Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв

АН-ын бүлгийн гишүүд зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц 51.3 хувьд хүрсэн тул эхэллээ.Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын товд тэтгэврийн насыг бууруулж, татварын шатлалыг буулгах хууль тогтоолын төсөл орж ирсэн болохыг хуралдаан даргалагч гишүүдэд дуулгасан.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Тэтгэврийн насыг бууруулж, татварын шатлалыг буулгах асуудлыг ярьж байгаа бол бусад татварын асуудлыг хамтад нь ярих хэрэгтэй. Мөн бензин шатахууны татварыг тэглэсэн гэж байгаа боловч хомсдол хэвээр байна. Гадуур бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. “Эрдэнэт” гэдэг саалийн сүү чинь үүд хаалгаа барьж байна. Үүнийг анхаараарай” гэв.

УИХ-ын гишүүн С.Болд, “Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийг санаархаж байна. Энэ бол 1990 онд бий болгосон ардчиллыг устгах бодлого юм. Ийм байдлаар цааш явахгүй, цааш нь явуулахгүй. Намрын чуулган завсарласны маргааш ээлжит бус хуралдаан зарлаж, иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “МАН төрийн эрхийг авахдаа нэг ч татвар нэмэхгүй хэмээн мэдэгдэж гарч ирсэн. Гэтэл одоо 9 төрлийн татварыг нэмчхээд байна. Үүнийхээ нэг л татварыг одоо буулгах нь. Аливаа шийдвэрийг МАН бодлого судалгаагүй гаргаж байна. МАН хүүхдийн мөнгөний олголтын хүрээг хумьснаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэж, шийдвэрээсээ буцаж байсан. Иймэрхүү үйлдэл нь монгол төрийг муухай харагдуулж байна. Бид татварыг бүрэн буулгах хүртэл жагсах болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюу-Эрдэнэ, М.Оюунчимэг нар чуулганы хуралдааныг улстөржүүлэхийг буруушаагаад шууд хэлэлцэх асуудалдаа орох саналтай байгаагаа хэлсэн бол М.Оюунчимэг гишүүн, “Хоёр том нам бодлого ярьж, улс орноо хөгжүүлээсэй гэж иргэд хүсч байна. Ийм утга агуулгатай өргөдөл хүртэл Өргөдлийн байнгын хороонд ирж байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ үеэр чуулганы өнөөдрийн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд суухгүй гэдгээ мэдэгдэв. Үүгээр чуулганы хуралдаан хэлэлцэх асуудалдаа оров. Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *