Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Музейд очиж “Монголчуудын уламжлалт сав суулга”-тай танилцаарай. Тус музей нь жил бүр уламжлал болгон өөрийн сан хөмрөгтөө хадгалагдаж буй эд өлөг, үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмний хүртээл болгодог байна. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн нь үндэсний баяр ёслолын өмнө дэлгэгдэж байна. Энд 180 гаруй сав суулгыг үзэх боломжтой.

Монголчууд олон зуун жилийн турш байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн учраас нүүдлийн ая даах бат бөх, авсаархан, хөнгөн, чанартай сав суулга хийж ашиглаж, уламжлуулсаар иржээ. Монголчуудын уламжлалт сав суулгыг ашиглах байдлаар нь өдөр тутмын, тусгай зориулалтын, ёслол хүндлэлийн хэмээн ангилахаас гадна материалаар нь чулуу, шавар, мод, металл, арьс ширэн хэмээн тодотгодог байна.

ЭРТНИЙ САВ СУУЛГА

Монгол нутаг дахь эртний хүмүүс чулуун зэвсгийн сүүл үеэс эхлэн ваар, сав суулга хийж, хэрэглэж ирсэн нь археологийн судалгаагаар батлагджээ. Хүннүгийн үед гэхэд гар аргаар хийсэн жижиг аяганаас авхуулаад 80 см хүртэл өндөр томоохон ваарыг эргэх хүрдээр чадварлаг үйлдвэрлэдэг байж. Энэ нь Бороогийн суурин зэрэг газруудад явуулсан археологийн судалгаагаар тогтоогдсон байна.

ЧУЛУУН САВ СУУЛГА

Хүрэл зэвсгийн түрүү үеийн булш оршуулгаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй чулуун сав, цутгуурын шанаганы зүйлс шинээр олдсоор байна. Эдгээр чулуун сав суулга нь үүрэг зориулалтаас хамааран хумбан, цомбон зэрэг хэлбэр дүрстэй байх ба ихэвчлэн боржин, асмалжин болон занарлаг чулуугаар урладаг юм байна.

XVII-XX зууны эхэн үед Монгол орноо бурханы шашин нийгмийн бүхий л хүрээг хамран дэлгэрсэн нь уламжлалт урлалд ихээхэн нөлөөлжээ. Тухайлбал бурхан шашны нөлөөгөөр монголчууд уламжлалт сав суулгандаа буддын шашны билгэдэлт хээ угалзыг өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ зан үйлийн сав суулгыг ёс жаягийн дагуу урлан бүтээж байжээ.

Шашны зан үйлийн цар таваг. Есөн эрдэнэ болох мөнгө, алт, шүр, сувд, оюугаар цэцгэн хээ гарган чимэглэжээ.

Нээлтийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г. Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал Д. Сүхбаатар, Монголын театрын музейн захирал Д.Наранжаргал нар үг хэллээ.

Энэхүү үзэсгэлэн нь 2018 оны гуравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба үнэ төлбөргүй юм байна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *