гэж сэмхэн гайхуулна. Гэвч хэдхэн хоногийн дараа сургууль дээр ирээд нөгөөхөө хартал тэр чигээрээ бэх нь доошоо нүүж урсаад, хүн харахын аргагүй юм болжээ. Усаар тургичихгүй юу. Ингэж би “атаархал” гэгч аюултай юм байдгийг сүрхий мэдэж авлаа.
Захирал багш хүүхэд болгоныг байцааж “Хэн ингэж сургуулийг дайсагнасан бэ” гэж шалгааж, байцааж, зарим сахилгагүйг ангид хонуулна гэж сүрдүүлж байсан ч эзнийг олсонгүй. Тэр үеийн айхтар шийтгэл бол “Ангид хонуулах” явдал байсан юм. Хичээл номоо давтдаггүй, сахилгагүйтсэн хүүхдийг шөнөөр хоосон харанхуй ангид ганцааранг хонуулна, давсаг султай нь шээчихсэн байх, мөн бүдүүлэг арга байгаа биз. Сандал өргөж зогсоох, анги хэсүүлж, бусдын өмнө нүүр улайлгаж баалах, нэг хөлөө өргөж салхи өөд харуулж зогсоох зэрэг нь энүүхэндээ. Ер нь тэр үеийн багш нар дүндээ ч хатуу, шийтгэлдээ ч хатуу байжээ. Бас сахилгатай байж дээ, цонхыг нь хагалаад гараад явчихдаггүй, өглөө ирэхэд нөгөөх нь толгойгоо илээд, инээх, ярвайхын хооронд “Айж хонолоо, муухай юмаа… одоо би дахиад хэзээ ч сахилгагүйтэхгүй” гэсэн ам тангараг тавина. Түрүүчийн миний бичсэнийг хэн ингэж сүйтгэснийг дотроо олчихсон мөртлөө ам алдалгүй өнгөрсөн. Надаар түүнийгээ дахин бичүүлэхэд хэзээ хойно хэвээрээ харагддаг, хэн ч зүрхэлж “дайсагнаагүй”, би ч өөрийгөө гайхуулахаа больсон юм. Төдхөн аймгийн төвд дунд сургуульд ороод, хурдан бичих шаардлага тулгараад, юун нөгөөх мундаг “элементээр” бичдэг хөг өнгөрч, мундаг бичигчийн сураг тасарсансан.
Энэ яриад байгаа юмс бол алс тэртээх 1963 он л доо. Манай сум өвс ч тогтохын аргагүй саруул дэнж дээр байдаг, одоо ч тэндээ. Хоёр жилийн өмнөх айхтар зуднаар нийгмийн мал сүргийг хамгаалж, амь эрсэдсэн хүнийг алдаршуулсан хөшөө сумын хойхно харагдана. Хөшөө гэдэг юмыг анх үзэж байгаа нь тэр. Битүү цас айлуудын гэр дээврээ хүртэл дарснаас болоод бусдаар өргүүлэн тооноор гарч онгойлгож байсан цаг. Жил жилийн хавар эхлээд сумын хойд саруул дэнж дэвсэг, хөшөөтийн хөндийгөөр нэг л өдөр нүүгээд ирэх шиг санагддагсан.Суугантын энэ л нэлгэр талаар хаврын зэрэглээ мяралзан, таана, хүмэлийн үнэр хамар сэтлэх шахахад л сая ужиг урт өвлийн ард гарч, зуны амралт дөхөж, гэртээ харьж, хамгаас хайртай ижийдээ очих цаг боллоо гэж догдолдогсон.
Мижээ захирлын оронд нь “шаазан” хэмээх Гомбожав гэдэг өндөр шар хүн ирлээ. Яагаад “шаазан” гэж хочилсныг ерөөсөө мэдэхгүй, одоо ч тааварлахгүй байна. Олон үггүй, сүйд болтол загнадаггүй, бидэнтэй тоож ч ярьдаггүй тийм л нэг тийм гэхийн аргагүй хүн байсан. Тэднийх манай дотуур байрны гэртэй бараг залгаа байсан, яндангаар нь галын оч харваж байхыг хараад “Мөн ч дулаахан сайхан байгаа даа, ороод дулаацах юмсан“ гэж бодно. Нэг гоё юм бол авгай нь гэх залуувтар хүүхэн дөнгөж тосноос нь гаргасан цагаан түмпэн дүүрэн боорцог гэрийнхээ гадаа гаргаж тавина. Хөргөж байгаа юмуу, мэдэхгүй…Пөөнийсэн үстэй дээлтэй, хүзүү нь булигаар шир шиг болсон бид яг л элээ шиг шурдхийн шүүрнэ. Ёроолд нь нэг ч боорцог үлдэхгүй. “Яахнав” гэж бид хаалганы тотгоор харахад, нөгөөх хүүхэн гарч ирснээ хоосон түмпэнгээ барин машид гайхшран тэнгэр өөд харах нь шувуу шүүрчихэв үү гэж таамаглаж байгаа бололтой. Говийн бүүдгэр тэнгэрт бор болжмор л байна уу гэхээс юуныхан нь элээ, тас байхав. Дараагаар нь салхинд хийсчихэв үү гэж байгаа бололтой салхины уруу харж хэсэг зогсоно. Тэгснээ мэл гайхаж, толгой сэгсрээд гэртээ орно. Сайндаа л дөрөвдүгээр ангийн нөгөө муу нусгайчуул бас сүрхий үгтэй, бага хүүхдийг басаж болдоггүй юм билээ. Тэд подгор, сүрхий үгтэй, хэзээний аавын цээж болсон нь ч байсан. Зарим нь хөдөө хээр чөтгөр шулмастай таарч явсан гэж жигтэйхэн үнэмшилтэйгээр худал зална.“Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг, шавхаруу, шавхаруу идээд ч цаддаггүй “шаазан” Гомбожавын боорцогоор нэг цаддаг” гэсэн үг гаргаадах нь. Хоёр удаа биднийг сайн гэгч нь цатгаад тэр эмэгтэй хашираад дахиж, гэрийн гадаа боорцогоо тавихаа больсон билээ.
Бид цагаан сар, хаврын амралт хоёрыг л тэсч ядан хүлээнэ. Би чихрийн цаас, захидлын дугтуй, марк учиргүй ихийг цуглуулдаг, түүн дотор “Амралт” гэдэг зөөлөн амтлаг чихрийн цаасыг тусгайд нь хадгалж, түүнийг харангуут сэтгэл хөдлөөд, бараг нулимс унагах шахдагсан. Цагаан сараар сумын улаан буланд том идээ засаж, ахмадуудтай золгох нь жил бүрийн уламжлал болчихоод байсан. Энэ үеэр дотуур байрны хөвгүүд бид, ёстой зээрийн үнэр авсан чоно шиг болцгооно. Сумын дарга ерөөл хэлээд хэдэн үеэр зассан хэвийн боовтой идээгээ бариад олны дундуур явахад, үүнийг отож байсан арай сэргэлэн нь тавгийн идээг малгайгаараа цохиж унагаана. Тэгэнгүүт шалаар нэг энд тэнд тарж унасан боов, чихрийг тэр дор нь өвөртөлж аваад арилж өгцгөөнө. Одоо ч гэсэн миний нүдэнд хов хоосон болчихсон цагаан түмпэн гартаа бариад “мондинууд” гээд чинэртлээ уурласан хэрнээ яаж ч чадалгүй үлдсэн сумын даргын хүрэлгэр царай харагдсаар байна.
Нэгэн удаагийн цагаан сарын өмнөхөн өвлийн амралт яг таарч эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт авч, Лууяа ах бид байрандаа хоёулхнаа үлдэв. Манайх Яшил уулын олон сархиагтай, хад асгатай, нөмөр нөөлөгтэй дулаан газар өвөлжиж байсан юм. Тэсч чадсангүй ээ, хоёулаа гэр рүүгээ оргоё. Аав эзгүй байгаа хэрэг. Байсан бол аль хэдийнэ морь хөтлөөд ирнэ. Золиг минь чи битгий нойрмоглож, үүрэглээд байгаарай, үүрийн харанхуйгаар босно шүү. Эхлээд шууд илээр цагаан газраар явахгүй, баруун хар овооны цаад хадаар тойрч, дараа нь сумын төв харагдахааргүй болохоор замаа товчилно. Их алхана шүү, араас багш нар ирж магадгүй. Хурдан алхана, гүйх газраа гүйнэ. Шуурга болбол аюултай, хамаг байдгаараа хувцаслаарай, аавын жолооч малгайг чамд өмсгөнө, би яахав, надад ороолт байхад болоо” гэж хэлэв. Уг нь хамгаас зөөлөн ах маань яггүй сүржин болчихож. Орголоо. Хэн ч сэжиг авсангүй. Харин толгойд тэр үед элэгдтэлээ гарч, бараг арваад удаа үзсэн “Түмний нэг” киноны хоёр хүүхэд оргож, Чимэд багш хойноос нь савхин гуталтай яваад цасан шуурганд хөлдөж үхэх шахдаг хэсэг толгойд орж ирж байв. Ах намайг хол хаячихаад алхаад байна, би гүйцдэггүй ээ. Намайг ойртонгуут цаашаа алхана. Би “Хог минь хүлээгээч, гутал багадаад хөл холгоод явж болохгүй байна” гэж уурлан хашгирна. Ах “Чихгүй толгой шиг” тоохгүй. Чулуу шидэж үзлээ. Нэг гайгүй ойртоод, “Цас тааралдвал араараа эргэж хараад, мөрөө баллаарай” гэчихээд улмаа хурдлан алхана. Нар жаргахаас арай өмнөхөн гэрийнхээ барааг холоос хараад түүн шиг баярласан нь үгүй. Ээж минь “Хоёр хүүгээ алах шахлаа. Хаврын тэнгэр хартай. Цас орж, шуурга шуурсан бол сүйд болох нь байж шүү дээ. Аав чинь та хоёрт морь барих гээд хэдэн адууныхаа хойноос явсан” гэж дуу алдан хөл алдан уулзалдлаа. “Дүүдээ ширүүн хандаж, хөлийг нь сүйд хийх шахаж” гэж ахыг зэмлэв. Би ч холгосон хөлөөрөө ялархаж, хэд хоног хонь малд явалгүй жаргав. Цагаан сарын боов хэвлэнэ, хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил…хар өглөөгүүр Бага ижий маань гурил зуурч биднээр нухуулав. Бүх юм санаанд нь таарч тохирдоггүй ижийн минь төрсөн дүү бага ижий “Энэ гурил чинь хүв хүйтэн байна, цэврүү үсэрсэн байна. Болоогүй байна. дахиад сайн нух” гээд өдөржин нухуулна. Нухаж нухаж бага ижийн гарт өгөхөд хутгаар нэг зүсэж үзэхэд л үнэхээр нүх сүв харагдана. Угийн өрөвч зөөлөн ээж минь “Оргож босоод арайхийж ирж байхад хүүг минь зовоолоо, одоо болноо. Ямар Гандангийн боов хийх гэж байгаа биш, ямар урьдны муу Тасран гуай биш дээ” гэх. Суганыхаа булчирхайгаа цуцтал нухлаа. Зуухныхаа аман дээр аргал зэрэглэж, ижийн минь царай гэрэлтэж, гал хөсийг нь гайхалтай тааруулж, хэвийн боовоо хайчаараа ганц нэгээр эргүүлэн гаргаж байгаа тос даасан царай, тэр гоё зураг миний тархины бор давхраанд үлджээ. “Боов сайхан боллоо, сайхан жил гарах нь ээ. Өглөө эрт мориороо мөрөө гаргацгаана. Улс амьтан эрт ирэх байх” гэж аав маань нэрмэлдээ царай нь ягаарч туяараад бүр сайхан зан нь хөдөлчихөж. Тэр үед хөдөөгүүр “радиожаагүй” болохоор цагаан сарын бөх сонсоно гэсэн юм байхгүй байв. Ер нь ч цагаан сарын бөхийн барилдааныг нэлээд хойхноос нэвтрүүлж эхэлсэн байх.
Битүүний шөнө гэрээс гарахад дулаахан чулуун хороонд хонь налайтал хэвтэж, хивэх нь хивж, босох нь босож, бяруу шиг эр ямаа гэмгүй хонийг мөргөн босгож, дулаан хэвтрийг булааж, өөрөө орж хэвтээд цаанаа л налгар тайван харагдана. Уг нь битүүлгийн бууз айлдаа аваачиж өгдөгсөн. Энэ жил айл байхгүй нь гунигтай санагдав. Манай ангид шилжиж ирсэн тэр үед бараг байгаагүй улаан, цэнхэр туузтай цовоо хөөрхөн Цэнгэлсүрэн манайхтай айл байвал гоёо. Тэгвэл шөнө орой болтол бөгзөг нясалж, морь уралдуулна даа ” гэж томоор бодож байж билээ. Үнэхээр маниусыг бодвол, суурин газрын дэгжин тэр охин дуулж, бүжиглэнэ, багштайгаа нууцаар ард алчуур хаяж тоглоход, туулайн бүжин шиг гүйж яваа нь онцгойсон. Үнэхээр ч тэр маань багаасаа авьяас нь тодорч, хожмоо хилийн цэргийн ансамблийн гоцлон бүжиглээч болсон билээ.
Дотуур байрнаасаа оргож, босож анх удаа эрийн шийр зааж очсон тээр жараад оны шинийн нэгэн, цагаан сар нэг л тогтуун, налгар тайван сэтгэлээс гарахааргүй болжээ. Хөлөрч цантсан, тогтож ядсан морьтой, үнэгэн лоовууз малгайтай шинэлээчид хаа сайгүй давхилдаж, их л хөл хөс болж би ч даган баясаж хөөрөлдөж байлаа. Өөр сум, нутгийн оторчид байсан болоод тэр үү, урт урт уурга суналзуулсан, ёстой идрийн цог золбоо гялалзсан залуус байсансан. Тэр үеэр “падгар” нэртэй жижгэвтэр биетэй тэмээгээр айлаас айл руу хэсэж, бөхнөөс нь зүүсэн уутандаа дүүрэн чихэр, боовтой хөл хөөрцөг болон ирж байв. Манайхтай айл саахалт олон жил болсон Халтар гуайнд хонож өөхтэй буузандаа пологдож, авдрын нүүрэн дээр нь толбо үлдээхэд, гэрийн эзэгтэй Цэсэм гуай “Хүүгийнээ үүнийг арчихгүй ээ, хүүхдийн заяа буян их…ийм заяа буяныг хэвээр нь байлгана” гээд үнэхээр арчаагүйсэн, олоон жилийн дараа цэргээс халагдаад тэднийхээр ороход тэр толбо хэвээрээ байж билээ. Ер нь “Хуучны улсууд гэдэг хуудас дүүрэн судар” байжээ. Ер нь сургуулийн дотуур байранд хөдөө гэрээ, аав, ижийгээ санах үедээ “Унших бичгээсээ” дахин дахин уншаад бүр цээжилчихсэн:
Өвлийн шөнө
Өвөлжөөн дээр
Буурал цас
Будран ороход
Сар хүрээлж
Салхи жаварлаад
Дугираг буйртай
Дулаан гэртээ
Аагтай цайгаа
Амтлан ууна” гэсэн хөдөөгийн монгол айл гэр, адуу мал аяндаа харагдмаар, аав ээжээ голоороо санамаар мөр бадгууд зүрх сэтгэлд хадагдсан байж билээ. “Өнчин цагаан ботго”, “Цуутын цагаагч гүү” зэргийг уншаад ангиараа шахуу өөрийн эрхгүй нулимс унагаадагсан. Магадгүй өнөөдөр миний зохиолч, сэтгүүлч нэртэй явж байгаа минь тээр жараад оноос ёстой л Лодойдамба гуайн “Бурантаг” шиг бүдэрч, өнхөрч, дэгдэж явахдаа уншсан, уран зохиолын номуудын минь ач, гэрэл гэгээ юм гэдэгт баттай итгэдэг ээ.