УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд, “2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, зарим яам, газруудад үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл, ярилцлага зохион байгуулах зэрэгт чиглэгдсэн” хэмээн тус Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 22 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нэг удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа тус тус хуралдсан бөгөөд хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10-аад ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын нэг гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн болохыг тэрбээр мэдээллээ.
Мөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Баттөмөр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлуулсан нь Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал сайжирч, хадгаламжийн даатгалын олон улсын үндсэн зарчимд нийцэх, банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэхач холбогдолтой болохыг танилцуулсан юм. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний нийт яам, газруудын үйл ажиллагааны явц байдал, тулгамдсан асуудлаарх мэдээлэл, ярилцлагыг зургаан удаа зохион байгуулсны зэрэгцээ тэдгээр яам, газруудаас яаралтай шийдвэрлэвэл зохих асуудлаар санал авч, холбогдох арга хэмжээг төлөвлөн зарим асуудлаар шийдвэрийн төслүүд боловсруулж байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1,072 ширхэг хувьцааны талаар болон банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулаад байгаа талаар Д.Дамба-Очир дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдгээр тогтоолын төслийн талаар санал авах ярилцлагыг арилжааны томоохон зургаан банкны захирлууд, Монголын банкны холбооны удирдлага, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.