Categories
мэдээ цаг-үе

Данзанхорлоогийн Дашпүрэв: Дэлхийн философи “Хүн төрөлхтөн яавал хүний ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна

Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвтэй ярилцлаа.


-Та бол Монголын нэртэй философичдын нэг. Их сургуулийн философийн анги анх нээгдэхэд элсэж суралцсан гэдэг. Эндээс яриагаа эхлэх үү?

-Миний бие Булган аймгийн хуучнаар Намнан сумын бага сургуульд орж гуравдугаар анги хүртлээ суралцсан. Тэгээд манай сум татан буугдаж одоогийн Хутаг-Өндөртэй нийлсэн юм. Би гэдэг хүн аймгийн төвийн арван жил рүү шилжээд жаран таван онд төгссөн. Дунд сургуульд байхдаа шүлэг бичдэг, уран зохиолын дугуйлангийн идэвхтэй сурагч байлаа. “Пионерийн үнэн” сонинд хоёр, гурван ч өгүүллэгээ гаргачихсан,“Монгол Улс” нэртэй оросоор гардаг сэтгүүлд мөн өгүүллэгээ хэвлүүлчихсэн, сүрхий амьтан байлаа. Хүүхдүүд намайг зохиолч болно л гэнэ. Харин есдүгээр ангид орох жилээсээ би философич болъё гэж шийдсэн. Монгол Улсын их сургуульд философийн анги анх нээгдэхэд элсэж орсон минь тийм учиртай. Философич болно гэж зорьж ирсэн болохоор хичээлдээ онц сурна. Манай ангид чинь математик, хими, биологи, физик гээд байгалийн ухааны хичээл орно. Тэр бүгдэд би маш сайн суралцдаг байсан. Хоёрдугаар ангид байхад “Онц сурдаг сайн оюутан байна. Москвагийн олон улсын харилцааны сургуульд явуулна” гэж Гадаад яамнаас дуудсан. Норовсамбуу багш тэнхимийн эрхлэгч байсан. Тэр хүн намайг гадагшаа явуулахгүй гэж авч үлдсэн. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд, жаран долоон онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойгоор социалист орнуудын оюутан залуучуудын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Их сургуулиас гурван оюутан шалгарч оролцов. Философийн ангиас би шалгарсан юм. Бид гурав Москвагаар аялаад, Ленинградад олон улсын хуралд илтгэл тавьж байсан түүхтэй.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллав. Үндсэндээ таны ажил амьдралын гараа хаанаас эхэлсэн бэ?

-Далан онд их сургууль төгслөө. Төв хорооны шийдвэрээр Намын дээд сургуулийн философийн тэнхимд багшаар явуулдаг юм байна. 1974 он хүртэл багшилсан. Тэгээд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академийн философийн тэнхимд гурван жил суралцсан. “Социализмын үе дэх онол практикийн харилцааны диалектик” сэдвээр одоогийн Ph.D доктор буюу дэд эрдэмтний зэрэг 27 насандаа хамгаалж байв. Тухайн академид хамгаалсан хамгийн залуу эрдэмтэн болж байлаа.Тэр үедээ хүнд сэдэв байсан, аргагүй зоригтой байж дээ. Төгсөж ирээд намын дээд сургуульдаа нэг жил багшлаад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал болсон. Нэг жил ажиллаад өөрийн хүсэлтээр ШУА-ийн философийн хүрээлэнгийн секторын эрхлэгч болсон. Тэнд 10 жил ажилласан.1990 онд Энэтхэг улсад Энэтхэгийн нэгдүгээр зэргийн сургууль болох Жавахарлал Неругийн нэрэмжит Улсын их сургуульд багшаар очоод 1995 он хүртэл багшилсан. Монгол Энэтхэгийн Засгийн газар хоорондын соёлын харилцааны шугамаар эндээс томилогдоод явж байгаа юм. Неругийн их сургуульд “Төв Ази дахь улс төрийн бодлого ба Монгол Улс”, “Монгол дахь нийгмийн өөрчлөлт ба улс төрийн бодлого” гэсэн хоёр лекц уншдаг байсан.

-Оросын большевикүүдийн коммунист ноёрхол дарангуйллын сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Оросод хамгаалсан байдаг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, ерэн таван онд ОХУ-ын Философийн хүрээлэнд философийн шинжлэх ухааны докторын зэргийг “Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе шатууд” сэдвээр хамгаалсан юм. Яагаад ийм сэдэв хөндөх болов гэхээр Монгол оронд ардчилал шинэчлэл эхэлсэнтэй холбогдуулж Монголын нийгмийг судалдаг байсантай холбоотой. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт 1920-иод оноос эхлээд үе шаттай, системтэй явагдсан шүү дээ. Тэр тухай судалгааны ховор, нууц материалууд надад их цугларсан байсан. Ерэн хоёр онд Энэтхэгт байхдаа англи хэл дээр “Монгол дахь аюумшгийн ноёрхол” ном бичиж гаргасан. Социализмын үед чинь үзэл суртал, улс төрийн талаар буруу юм ярьчих вий гэхээс айдаг байсан. Төрийн эсрэг хэрэгтэн, японы тагнуул болчих вий гэхээс айна. Энэ бүх аюумшиг ерэн оныг хүртэл явагдсан. Улс төрийн тэрхүү аюумшигт хэлмэгдүүлэлтийн тухай бичээд англиар хэвлүүлсэн юм. Хар үйл явдал бичиглэсэн ном учраас хар хавтастай хэвлүүлсэн.Ингэж “Дашпүрэвийн хар ном” гэх нэршил бий болсон. Уг бүтээл монгол дээр гараагүй. Америк, Энэтхэгт хэвлэгдсэн л дээ. Хэлмэгдүүлэлтийн тухай уг бүтээл бол хүмүүсийн бичдэг зүгээр нэг түүхийн ном биш. Философи судлал, улс төрийн анализ юм. Оросын коммунист большевикүүд ийм аюумшигт террор хийсэн гэж би үзсэн. Үндсэндээ улс төр болоод соёлын террор, үзэл суртлын дарангуйлал, улс төрийн хэлмэгдүүлэлт давхар давхар болсон.

-Орос руу ингэж айхтар дайрсан бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалахаар Оросын эрдэмтдийн өмнө зогсох амаргүй байсан нь мэдээж?

-Ийм зүйл бичсэн хүн чинь Оросын том том философичид оролцсон эрдмийн зөвлөлийн өмнө зогсоно гэдэг эр зоригийн асуудал байсан.Хамгаалж чадахгүй унах байх л гэж бодож байв. Ерэн таван он гэхэд Орос тийм ч их нээлттэй болоогүй байсан үе. Тэрхүү эрдэмтэн профессорууд бүгд коммунизмын үед бэлтгэгдсэн хүмүүс. Оросын шинжлэх ухааны академийн дорно дахины хүрээлэнгийн Монголыг судалдаг хоёр, гурван том эрдэмтэд ирсэн байв. Тэд хэлмэгдүүлэлтийг магтаж бичдэг. Миний хамгаалах гэж байгаа бүтээл эсрэг байж байдаг. Удаж удаж нууц санал хураалтын дүн гарахад 100 хувь гэдэг юм. Би магнай хагартал баярласан гэж жигтэйхэн. Эндээс миний бие нэг л зүйлийг сайтар ойлгосон. Шинжлэх ухааны эрдэмтэд гэдэг аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс хардаггүй, юманд туйлширч ханддаггүй өөр хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Энэтхэгт байхдаа хоёр ном хэвлүүлсний нэг нь тэр дуулиан шуугиан болсон “хар ном”, нөгөө нь 1993 онд мөн англиар хэвлүүлсэн “Монгол:Хувьсгал ба тусгаар тогтнол” гэж ном бий. Монголын тусгаар тогтнолд хуучин ЗХУ том үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг огт үгүйсгэж болохгүй. Гэхдээ Монголыг тусгаар улс байлгах нь Зөвлөлтийн геополитикийн бодлогод түлхүүр асуудал байсан. Монгол шиг тусгаар тогтносон завсрын улс байхгүй бол Зөвлөлтийн алс дорнод хязгаар хамгаалалтгүй байсан байхгүй юу. Том гүрний бодлого гэдэг энэ л дээ. Түүнээс Монголд хайртайдаа биш. Агуу их зөвлөлтийн алс дорнодын аюулгүй байдалд Монголын газар нутаг геополитикийн түлхүүр цэг байсан учраас тусгаар тогтнолыг нь олж өгсөн. Мөн монголчууд ЗХУ болоод большевикийн Засгийн газарт төлөх ёстой өрөө хангалттай төлсөн. Тусгаар тогтнол, хөгжлийн замаа маш өндөр үнээр авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж би хэлдэг. Үндсэндээ 100-гаад мянган хүний амиар авсан. Манайхан 30 хэдэн мянган хүнийг буудаж алсан гэдэг. Тэр бол гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийн тоо юм. Гэвч 1922 оноос хэлмэгдүүлэлт эхэлсэн. Бодоогийн хэрэг байна, тайж Эрэгдэндагвын хэрэг гээд олон байна. Жил бүр буудаж алдаг байсан. Гадны судлаач эрдэмтэд миний ном бүтээлийг л бодит судалгаагаа болгодог.

-“Монгол нийгэм: философийн анализ”судалгааны томоохон бүтээл оны өмнөхөн хэвлэгдсэн. Уг бүтээлийн тухай Д.Ганболд доктор нарийвчилж бичсэн байна лээ. Монгол оршихуйн геополитик, геостратегийн асуудал зэргийг гаргасан байдаг?

-Сүүлийн таван жилийн судалгааны үр дүн л дээ. Өмнө нь би дээр өгүүлсэнчлэн англи хэл дээр хоёр ном гаргасан. Мөн “Монголын философийн товч түүх” маань Японд хэвлэгдсэн. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Биднийг иргэншилгүй ард түмэн гэж үзэх нь бий. Манайхан өөрсдөө ч үүнийг дагах тал байдаг. Харин миний хувьд Монгол бол иргэншилтэй ард түмэн гэж үздэг. “Монгол нийгэм” ном энэ тухай өгүүлсэн. Монголчууд одоогоос 3000-аад жилийн тэртээгээс өөрийн иргэншлээ өвөрмөц аж амьдрал, соёл энэ бүхнээ бүтээсэн. Түүнийг нотолж, үндэслэсэн бүх үзэл санааг монгол нийгэм гэж бичсэн. Иргэншилтэй ард түмэн түүхтэй, түүхээ бичдэг бичиг үсэгтэй, нэн тэргүүнд иргэншсэнийг нь харуулсан өөрийн төр засагтай байдаг. Энэ зүйлүүд бүгд байсан. 3000 жилийн өмнөх эртний Хятадын түүхийн эх сурвалжаас үндэслэсэн.19 дүгээр зууны Германы сонгодог философичид гэж байлаа. Тэдний хамгийн том төлөөлөл нь Гегель юм. Тэрээр “Түүхийн философи” номондоо“Хүн төрөлхтний түүх хэзээ эхэлсэн бэ” гэдэг асуултыг тавьсан байдаг. Тэгээд тухайн ард түмэн төрөө байгуулаад, бичиг үсэгтэй болоод эхлэхээр сая түүхээ байгуулдаг гэж бичсэн. Үүнд улбаалж эртний монголчууд хятадтай хамтарч хүн төрөлхтний түүхийг эхлүүлсэн байна гэж үзсэн. Монголчуудын түүхийг устгах гэсэн Хятадын эртний хаадын том бодлого байжээ.

Хятад эртнээсээ л монголчуудыг зэрлэг бүдүүлэг байлгах гэж үзсэн байна. Тэд зөвхөн Монголыг ч биш эргэн тойрон дахь бүх улсаа бүдүүлгүүд гэж үздэг байсан аж. Тухайлбал, зүүн хойд талын одоогийн Солонгос, манж нарын өвөг дээдсийг, урд талд байсан Вьетнам, Лаос, Мъянмарыг бүдүүлэг гэж үзнэ. Гималайн нурууны дагуу байгаа улс орнуудыг ч тэгж үзнэ. Тэгээд энэ бүдүүлэг нөхдүүдтэйгээ дайн байлдаан хийхдээ түүхийг нь устгах гол зорилго тавьдаг байсан. Эрдэмтдийн баг явуулж бичиг үсэг юу байна, бичсэн ном зохиолыг нь хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь шатаадаг байж л дээ. Ингэж түүхийг нь устгах бодлогыг хятадууд явуулж,бичиг үсгийг нь мартуулахыг эрмэлзэж байсан байна. Хятадын эртний хаадын энэ бодлого хүн төрөлхтний түүх монголоос эхэлсэн гэдэгт эргэлзээ төрүүлэх хэмжээнд хүргэдэг юм.

-Монголчууд иргэншилтэй ард түмэн гэдгийг судалгаагаар та нотолжээ. Гэтэл өнөөдөр нийгмээ харахад бид чинь иргэншээгүй, соёлжоогүй хүмүүс шиг санагдах юм. Замын хөдөлгөөний соёл, олон нийтийн газар нус цэрээ хаяж байгаа байдал, нэгэн рүүгээ араатан шиг дайрч байгаа, үр хүүхдэдээ бүдүүлэг хандаж байгаа нь аймшигтай…?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгд, бид нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдлийн иргэншил соёлтой хүмүүс. Европын биш, хятадынх биш. Хятад бол цагаан хэрэмний цаадах хашаан доторх соёлтой. Нөгөө нэг нь Монгол Улс 200 жил манжийн эрхшээлд байсан. Тусгай төр гэж байсангүй. 1268 оноос Хубилай төрийн эргэлт хийж Монголын нийслэлийг Бээжинд аваачсан. Төвдүүдийн хатгаасаар шарын шашныг хүчтэй дэлгэрүүлсэн. Өөрийнх нь багш Пагва ламын урсгал буюу буддизм дэлгэрсэн. Дараа нь Тогоонтөмөр хөөгдсөнөөс хойш шарын шашин бүр хүчтэй дэлгэрсэн.Төвдөөр дамжсан төвд хэлбэрийн буддизм монголчуудын соёл иргэншлийг их өөрчилсөн. Энэ бүхнээс болоод европын иргэншилтэй харьцуулахад дэндүү хоцрогдсон болхи бүдүүлэг харагдаад байгаа. Хэт их шашинжаад соёлыг сайн хөгжүүлээгүйн гор л доо. Ялангуяа бид ахуй амьдралын соёлыг сайн аваагүй. Хуучин хоцрогдсон уламжлал нь үргэлжлээд байна. Хүчтэй нэвтэрч байгаа барууны соёл иргэншилд сайн идээшиж өгөхгүй, хотжиж чадахгүй байна.Түүнээс монголчууд соёлжоогүй, иргэншээгүйдээ биш юм.

-Философийн эрдэмтний хувьд асуухад, одоо бид ямар философитой явбал аз жаргалтай, амар амгалан амьдрах вэ. Орчин үеийн философийн шинжлэх ухаан юуг чухалчлаад байна?

-Нийгэмд тийм ийм философи хэрэгтэй, тэгвэл хүмүүс уур уцааргүй, аз жаргалтай амьдарна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Магадгүй ямар ч философи хэрэггүй байж болно шүү дээ. Чингис хааны үед ямар философи байсан юм. Тэнгэрийн үзэл л байсан. Гол нь бид нийгмээ л хөгжүүлэх хэрэгтэй. Хүн бүр л ажилтай хариуцлагатай болох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд боломж дүүрэн байна. Юу дуртайгаа хийж болно, дуртай орон руугаа явж ажиллаж, сурч болно. Ийм эрх чөлөөг ухаалгаар, зөв зүйтэй ашиглах нь чухал. Хүн төрөлхтний философийн ухаан өндөр хөгжсөн. Өнөө жил дэлхийн философичдын 24 дүгээр их хурал Бээжин хотод болно. Миний бие очиж илтгэл тавина. XXIII хурал Грекийн Афинд болсон. Би тэнд илтгэл тавьсан. Дэлхийн филосифичдын өдрийг тэмдэглэхэд ЮНЕСКО-гоос зардал мөнгийг маань даагаад Парисын хуралд оролцуулж байсан. 2009 онд Харвардын их сургууль дээр болсон феноменологийн философийн олон улсын нийгэмлэгийн 33 дугаар ээлжит хуралд мөн оролцож байлаа. Энэ олон хурал, чуулганд оролцож, илтгэл тавьж, дэлхийн нэртэй том философичидтой санал солилцож явдгийн хувьд хэлэхэд, дэлхийн философи “хүн төрөлхтөн одоо яавал хүний ёсоор, хүмүүнлэгийн ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна. Арслан, барс, араатан жигүүртэн шиг биш. Зүгээр л хүний ёсоор хүнлэг байх, хүний эрх чөлөөг хүндэтгэхийг чухалчилж байна. Ямар ч арьстай, ямар ч шашин шүтлэг, үзэлтэй хүн байж болно. Түүнийг хүнийх нь хувьд хүндэтгэхийг эрмэлзэх болсон. Гол нь нэгэндээ дайсан болж болохгүй. Философийн олон урсгал бий. Тэр бүгд үүн дээр тогтож байгаа.

-Та Олон улс судлалын дээд сургууль гэсэн том сургуулийг удирддаг. Философи, социологи, политологийн хүрээлэн нь гадаад дотоодын мэргэжсэн эрдэмтэн судлаачдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллага болсон. Ингэхэд багш, оюутнууддаа юу гэж зааж сургадаг бол?

-Хүн болгон өөрийнхөө амьдралын эзэн нь байх ёстойг хэлдэг. Тэгэхийн тулд бид дэлхийн иргэншил, соёлд суралцах хэрэгтэй юм. Би 1970 оноос эдүгээ хүртэл дотоод гадаадын их дээд сургуульд 48 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Их хурлын гишүүн байхдаа ч сургуульдаа багшилж л байсан. Төрийн түшээ хүнийг сургуульд багшлахыг зөвшөөрдөг. Хагас зуун жил шахам философио зааж байна. Монгол хүмүүс орчин цагийн иргэншил соёлд илүү өөриймсгөөр сэтгэл зүрхнээсээ итгэл үнэмшилтэйгээр суралцах хэрэгтэй байна. Нүүдэлчин ахуй амьдралтай Монголын түүх мэдээж чухал. Гэхдээ хоцрогдсон зүйлийг хүн мартах л хэрэгтэй.Хуулийг сахих чухал. За тэгээд ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ингэж л хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *