– МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Х.МАНДАХБАЯР СОНГОГДОВ-
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурал өчигдөр Нийслэлийн иргэний танхимд эхэлсэн юм.Хэвлэл мэдээллийн салбарын 400 байгууллагын 305 төлөөлөгчтэйгөөр их хурал болов.Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох юм. Хурлын төлөөлөгчдийн хамгийн өндөр настай сэтгүүлч нь 87 настай соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, хамгийн залуу сурвалжлагч нь 23 настай н.Мөнхбаяр оролцож байв. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа гэдгээ өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ гэх олон таамаглал хэвлэл мэдээллийн салбарынхны дунд гарсан. Мөн Монголын нэр нөлөө бүхий томоохон намууд МСНЭ-ийн даргад өөрсдийнхөө хүнийг тавихаар өрсөлдөж эхэллээ гэх зүйлс ч яригдаж эхэлсэн юм. Мөн хурлын 305 төлөөлөгчийн мандатын асуудал ч нэлээд хэл ам дагуулсан.
Б.ГАЛААРИД: МСНЭ-ИЙГ СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛЛАГА ГЭДГИЙГ ХУУЛЬЧЛАН БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
09:00 цагт эхлэх тов нь зарлагдсан их хурал 10:30 цагт эхэлсэн юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурлыг нээхдээ ерөнхийлөгч Б.Галаарид өмнөх дөрвөн жилийн хугацаанд МСНЭ-ийг толгойлж ажиллахдаа хийсэн томоохон ажлуудынхаа талаар ярив. Тэрбээр “МСНЭ-ийг Төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай байна. Учир нь эвлэлийн гишүүний татварыг 100 хувь хураасан ч үйл ажиллагааны арван хувьд хүрдэггүй учир санхүүгийн хувьд маш чадамжгүй. МСНЭ-ийн ажлын алба гуравхан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Жилдээ 36 сая төгрөгийн зардлыг өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулдаг. Удирдах зөвлөлийн гишүүдээс ч татвараа төлдөггүй хүн байна. Татварт найдах хүндрэлтэй. Тиймээс өөр эх үүсвэрээс санхүүжих шаардлагатай байна. Салбарын ганц толгой байгууллага учраас яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл санхүүгийн хувьд ийм чадамжгүй байх нь учир дутагдалтай. Манай салбарыг төрийн бодлогын хувьд орхичихсон. Хүчирхэг бүтэцтэй болоход удирдах зөвлөл ажиллаасай гэж хүсч байна. Цаашид МСНЭ-ийг Сэтгүүлчдийн нэгдсэн төв байгууллага гэдгийг хуульчлан баталгаажуулах шаардлагатай. Сүүлийн үед надтай холбоотой таагүй мэдээлэл гарах болсон. Миний бие энэ байгууллагыг толгойлж ажиллахдаа улс төр, намтай огт хамтарч ажиллаж байгаагүй. Мөн олон жил байргүй явсан МСНЭ-ийг 46 метр квадрат байртай болгосон. 20 сая төгрөг МҮОНРТ-ээс авсан гэх асуудал яригдаад байгаа. Өнгөрсөн жил БНСУ-аас 20 сэтгүүлч үндэсний их баяр наадмын өмнө ирсэн. Тэдгээр сэтгүүлчдийн буух буудал, идэх хоол унд, хөдөө орон нутагт явуулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан байгаа. Мөн БНХАУ-ын сэтгүүлчид ч ирсэн” гэлээ.
Үүний дараа их хурлыг удирдан зохион байгуулах таван тэргүүлэгчийг санал хураалган сонголоо. Оролцогчдын саналаар Хурлын даргаар эрдэмтэн судлаачдын багийн төлөөлөл МУБИС-ийн доктор Ж.Батбаатар, тэргүүлэгч гишүүдээр ахмадын төлөөлөл Ү.Хүрэлбаатар, залуучуудын төлөөлөл, сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, орон нутгийн төлөөлөл, Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн дарга Ч.Номин, телевизийн төлөөлөл, МҮОНТВ-ийн дарга асан Ц.Оюундарь нар сонгогдов. Мөн тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй баталж, хурлын дэгээ тогтоосон юм.
“МСНЭ МӨНГӨГҮЙ БАЙНА ГЭЭД ҮНЭТ ЗҮЙЛЭЭ ЧӨТГӨРТ ХУДАЛДАЖ БОЛДОГ ЮМУУ”
МСНЭ-ийн ирэх дөрвөн жилд барьж ажиллах шинэ дүрмийн төслийг боловсруулан гаргажээ. Үүнийгээ сэтгүүлчдэд танилцуулсан юм. Шинэ дүрэмд сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага найман дэд ерөнхийлөгчтэй байх санал оруулсан байгааг сэтгүүлчид эсэргүүцэж байв. Мөн “МСНЭ-ийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нь улс төрийн намаас хараат бус иргэн байна” гэсэн дөрвөн жилийн өмнө баталсан дүрмийн заалтыг өөрчилж “Намын гишүүн байж болно” гэсэн заалт оруулсан байв. Үүнийг хуралд оролцож буй сэтгүүлчид эсэргүүцэж байгаагаа хүчтэй илэрхийлсээр байсан юм. Хуралд оролцож байгаа сэтүүлчдийн олонх нь “Яагаад нам бус хүн сэтгүүлчдийн эвлэлд өрсөлдөнө гэдэг заалт алга болчихсон юм бэ” гэж асуухад Б.Галаарид “Би дөрвөн жилийн хугацаанд улс төрийн нам бүлэглэлтэй хамтарч ажиллаагүй, хол хөндий байсан гэдгээ онцолж хэлсэн. Үүнийг сүүлд нь хараад байхад алдаа байсан юм байна лээ. Улс төр, Засгийн газартай хамтран ажиллаж байж санхүүгийн асуудлаа шийдүүлнэ. МСНЭ-ийн удирдлага аль нэг намын хүн боллоо гээд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Аль нэг намын хүн ерөнхийлөгч боллоо гэхэд санхүүгийн болон бусад асуудлаа шийдүүлээд авчихна. Түүнээс тэр намын мэдээг танай хэвлэл мэдээллийн байгууллага тэгээд гаргаад өг гэвэл аль ч хэвлэл мэдээллийн байгууллага гаргаж өгөхгүй. Бүр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд нам бүрийн төлөөлөл байвал бие биедээ хяналт тавиад явчихна” гэв. Үүний дараа сэтгүүлч Х.Эрдэнэбулган “МСНЭ мөнгөгүй байна гээд үнэт зүйлээ чөтгөрт худалдаж болдог юм уу, мөнгөтэй болно гээд аль нэг намд худалдагдах нь зөв юм уу. Жоомоо шатаах гээд гэрээ шатаадаггүй биз дээ. Хамгийн гол асуудал нь улс төрөөс хараат байна гэсэн сэтгүүлзүйн үндсэн зарчмаасаа ухарч болохгүй шүү дээ” гэв. Үүнээс үүдэлтэйгээр улстөрчдийг ашиглаж намуудын төлөөллийг оруулах дүрмийн өөрчлөлт хийлгэх гэсэн асуудлыг эсэргүүцэж, дөрвөн жилийн өмнө батлагдсан хуучин дүрмээрээ явах саналыг сэтгүүлчид дэвшүүлж байв. Мөн дүрмийн өөрчлөлтийн хажуугаар сэтгүүлчдийн цалин хөлс, нийгэмд үнэлэгдэж байгаа үнэмлэмж, их, дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байгаа залуу сэтгүүлчдийг чадавхжуулах, орон нутгийн сэтгүүлчдийн эрх ашиг гээд олон асуудал хөндөгдсөн юм. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Би энэ хуралд орохын тулд сая төгрөг МСНЭ-д өчигдөр орой өгсөн. Баримт нь энэ байна. Улс төрчдийн гар хөл болно гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Бид ингэж явж болохгүй. Олон мянган сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах ёстой” гэв. “С1” телевизийнхэн хурал болохын өмнөх өдөр МСНЭ-д татвараа төлсөн бололтой.
Хурлын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигч “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр “Энэ хурал дээр миний тухай яригдаад байх шиг байна. Би өнгөрсөн арванхоёрдугаар сард МАН-аас гарсан. Би намаас гарсан бичгээ аваад ирсэн байгаа” хэмээн мэдэгдэв. Ингээд шинэ батлагдсан дүрмээрээ явах уу, хуучин дүрмээрээ хуралдах уу гэдэг дээр горимын санал хурааж төлөөлөгчдийн ихэнх нь дэмжиж, 2014 онд МСНЭ-ийн 16 дугаар хурлаар батлагдсан дүрмээр явах шийдвэрт хүрсэн юм.
