Categories
мэдээ улс-төр

Хүний эрхийн үндэсний байгууллага бий болсны 17 жилийн ойг тохиолдуулан ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мэндчилгээ дэвшүүллээ

Мэндчилгээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн дарга, гишүүд, ажилтнууд, хамтарч ажиллаж ирсэн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, Орон Тооны бус зөвлөлийн гишүүд Та бүхэндээ Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсаны 17-н жилийн ойн өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдаж, 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тангараг өргөснөөр манай улсад Парисын зарчмуудад нийцсэн Хүний эрхийн үндэсний байгууллага байгуулагдсан түүхтэй билээ.

Өнөөдөр хэнээс ч хараат бус, бие даасан Хүний эрхийн Үндэсний байгууллагын үйл ажиллагаа бэхжиж, үндэсний төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, хүний эрхийн асуудлыг анхааралдаа авч, хэрэгжилтийг хангуулахыг шаардаж, эгэл жирийн иргэд эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө тэмцдэг болсон нь Та бидний хамтын ажиллагааны үр дүн юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс цаашид ч хуулиа дээдлэн хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримталж, та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

Хүний эрх, эрх чөлөөг, орон даяар, цаг ямагт, хүн бүрт түгээн дэлгэрүүлье.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *