Categories
мэдээ цаг-үе

Б.Ачбадрах: Пёнчаны уралдааны зам манай “Скай ресорт”цанын баазынхтай яг ижил юм байна лээ

Гэрэл зургийг: Г.БАЗАРРАГЧАА

“Пёнчан-2018” өвлийн олимпийн 23дугаар их наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн зайд уралдах ОУХМ Б.Ачбадрахтай Хандгайт дахь цанын баазад сэргээлтийн бэлтгэлд гараад байхад нь ярилцлаа.


-Гүйлтийн цанын өнөө цагийн хамгийн шилдэг тамирчидтай Пёнчаны замд Монгол Улсаа төлөөлж өрсөлдөх эрхээ авсан танд баяр хүргэе?

-Их баярлалаа. Өвлийн спортын дэлхийн шилдгүүд бүгд чуулдаг энэ том тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцох болсондоо үнэхээр их баяртай байна. Өдөр бүрийн ачаалалтай бэлтгэл сургуулилтын маань үр дүн юм даа.

-Та цанын спортоор яагаад хичээллэх болсон бэ. Энэ маань улирлын чанартай манай улсад төдийлөн хөгжөөгүй спорт шүү дээ?

-Хоёр гуравдугаар ангийн хүүхэд байхдаа л хажуу айлынхаа ахыг дагаад гулгана гээд уул руу явдаг байлаа. Надад их сонирхолтой байсан болохоор аав маань ханын модоор цана хийж өгч намайг баярлуулсан. Энэ цанаар нь л гудамжиндаа өглөөнөөс үдэш болтол гулгаж цагийг өнгөрүүлдэг байж билээ. Сүүлд дунд ангид ороход ясан цанатай болоод аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож тодорхой хэмжээний амжилт үзүүлээд л энэ спортоор хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн дээ.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэзээнээс уралдаж эхлэв?

-Хүүхэд байхад багш байхгүй зөвхөн сонирхлоороо л бэлтгэл хийж тэмцээнд ордог байсан л даа. Улаанбаатарт оюутан болж ирээд Доржготов багш дээр бэлтгэл хийж эхэлснээс хойш насанд хүрэгчдийн ангилалд уралдах болсон. Дараа нь Дашдэндэв багшийн удирдлагад тэмцээнд орж байгаад одоо Хаш-Эрдэнэ багшийн шавь болоод олимпийн наадамд уралдах бэлтгэлээ базааж байна.

-Өнгөрсөн жил та “Б” зэрэглэлийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн. Үүгээрээ олимпийн наадамд оролцох боломжтойгоо харуулсан шүү дээ?

-Тийм ээ. Яг өмнө нь оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод Финланд руу явсан болохоор бэлтгэл дажгүй сайн байсан л даа. 2015 онд уралдаад 25 дугаар байрт орж байсан тул багагүй туршлагатай болчихсон үе. Яг уралдааны замд гарахад надаас зэрэглэл дээгүүр олон тамирчин өмнүүр эргэлдээд байхад бага зэрэг эмээж л байсан. Уралдааны замд толгойн группэд гарсан болохоор байрлалаа алдалгүй явсаар байгаад л гуравт орсон. Уул нь хоёрдугаар байранд явж байсан ч бариан дээр дайруулаад нэг байр ухарчихсан. Яг барианд орж ирсэн тэр мөч үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсан шүү. Зүүд биш байгаа даа л гэж бодогдсон. Уралдаад ирэх мөчид багийнхан маань бүгд уйлчихсан зогсож байсан. Тэгэхэд нь миний сэтгэл бүр их догдолж, өөрийн эрхгүй нулимс урссан. Медалийн тавцанд зогсоод, төрийн далбаа маань мандах мөчид их бахархсан. Миний өмнө уралдсан Отгонцэцэг эгч маань сайн уралдаж дөрөвдүгээр байр эзэлсэн нь намайг зоригжуулсан.

-Өвлийн олимпийн тухайд зуны олимп шиг тивийн эрхээр оролцоно гэсэн ойлголт байдаггүй. Олон улсын цанын холбооноос заасан нормативыг заавал биелүүлж олимпийн наадамд өрсөлддөг. Та олимпийн эрхээ хэрхэн авсан бэ?

-Өнгөрсөн оны төгсгөлд Финланд улсад очиж найман тэмцээний 17 гараанд уралдсан. Өвлийн олимпийн жил байсан учраас БТСГ болон Монголын үндэсний олимпийн хорооноос олимпийн оноо олгох тэмцээнүүдэд тамирчдаа алгасалгүй оролцуулсан л даа. “Б” зэрэглэлд олимпийн эрхээ авна гэдэг маань 300-гаас дотогш таван удаа орсон байх шаардлагатай байдаг. Энэ болзлыг амжилттай давж олимпийн замд уралдах эрхээ авсан даа.

-Сая өвлийн олимп болох зам дээрээ 12 хоног бэлтгэл хийгээд ирсэн. Уралдааны зам хэр байна. Хүндрэлтэй зүйл юу байв?

-Сая манай багийнхан Солонгос яваад Хан мөрний эрэг дээр спринт уралдаанд оролцоод, цаашаагаа Пёнчанд олимп болох зам дээр хоёр уралдаанд хурд сорьж, бэлтгэл хийсэн. Уралдааны замын тухайд манай “Скай ресорт” цанын баазын замтай яг адилхан. Ачаалал авах өгсүүр ихтэй, налуу уруутай тамирчин хүний тэсвэр тэвчээрийг шалгасан зам байсан. Уур амьсгалын хувьд Пёнчан Монголыг бодвол арай дулаахан ч их хүйтэн салхитай газар шиг санагдсан. Уралдахад боломжийн юм байна лээ.

-Уралдах өдрийнхөө цаг агаарын байдлыг судалсан уу. Цаг агаартаа тааруулж цаны тосолгоо гэх мэт зүйлсээ хийдэг байх?

-Би уралдааны замд 15-нд гарна. Тэр өдрийн цаг агаарыг харахад 4-5 градус хүйтэн гэж тэмдэглэсэн байсан. Гэхдээ тухайн өдөр ямар байхыг таашгүй. Салхитай, тогтворгүй цаг агаартай газар байна лээ.

-Пёнчаны замд ямар тактиктай уралдахаар төлөвлөсөн бэ. Цуваа гараатай уралдаанд аль хавиар гарах бол?

-Уралдааны өглөө биеийн байдал ямар байхаас шалтгаалж замын аль хэсэгт амарч, хаана нь ажиллаж өрсөлдөгчөө гүйцэх талаараа багштайгаа ярилцана даа. Мөн ямар тамирчидтай ойролцоо гарах гэдэг нь тактикаа сонгоход чухал нөлөө үзүүлнэ. Олон улсын цанын холбооноос гаргасан онооны дарааллаар уралдааны замд гарна. Армен, БНСУ зэрэг орны өрсөлдөгчидтэй ойрхон гарах болов уу.

-Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш л олон улсын тэмцээнүүдэд оролцжээ. Бэлтгэл хэр ханаж байна вэ?

-Бэлтгэл дажгүй сайн байгаа. Одоогоор “Олимп” бааздаа сэргээлтийн бэлтгэлд гараад гурав хонож байна. Хоёрдугаар сарын 6-нд олимпод оролцохоор эх орноосоо нисэх байх.

– Пёнчаны олимпод ямар зорилго тавьж байна вэ?

-Өмнө үзүүлсэн тамирчдын амжилтыг л ахиулахыг зорьж байна даа. Өмнөх олимпод хурд сорьсон тамирчин маань 80 дугаар байр эзэлж байсан бол үүнийг 5-20 байраар ахиулах боломжтой гэж харж байгаа.

-Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?

-Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум бол байгалийн үзэсгэлэн цогцолсон сайхан энергитэй газар шүү. Өнгөрсөн жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө нутагтаа очиж хийморио сэргээгээд буцахад сумын Засаг дарга маань “Миний хүү уралдааныхаа гараа болгон дээр нутгийнхаа уул усыг бодож сүсэглээрэй. Энэ сайхан хангайн уул, ус хүүгээ түшиж явдаг юм шүү” гэж хэлж билээ. Дэлхийн аваргын уралдааны замд гарахдаа нутгийнхаа уул усыг бодож залбираад гарсан даа. Энэ жишгээр бэлдэж өөрийгөө төвлөрүүлдэг.

-Монголын цанын шигшээ багийн тамирчдад “А” зэрэглэлийн ДАШТ, олимпийн наадмын медаль хэр ойрхон байна вэ?

-Би өнгөрсөн жил “Б” зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд “А” ангиллын тэмцээнд уралдсан. Манайхан ирэх олимпийн мөчлөгөөс эхлээд дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нь харагдаж байна лээ. Нэг үеэ бодвол улсаас цанын тамирчдаа их дэмждэг болсон. Бид өнөөдөр Дэлхийн стандартад нийцсэн цанын хувцас хэрэгсэл ашиглаж байна.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *