Г.ЖАМЪЯН (МУГЗ)
Ч.Лхагвадорж “Нарантуул”-ын лангуун дээр
Тээр жил Улаанбаатар хотод нэгэн дуулиант хэрэг мандаж байсныг манай ахмад үеийнхэн санаж байгаа байх. Яармагт орос жолоочтой хүнд даацын машин бага насны хүүхэд дайрч асар хүнд гэмтээгээд, хүүхэд нь үхэж гэнэ, амьд гэнэ гэсээр нам дарагдаж билээ. Манайхан нууцалж байсан ч Хятад, Өмнөдмонголын радиогоор олон улсад цацаж байсан сан. Тэр дуулианы “эзэн” Чулуунбаатарын Лхагвадоржтой 50 жилийн дараа уулзаад ярилцаж сууна.
-Сайн байна уу? Сурвалжлах гэж Гэмтлийн больницыг хэдэн сар сахиад уулзаж чадаагүй хүнтэйгээ 50 жилийн дараа уулзах сонин байна. Хоёул ярилцлагаа тухайн үеийн Яармагаас, гэр орны амьдралаас эхлэх үү?
-Монгол хүний амны билэгээр сайн гэх үү дээ. Зуугийн ихэнх насыг ядарч л туулж байна даа. Миний аав Чулуунбаатар Нисэхийн цэргийн ангид алба хааж байсан юм. Тэгээд манайх аавын ажилд ойртон Нисэхийн малчдын хороололд ирж суурьшсан л даа. Би долдугаар сургуулийн дөрөвдүгээр анги төгссөн жил энэ явдал болж билээ. Доороо таван дүүтэй, хамгийн том нь би 12 настай байж.
-Тэр өдөр болсон явдлаа санаж байна уу?
-Саналгүй яахав. 1967 оны наймдугаар сарын 3-ны өдөр шүү дээ. Би гэрээсээ гараад Яармаг-Сонгинын замаар Нисэх рүү явж байсан юм. Өөдөөс асар хурдтай том тэрэг давхиж ирсэн. 100 милийн хурдтай явсан юм гэнэ лээ. Яах ийхийн завгүй ирээд л дайрчихсан. Миний бүх бие цус болчихсон, машины урд копутан дээр хөндлөн шидэгдсэн байсан гэсэн. Тэгээд л ухаан алдчихсан, юу болсныг бүү мэд. Олон хоногийн дараа, нэг л мэдэхэд эмнэлгийн орон дээр ухаан орсон. Толгойны дэргэд аав минь цагаан халаат нөмөрчихсөн сууж байсан. Ухаан орж, гараад л байсан юм билээ.
-Хаана ирчихээд байгаа нь энэ вэ?
-Хуучин гэмтлийн эмнэлэгт. Одоогийн клиникийн төв эмнэлгийн дэргэд байлаа шүү дээ. Дайрсан жолооч нь орос жолооч байсан болохоор орос, монголчууд маш хурдан хөдөлж Гэмтлийн эмнэлгийг бараадуулсан байгаа юм. Тэгэхдээ эргэн тойрон харуул хамгаалалттай маш нууцалж байсан юм билээ. Аавыг л цэргийн хүн болохоор нууцын хатуу чанд даалгавар өгөөд сахиулж байсан гэдэг. Даш, Дэмчиг хоёр эмч л гардаж эмчилнэ. Үүдэнд яамныхан байнгын жижүүртэй байсан гэдэг.
-Хэр зэрэг гэмтсэн бэ? Чамайг чинь үхэж гэнэ, амьд гэнэ гээд л хэлцээд байдаг байсан. Сурвалжлагч биднийг бол ойртуулдаггүй байлаа шүү дээ?
-Аав л сүүлд ярьдаг байсан. Хоёр улсын найрамдалд хамаатай гээд асар их нууцалж байсан юм билээ. Миний баруун хөл, гар хэдэн газраар хугарсан, мах нь тасраад унжчихсан, тархи толгой хагарсан, дотуур цус хурсан гээд, ер нь бүтэн газар байсан юмуу? Сайн эмч, сувилагчдын ачаар найман сар эмчлүүлж гарсан. Гараад гэрээрээ ч их эмчлүүлсэн. Нэг хөлөө тайруулж, хиймэл хөл хийлгэсэн. Энэ тархи толгойны оёог хар даа, бүтэн газар үлдээгүй юм шүү. (Лхагвадорж маань толгойныхоо гүнзгий сорвиудыг үзүүллээ)
-Чамайг, танайхныг их дагаж мөрддөг байсан гэл үү?
-Сүүлд бодох нь ээ сүрхий хяналтанд байсан байх. Аав л учрыг нь олно уу гэхээс, бид бол юу ч мэдэхгүй шүү дээ. Аав өөрөө гомдолтой гэдэг. Намайг бас гомдолтой гээрэй гэж битүүхэн захидаг байсан л даа. Аавд тэд, мөнгө төгрөг өгье, машин өгье, “гомдолгүй” гээд гарын үсэг зурчих гэж гуйдаг байсан юм билээ. Аав бол өөрийнхөө бодол дээр хатуу зогссон. Ер нь, аав минь энх тунх өсч байгаа хүүхдээ тийм болгуулчихаад, би хайран сайхан насандаа тахир дутуу болчихоод яаж “гомдолгүй” гэх юм билээ дээ. Ингээд “гомдолтой” гээд байхаар нууц албадууд бидний эсрэг хандсан шиг байгаа юм.
-Ийм сэжиг таавар та нарт байдаг уу?
-Нэг өдөр, энгийн хувцастай эрэгтэй хүн шприц бариад орж ирсэн. Намайг тарих л гэсэн юм билээ. Тэгсэн чинь Даш эмч хойноос нь орж ирээд хөтлөөд гарсан. Юу болсныг мэдэхгүй. Түүнээс хойш намайг өрөө дамжуулан нуугдмал байдалд байлгасан. Заримдаа эмч маань “Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хөдлөхгүй хэвт” гэдэг байсан. Сүүлд бодохноо тусгай албаны хүмүүс намайг эрж хайдаг байсан юм болов уу даа. Намайг найман сар эмнэлэгт хэвтээд гарахад хэн нэг нь аавд “Нүүж, өөр газар шилж” гэсэн юм билээ. Тэгээд манайх “Таван зуун айл” гэж байсны дэргэд Тээхийн хашаанд гэрээрээ суурьшсан. Намайг их нууцалж байсан л даа. Нэг удаа манай ангийнхан эрж сурсаар яваад хүрээд ирсэн. Намайг ямар хачин болчихсон юм гээд танихгүй байсан гэдэг.
-Олон жил эмчлүүлсэн үү? Яаж амьд гараав дээ?
-Олон сар, жилээр эмчлүүлсэн. Баруун хөлөө тайруулж, хиймэл хөл хийлгэсэн. Толгойны хагархай, бүх зүйл эдгэрсэн л дээ. Би уул нь бие сайтай, их чийрэг хүүхэд байсан юм. Бага сургуулийнхаа аварга бөх болж байсан байхгүй юу. Угийн тийм, дархлаа сайтай бие маань эдгэрэхэд нөлөөлсөн байх.
-Сургууль номоо тэгээд хаясан уу?
-Хаясаан хаясан. Амьдрахын эрхээр ямар нэг сургууль курс хийж, мэргэжил эзэмшихсэн гэж бодох болсон. Тэгээд , Улсын нийгмийн халамжийн газрын шугамаар хоёр жил нягтлан бодогчийн курст суралцаж төгссөн. Тэгсэн чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулдаг газар олдохгүй, арга ядаад тухайн үеийн Найрамдлын районд нэг жил жижүүр хийлээ. Дараа нь “Тэмүүжин Менч” оёдлын үйлдвэрт арван жил ажиллаад энэ зах зээлийн нийгэмтэй золгож байгаа юм даа.
-1990-ээд оноос хойш юу хийв?
-Би чинь зах зээлийн нийгэмд шилжихэд гуч гаруйхан настай ид залуу байлаа. Аав ээж өнгөрчихөөд, амьдрал толгой дээр бууна биз дээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн хүнээс дутуугүй амьдрах юм сан гэж бодлоо доо. Дэнжийн мянгын барааны зах дээр юухан хээхэн зараад суулаа. Өдөрт талхныхаа мөнгийг олно. Тэгж байтал найз нөхөд “Хамтдаа бараанд явъя” гэлээ. Хиймэл хөлтэй ч гэсэн таягаа тулаад, бараа чирээд явлаа шүү. Нөхөд минь их тус болсоон. Миний барааг үүрч дүүрээд, вагон, машинд оруулж, буулгаж өгнө. Түмэнд гэмгүй явах чинь болдог л юм билээ. Нөхөд, хамт олныхоо ач буянаар хорин хэдэн жил ачаа зөөж, хөлтэй юм шиг, гартай юм шиг зүтгэсээр “захын хүн” болсон доо.
-Наймаанд явахад хөлтэй гартай нь байтугай, идэр залуучууд хүртэл хэцүү л гэх юм билээ. Бэрхшээл саад зөндөө л тохиолдоо биз дээ?
-Хэцүү даваа! Амьдрахын тулд давахгүй гээд яах билээ. Хулгай зэлгий, дээрэм тонуул, алийг тэр гэхэв. Сайн нөхдийн ач буяныг би түрүүнд хэлсэн. Сүүлдээ хятад, өмнөдмонголд танил тал хүмүүстэй болчихоод гайгүй шүү. Өнөөг хүртэл гучаад жил бараа зөөж, зах дээр борлууллаа. Гавихгүй ч гэсэн, ганц шөнө хоосон хонож үзээгүй ээ.
-Аль зах дээр сууж байна?
-Хойд бараан зах нүүхэд хамт л Нарантуулд шилжсэн. Нарантуулын гутлын тасаг дээр суудаг юм шүү дээ. Нэг удаа өөртэй чинь таарсан боловч мэдэлгүй өнгөрөөчихсөн. Холоо явчихсан хойно чинь, дэргэдэх лангууны нөхөр маань “Өнөөх сэтгүүлч Жамьян чинь шүү дээ” гэж билээ. Нэг уулзаж ярих юмсан гэж бодоод л байлаа. Надтай л адилхан Оросын машинаас болж хохирсон хүн билээ гэж бодож явдаг юм. Ашгүй, утсыг чинь хүн өглөө.
-Нарантуул зах дээр суугаад амьдрал ямар байна. Зарим нь хэцүү л гэх юм билээ?
-Аль хэцүүг хэлж барахав дээ. Гучаад жил суусан болохоор, тэр лангуу нэг гэр шиг минь болчих юм даа. Гадаа юм болохоороо өвөлд хүйтэн, зунд халуун. Гадаа цементэн шалан дээр дөчин градусын хүйтэнд өдөржин сууна гэдэг ч амар ажил биш л дээ. Олон жил доороосоо даараад бөөр, давсагны өвчтэй болсон. Өнөө муу эрүүл хөл, гар маань хавагнана. Ядаад л эмнэлэг бараадна даа. Олсон хэдэн төгрөгнийхөө тал хувийг эм тарианд өгөөд таардаг. Сүүлийн жилүүдэд өвлийн дүн хүйтнээр зах дээр суухаа больсон. Гэрт дулаан байх юм уу, амралт сувилалд хэд хонохоор хаван бууж, хөл гар өвдөхөө болиод сайхан болно оо. Тэгснээ ажил дээр очоод хэд хонохоор л хавагнаж эхэлнэ дээ.
-Дүн хүйтэн эхэлчихлээ. Одоо ажилдаа очоогүй юу?
-Хэд хоног сувилалд яваад ирлээ. Гуравдугаар сар гараад лангуун дээрээ очно. Үлдэгдэл бараа жаахан байгаа. Нөхөдтэйгөө урагшаа явна. Хавар зуны гутал тавьж байдаг юм. Тэгээд л нөхөдтэйгөө лангуун дээрээ сууна даа. Ахад нэг зүйлийг сануулахад ямар л бол ямар гутал захиж болно шүү. Өмнө найз нөхөд олон байна. Үйлдвэрийнх нь үнээр, хэмжээ, хэв маягаар нь бэлдээд тавьчихсан байдаг юм.
-Би нэг зүйл сонирхмоор байна. Өөрөө орос жолоочоос болоод л насан туршдаа хохирсон хүн. Одоо, цаг өөрчлөгдсөн. Оросын элчинд хандаж болоогүй юмуу. Болсон явдал, ядарч зүдэрч яваагаа бичээд Оросын элчинд хандвал тусалж магадгүй л юм даа?
-Би бас боддог л юм. Нэг зовлон бий. Тэр үед би 12-хон настай хүүхэд байж. Бүх зүйлийг аав ээж л хөөцөлддөг байсан. Хаана хандаж, яахаа мэдэхгүй байгаа юм. Цагдаа, хуулийн байгууллага тэр үед ямар шийд гаргаж байсныг мэдэхгүй. Гар дээр ямар ч бичиг баримт үлдээгүй. Хохирол барагдуулж байгаа нь энэ гэж манайд л юм өгснийг мэдэхгүй юм. Ингээд л арга барагдаад байдаг юм даа.
-Гэр бүлийн амьдралыг тань сонирхмоор байна?
-Дүү нар тус тусдаа амьдралаа хөөгөөд явчихсан. Намайг ядарч зүдэрч явахад халамж хайраа зориулах хүн бас байх юмаа. Ч.Энхцэцэг гэж хүнтэй хамтарч амьдран, жаргал зовлонгоо хувааж явна даа.