ГУРВАННЭР ДЭВШИГЧ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ХУРЛЫГ ОРХИН ГАРАВ
Монголын сэтгүүл зүйн салбарын бодлого, шийдвэрийг тодорхойлох Ерөнхийлөгчийн сонгуульд, МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Niislel.mn” сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нар өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байсан. Хурлын үеэр “МСНЭ-ийн хуучин удирдлага болон Монголын сайтын холбооныхон нийлж ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Мандахбаярт зориулсан, түүнийг энэ албан тушаалд томилох гэж оролдсон хурал болж байна” гэх эсэргүүцэл танхим дунд хүчтэй өрнөв. Үүнээс үүдэлтэйгээр МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Niislel.mn” сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс нар тайзан дээр гарч эсэргүүцлээ илэрхийлж, хурлыг орхин гарсан юм.
ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ ШИНЭ ДҮРМЭЭ БАТЛАВ
МСНЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион, “Niislel.mn” сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс, Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүд, залуу сэтгүүлчдийн холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, ахмад сэтгүүлчид болон хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл хурлыг орхин гарсны дараа 188 төлөөлөгч үлдэж, хурлаа үргэлжлүүлсэн юм. Дүрмийн төслөө хэлэлцэж, шинэ төслийг баталсны дараа ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулсан юм.
Хурлын заалнаас МСНЭ-ийн ерөнхийлөгчид “ТВ-2” телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНРТВ-ийн захирал Л.Нинжжамц, “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-эрдэнэ, ахмад сэтгүүлч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлэв. Үүнээс Ү.Хүрэлбаатар, Л.Нинжжамц нар нэрээ татсанаар гурван нэр дэвшигч өрсөлдөхөөр боллоо.
Нэр дэвшигч “ТВ-2” сувгийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа “Миний хувьд 1993 оноос хойш телевикийн салбарт ажиллаж байна. Жирийн сэтгүүлчээс редакц ахлах ажлыг хийж байсан. 2017 оноос “ТВ-2” сувгийг нээж ажиллаж байна. Сэтгүүлчдийн эвлэл санхүүжилтгүйгээр цааш явахад хэцүү. Олон улсад ч эвлэлүүд санхүүжилт сайтай байж хүчтэй ажиллаж чаддаг. Тиймээс МСНЭ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулан, олон улсын харилцааг өргөжүүлэн сэтгүүлчдийн боловсролыг дээшлүүлэх, дахин сургахад анхаарна” гэв.
Харин нэр дэвшигч МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, “Миний хувьд “Өнөөдөр” сонинд арав гаруй жил ажилласан. Сүүлийн гурван жилд Үндэсний зөвлөлийн гишүүн байсан. Өнөөдрийн хурлаас харахад сэтгүүлчид бид өөрсдийгөө хамгаалах зайлшгүй шаардлага гарч байна. Цаашдаа МСНЭ-ийн үйл ажиллагаанд сэтгүүлч бүр идэвхтэй оролцож, менежментийг сайжруулах ёстой юм. МСНЭ-ийг яах аргагүй сайн менежер авч явах нь зөв юм” гэлээ.
“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр “Өмнөговь аймгийн МАН-ын үүрийн даргаар ажиллаж байсан. Энэ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, намын гишүүнчлэлээс татгалзана. МСНЭ-ийн дүрэм журмыг хүндэтгэн орж ирж байна. “МСНЭ” 67 дахь жилдээ үе үеийн сэтгүүлчдийн нуруун дээр өнөөдрийг хүртэл амжилттай явж ирсэн. Мэргэжлийн хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, сэтгүүлчийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлж, хариуцлагажуулах, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Үүний дээр эрүүл мэндийн болон эрсдлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулахад онцгой анхаарна. Хоёр дахь том зорилт бол сэтгүүлзүйн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үздэг. Сэтгүүлзүйн салбарын хуулийн төслийн ажлын хэсгийг МСНЭ-ийн дэргэд байгуулж, лобби бүлэг байгуулж чадвал бид хуулиа батлуулж чадна. МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах нь зөв. Сэтгүүлчийн санхүүгийн эрх чөлөөг дээшлүүлэхгүйгээр хэвлэлийн эрх чөлөөг дээшлүүлэх боломжгүй гэж үздэг” гэв.
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа санал авч эхэллээ. Их хуралд нийт 181 төлөөлөгч оролцож, ирц 78.1 хувьтай оролцож, Х.Мандахбаяр сонгогдсон юм. Түүнийг төлөөлөгчид 87.07 хувийн саналаар сонгосон. Гэхдээ Монголын өдөр тутмын сонины холбооны гишүүд, Залуу сэтгүүлчдийн холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, ахмад сэтгүүлчид болон хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн төлөөлөл хурлыг хууль бус хэмээн үзэж, шүүхийн байгууллагад хандахаар болсон юм.
Э.БААТАР