Categories
мэдээ цаг-үе

Хамгийн сахилгагүй ч сурлага, урлагаар тэргүүлдэг 10Б ангийхан

Нийслэлийн X хороололд оршдог 43 дугаар сургуулийн 10Б ангийг 1995 онд 21 сурагч төгсжээ. Тус сургууль нь 1986 онд ашиглалтанд орсон, Оросын тусламжаар баригджээ. Аравдугаар хорооллын оршин суугчдад зориулан энэ сургуулийг барьсан аж. Энэ сургуулийн 10Б ангийнхан сургуульдаа сахилгагүйгээрээ алдартай. Наймдугаар ангиа төгсөхөд ангийн багш нь өөр сургуульд шилжиж эдний ангийг дааж авах сонирхолтой багш тус сургуульд байсангүй. Явж явж биеийн тамирын багш Энхбаяр энэ ангийг даахаар болов. Анги даасан биеийн тамирын багш нь сургуульдаа хамгийн залуу багш. Түүний анхны анги. Харин 10Б ангийхан химийн лаборатори анги бөгөөд өдрийн цагаар хөшгөө хаахад харанхуй болдог, дотроосоо усаа авдаг, өөрөөр хэлбэл бусад ангийг бодвол тусгай хангамжтай анги байжээ. Энэ ангийнхны сахилгагүйтэх нэг шалтгаан нь дотроосоо усаа авах. Хичээлийн бус цагаар усаар байлдах, зарим үед хичээлийн завсарлагааны үеэр хэдэн биеэ усалж амжина. Тэд дотроо байлдаад зогсохгүй ангийнхаа хажуугаар өнгөрсөн сурагчдыг ч усаар норгож зовооно. Тиймээс тэдний ангийн хажуугаар бусад сурагчид явахаас зайлсхийнэ. Түүгээр ч зогсохгүй хөшгөө хаагаад ангидаа нууцаар диско зохион байгуулж байсан анхны сурагчид. Тэдний хамгийн том хэрэг нь ангидаа хөзөр тоглож байгаад сургуулийн захиргаанд “нядлуулах” шахсан явдал байлаа. Тухайн үед ангийн дарга нь байгаагүй аж. Зүгээр ч нэг хөзөр тоглоогүй ангийн хөзрийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан гэнэ. 10Б-гийнхан олон удаа захирал, хичээлийн эрхлэгчийн өрөөнд дуудагдаж байсан бөгөөд харин эцэг эхээ нэг их дуудуулж байгаагүй юм байна. Учир нь хэдийгээр хамгийн сахилгагүй анги боловч өөрсдөө санаачлан сургууль дээрээ олон ажил зохиодог байжээ. Жишээлбэл, өөрсдөө жүжиг тоглоод сургуулийнхаа бүх сурагчдаас 50 мөнгө хурааж тухайн үедээ шаггүй мөнгө босгож байсан аж. Тэр мөнгөө одоогийнхоор бол хүмүүнлэгийн үйлсэд зарцуулна. Сонирхолтой нь 10Б-ын сахилгагүйчүүдийг Энхжаргал гэх сурлагаар маш сайн, шартай ч хүмүүнлэг охин удирдана. Тухайн үед картын бараанд орсон үе байлаа. Энэ анги одоогийнх шиг гэр хорооллын, байшин хорооллын, хувийн, улсын сургууль шиг ямар нэгэн ангилал байхгүй. Энэ ангид сэхээтэн, ажилчин, эрдэмтэн зэрэг нийгмийн бүх давхаргын хүүхдүүд байжээ. Энэ ангид ээж дүүтэйгээ амьдардаг нэгэн эрэгтэй сурагч байсан. Дуу муутайхан түүнд ангийнхан нь хамгийн эелдгээр ханддаг бөгөөд боломжийн хэрээр тусална. 20, 30 мөнгөнөөс эхлээд нэг төгрөг хүртэл хандив цуглуулж гэрт нь өгнө. Дээр нь бүгд очиж мод түлээний ажилд тусална. Харин 10 жилийн дараа 10Б ангийнхан уулзахдаа тухайн үед дүүд нь хэрэгтэй, хэрэггүй тоглоом авч өгсөндөө харамсаж байгаагаа хуучилжээ. Учир нь тэр тоглоом авах мөнгийг ээжид нь өгсөн бол арай илүү хэрэгтэй байсан байх гэж. Хэдийгээр нийтээрээ картын бараатай байсан боловч ангийнхан нь гэрийнхээ картын бараанаас илүүчилж ядарсан анддаа тусалдаг байсан гэнэ. Өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ ангиас нийгэмд танигдсан нь жүжигчин Навчаа юм. Гэхдээ Навчаа нь аравдугаар анги төгсөхөөсөө өмнө өөр сургуульд шилжсэн юм байна. Гэлээ ч одоо ч ангийнхантайгаа байнга “нялуурдаг” гэнэ. Ангийнхных нь ярьж буйгаар бол Навчаа маш нээлттэй, илэн далангүй, заримдаа галзуу юм шиг ааштай харагдах ч үнэн хэрэгтээ жигтэйхэн уян зөөлөн хүн. Эдний ангийнхан хэдийгээр сахилгагүйгээрээ алдартай ч бие биендээ тусархуу. Энэ зан чанар нь өнөө ч хэвээрээ. Энэ нь ангийн даргын араншинтай холбоотой гэж хожим нь ангийнхан нь ярьдаг. Тэд одоо ч Энхжаргалыгаа ангийн дарга гэдэг бөгөөд түүн дээр л зовлон жаргалаа ярьж ирдэг. Ангийн дарга нь түүнийгээ бусдадаа цаг алдалгүй түгээдэг журамтай. Тэд тухайн үеийн монгол сурагчдын адил таагүй туршилтанд орж байснаа өнөөг хүртэл мартаагүй гэнэ. 1993-1994 онд тэдэнд монгол бичиг заах гэж ёстой л “тамыг нь цайлгана” гэдэг болсон аж.

Арван жилийн дараа 10Б-гийнхан уулзалдав

Өнөөдөр тэдэнд ханз заахтай л адил юм болсон байх. Тухайн үед орос хэлний хичээл ордог байжээ. Түүний дэргэд монгол бичиг сурах нь дэндүү хүндрэлтэй бөгөөд ядаргаатай ажил байсан гэнэ. Эдний ангийнханыг сургууль төгсөхөд нь ангийн багш Энхбаяр нь “Одоо та нарын амьдралаа шийдэх хамгийн эгзэгтэй мөч, тийм учраас энэ үед л та нар хичээх хэрэгтэй. Өнөөдөр сургуулиа ямар дүнтэй төгсөнө, тэр нь та нарын ирээдүйн амьдралын хэмжүүр болно” гэж олон дахин хэлдэг байж. Харин сурагчид нь тээршаах маягтай хүлээж авдаг байсан аж.

Энэ ангийг төгссөн 21 сурагч бүгд дээд сургуульд орсон бөгөөд өнөөдөр цөөнгүй нь гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаа. Энэ ангийн хамгийн сахилгагүй Өлзийсайхан нь одоо хувийн бизнес эрхэлж байна. Харин онц сурлагатнууд болох Мөнхзул нь Солонгос улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч, Золзаяа гэр бүлийн хамт АНУ-д амьдардаг. 10Б ангиас төрсөн ганц эмч Хишигжаргал Цусны төвийн ерөнхий эмчээр ажиллаж байна. Эднийг наймдугаар анги төгсгөсөн багш химийн багш байж. Сонирхолтой нь химийн хичээлийг судалж ганц мэргэшсэн хүн Хишигжаргал. Бусад нь химийн хичээлдээ сайн биш. Учир нь ангийн багш нь химийн хичээл орохдоо хичээлээ биш, ангийн асуудлаа ярьсаар байгаад дуусгадаг байсан гэнэ. Ний нуугүй хэлэхэд ангийнхных нь толгойд H2O-оос өөр юм үлдээгүй гэж хожим хөгжилдөн дурсдаг аж. Өнөөдөр сахилгагүйчүүд 40 гарч ид амьдралынхаа эрч хүчтэй насан дээр явж байна. Тэд өнөөдөр сахилгагүйтэх завгүй хань ижил, үр хүүхэд, ажил төрлийнхөө төлөө зүтгэсээр. Амьдрал дээр тэд сахилгагүйтэхгүй ч, хааяа нэг уулзалдахаараа сахилгагүйтмээр санагддаг ч хэзээ ч хүүхэд насныхаа хэмжээнд хүрдэггүй юм гэж боддог.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *