Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Монгол Ардын Намаас санаачлан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд их жанжин Д.Сүхбаатарын түүхэн бичиг баримт, гэрэл зураг, баримал уран зураг зэрэг үзмэрийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги академийн захирал Г.Наранбаатар нар оролцсон юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Ардын хувьсгалын он жилүүдэд тусгаар Монгол Улсыг байгуулах тэмцлийг өрнүүлж, Ардын нам, Ардын засгийг үүсгэн байгуулсан түүний гавъяаг бид мартах учиргүй, үйл хэргийг нь хойч үедээ сурталчилан таниулах учиртай” гэж онцоллоо.
Уг үзэсгэлэнд тавигдаж буй түүхэн эд зүйлсийг Очирын Баатар гуай 53 жилийн турш цуглуулж иржээ. Өнөөдөр тэрбээр хувийн цуглуулгаа МАН-д бэлэглэсэн юм. Анх 1966 онд Д.Сүхбаатрын үйл хэргийг сурталчлахаар хоёрдугаар сургуульд ханын сонин гаргаж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар жанжин Д.Сүхбаатарын амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтрыг харуулсан уран зураг, баримал, марк, мөнгөн тэмдэгт, гэрэл зураг зэрэг 500 гаруй цуглуулгатай болжээ.
Түүний цуглуулганд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, манай нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, Д.Сүхбаатарын хөшөөний анхны эскиз, “Зоос гоёл” чимэглэлийн газрын даргаас дурсгасан монгол цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль гэх мэт олон зүйл багтжээ.
Сүхбаатарыг сурталчлагч О.Баатар нь анх Наваан нэртэй байсан ба 1944 онд есөн настайдаа Жанжин клубыг шинэчлэн баригдах үед аав, ээжийн хамт идэвхитэй оролцож клубын даргаас Баатар хэмээх нэр хүртсэнийг нь бэлэгшээж эцэг эх нь түүнийг Баатар хэмээн нэрийдэх болсон байна. Энэ үйл явдал түүнийг Сүхбаатар жанжны эд зүйлийг үзэсгэлэн нээх хэмжээнд цуглуулах эхлэл болсон аж.
Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг, Элбэг амгалан гацаанд мэндэлжээ. Тэрбээр 1918 онд цэргийн албанаас халагдан хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж, дараа нь “Хүрээний нууц бүлгэм”-д элсэн, Монгол Ардын намыг үүсгэн байгуулж, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, харийн түрэмгийлэгчдээс улсаа чөлөөлсөн хувьсгалийн үйл хэргийг удирдаж ялалтад хүргэсэн түүхэн гавъяатай хүн билээ. 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлаас Бүх цэргийн жанжнаар томилогдсон тэрбээр 1921-1922 он хүртэл Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.