Categories
мэдээ нийгэм

Цахим орчноос хүүхэд ямар мэдээлэл авч байгааг эцэг эхчүүд хянадаг болно

ЗурагАюулгүй интернетийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ГБХЗХГ-ын дарга Б.Халиун энэ үеэр хэлэхдээ, “Хүүхэд цахим орчинд юу хийж байгааг мэдэх боломжгүй байдаг. Харин олон улсад “Family lock” программыг ашиглан хүүхэд нь ямар мэдээлэл авч байгааг хянах боломжтой. Энэхүү программыг бид Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран энэ онд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдүүдтэйгээ цахим технологийг хариуцлагатай, хүндэтгэлтэй, бүтээлчээр ашиглах тал дээр зааж зөвлөж нээлттэй ярилцдаг байхыг уриалж байна” гэв.

ЦЕГ-ын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзаан, “ Өнгөрсөн онд интернэт цахим орчны гэмт хэрэгтэй холбоотой 228 гомдол ирснээс дийлэнх нь бусдын нэр хүндийг гутаан доромжлох, садар самуунд уруу татах, залилан мэхлэх шинжтэй гомдлууд байсан. Үүнээс 21 гомдолд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд бүртгэлтэй 400 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Стандартын нөхцөл хангаагүй зарим газруудтай холбоотой гомдол ирж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагаас энэ сарын 25-ныг хүртэл хяналт шалгалт явуулж, зөрчилтэй газруудын үйл ажиллагааг хаах арга хэмжээг авна. Одоогийн байдлаар зөрчилтэй 24 газрыг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.

Аюулгүй интернетийн өдрийг 2004 оноос Европын орнууд тэмдэглэн эхэлсэн бол өнөөдөр дэлхийн 130 гаруй орон эл өдрийг тэмдэглэх болжээ. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ач холбогдол нь тоон технологийн ололт дэвшлийг эерэг байдлаар ашиглах боломжийг хүүхэд залууст ойлгуулах, цахим орчныг аюулгүй байдлыг хангах явдал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *