Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн малчдын цагаан идээний үзэсгэлэн, худалдаа үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн, худалдаа нь сар шинийн баярын өмнө болдог билээ. Тэр утгаараа лангуу бүр дээр үйлчлүүлэгчид худалдаа хийж, хөл хөдөлгөөн ихтэй байв. Архангай аймгийн нийт сумдаас 300 гаруй малчин 320 тонн цагаан идээтэй нийслэлд ирсэн аж.
Тус үзэсгэлэнд оролцогч Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт багийн дарга Б.Юндэн “Бүх бараа бүтээгдэхүүндээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжилгээ хийлгэж, сумынхаа мал эмнэлгээс үнэлгээний бичиг авсан. Өлзийт сумаас 100 орчим малчин 200-иад тонн цагаан идээтэй ирсэн. Харин манай багаас 20 орчим хүн энэхүү үзэсгэлэнд оролцож байна” гэв.
Түүнээс сүү цагаан идээний үнийг тодрууллаа. “Тавгийн идээ янз бүр байна. Хамгийн дээд тал нь сүүн хуруудаар хийсэн тавгийн идээ 280 мянган төгрөг. Аарцаар хийсэн тавгийн идээ 150 мянган төгрөгийн үнэтэй. Хорхой ааруул 12-13 мянган төгрөг. Хэвийн ааруул 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Шар тос 14-15 мянга, тогооны өрөм 10-15 мянган төгрөг. Том жижиг нимгэн зузаанаасаа шалтгаалаад үнэ нь өөр өөр байдаг” гэлээ.
АРХАНГАЙ АЙМГИЙН ИХ ТАМИР СУМЫН ХӨХ НУУР БАГИЙН МАЛЧИН С.АЛТАНТУЯА: ОРИГ, ЦЭВЭРХЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХИЙГ ХИЧЭЭДЭГ
-Үзэсгэлэнд хэр их цагаан идээ бэлтгэж ирэв?
-Энэ зун хийж хураасан цагаан идээнүүдээ авчирлаа. Долоо дахь хоног дээрээ зогсож байна. Энэ үзэсгэлэн жил болгон болдог учир үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн. Хүмүүс их таатай хүлээж авдаг. Манай аймгийн бүх сумаас малчид ирж оролцож байна.
Би голдуу сүүн хурууд хийдэг. 5-8 үнээ сааж 10 литр сүү гаргаад түүгээрээ 900 грамм сүүн хурууд гаргаж авдаг. Хамгийн гол нь ориг, цэвэрхэн хийх хэрэгтэй. Тийм зарчмыг баримталдаг.
-Таны бэлтгэсэн цагаан идээ ямар үнэтэй вэ?
-Бусдаас ялгарахын тулд тавгийн идээнүүдээ сүүн хурууд ашиглан дээд зэргээр хийдэг. Настай хүмүүст тохиромжтой 45 ширхэг ааруултай, хоёр тогооны өрөм, дээд чимэглэл оройтой тавгийн идээ 210-230 мянган төгрөг байна. Онцлог нь хүүхэд, хөгшид идэхэд зөөлхөн. 35 ширхэгтэй жижигхэн тавгийн идээ 150-иас яриад өгч байна. Харин жирийн ааруулаар хийсэн таваг 90 мянган төгрөг. Түүхий сүүний бяслаг хольж хутгаад аарцны ааруултай хийсэн. Энэ нь залуучуудад зориулсан таваг. Цагаан самар шиг жижиглэсэн нэг килограммын сүүн хуруудыг 25 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ингэж жижиглэхэд ажиллагаа их орсон. Жигд зүссэн нь 20-22 мянган төгрөг. Тогооны өрөм 13-15 мянга. 10 литр сүүгээр хийдэг. Өнжөөгөөд 24 цагт нэг өрөм болдог. Хайлмаг 10 мянга, жимсний өнгө оруулаад аарцтай, нэрстэй хийсэн. Гүйлгээ нь дажгүй байна гэв.
Бүтээгдхүүний нэр |
Үнэ (төгрөг) |
Орц |
Хорхой ааруул (1 кг) |
12.000-13.000 |
|
Тавгийн идээ (45 ширхэг ааруул) |
210.000-230.000 |
Сүүн хурууд |
Тавгийн идээ |
150.000 |
Аарц |
Хэвийн ааруул(1 кг) |
15.000 |
|
Шар тос |
14.000-15.000 |
|
Тогооны өрөм |
10.000-15.000 |
|
Тавгийн идээ (35 ширхэгааруул) |
150.000 |
Сүүн хурууд |
Тавгийн идээ(жижиг) |
90.000 |
Ааруул |
Сүүн хурууд ааруул (1 кг) |
20.000-25.000 |
|
Хайлмаг |
10.000 |
Аарц, нэрс |
Б.АМАРТҮВШИН