Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр 9.00 цагаас эхэллээ. Өнгөрсөн жил цахимаар хичээлээ сонгон бүртгүүлж, шалгалт өгч байсан. Энэ жил ч гэсэн тус журам мөрдөгдөх юм байна. Гэхдээ бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлнэ гэлээ. Энэ жил Ерөнхий боловсролын арванхоёрдугаар ангийг 37 мянган сурагч төгсөх гэнэ. Харин өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоог гаргажээ. Элсэлтийн шалгалтыг 2006 оноос хойш Монгол орон даяар http://eec.mn гэсэн цахим хаягаар бүртгэж байгаа юм.
МОНГОЛ ХЭЛНИЙ ШАЛГАЛТЫГ ЗААВАЛ ӨГНӨ ГЭВ
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан ““Элсэгчийн” сонинд “Сурагчид шалгалтдаа хэрхэн бүртгүүлэх, мэргэжил сонголтоо яаж хийх вэ” гэсэн мэдээ, мэдээллийг нийтлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцээд энэ сарын 5-наас эхлэн Улаанбаатар хотын бүх дүүргийн арванхоёрдугаар ангийн төгсөх ангийн сурагчдад уулзалт зохион байгуулна. Уулзалтаар Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц зохион байгуулалт, түүнд анхаарах зүйлсийн талаар ярих юм” гэж хэллээ. Мөн тэрээр “Нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг. Хэдэн ч хичээлээр шалгалт өгсөн нэг л батламжтай байх юм. Монгол хэлний шалгалтыг заавал өгөх бөгөөд бүртгэлийн хураамжгүй. Боловсролын үнэлгээний төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Сурагчид манай төвийн вэб сайт, фэйсбүүк пэйж хуудас руу орж Элсэлтийн ерөнхий шалгалтын дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой” гэдгийг онцлов.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ ДАХИН СУНГАХГҮЙ
Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 18.00-00.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Хугацааг дахин сунгахгүй, нэмэлт бүртгэл явуулахгүй гэнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг Боловсролын үнэлгээний газар БСШУСЯ-тай хамт зөвшилцөж байж зарлах ёстой аж. Шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их, дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA, эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ алдаатай эсэхийг сайтар нягтлах хэрэгтэй. Учир нь тус мэдээллүүдэд тулгуурлан сурагчдын дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм.