Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын ёсон

Битүүлэх ёсон

Битүүний зоог зурган илэрцүүд

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог

Битүүний зоог зурган илэрцүүд

Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни

Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

Шинэлэх ёсон

Шинэлэх ёсон зурган илэрцүүд

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг.Нар мандахаас өмнө босч мөрөө гаргадаг ба дайхаа үргээлгээгүй хүүхэд унтаж болдог байна. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм.

Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаантос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой.

Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

Мөр гаргах ёсон

Мөр гаргах ёсон зурган илэрцүүд

Эрт дээр үед Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийдэг байжээ. Ингэхдээ хот айлын ахлагчид, өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлагч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио унан цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжоо, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай ажээ. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг. Монголчууд бүгд эсгий гэртээ мал маллан амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.

Энэ нь тухайн жилдээ галд суусан хүмүүн нэгэн тулам галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ. Харин шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирдэг байсан. Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс, өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газарт цацаад баруун талаасаа гэртээ эргэж ирдэг байжээ. Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модонд торгож бариад гэрийн зүүн хойт зүг рүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ. Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирдэг бол ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ. Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ. Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.

Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.

Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.

Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядлах, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.

Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.

Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.

Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Золгох ёсон

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон

Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юм уу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг

Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн

Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг

Идээний дээж элгэн цагаан тараг

Эдийн дээж ариун цагаан хадаг

Г.МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *