-Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, ард иргэд ээ-
Монгол Улсын Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн сүүг стратегийн хүнсэнд тооцож, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт хүн амын буруу дадал, зуршлыг бууруулж, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг бүх салбарт чанд баримтлах зорилт тавьжээ.
Өдгөөгөөс нэгэн зууны тэртээ 1918 онд хийсэн судалгаагаар монголчуудын хоол хүнсний 55.0 хувийг сүү, цагаан идээ эзэлж байсныг тогтоосон байдаг.
Хүн амын дийлэнх хот, суурин газарт шилжин үндэсний уламжлалт хоол хүнсний дадал зуршил өөрчлөгдөж, чихэр, хийжүүлсэн ундааны хэрэглээ эрс нэмэгдэн сүү, цагаан идээний хэрэглээ буурсаар байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн бусад амттанг импортоор авч хэрэглэжээ.
Энэ үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын дунд хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцооны өвчний суурь болж байна. Эрүүл мэндийн салбарын 2016 оны судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин 55.2 хувиар, зүрх-судасны тогтолцооны өвчин 74.4 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 6-8 настнуудын хувьд 85 хувьтай, олон улсын жишиг үзүүлэлт болох 12 настнуудын хувьд 94 хувьтай байна.
Хүнсний зохисгүй хэрэглээ нь нэг талаас цагаан идээний үнэ, үйлдвэрлэлийн чанар, стандарт, аюулгүй байдал, нийлүүлэлт, нөгөө талаас иргэдийн буруу дадал зуршил, зохистой хүнсний хэрэглээний мэдлэг хангалтгүй байгаатай тус тус холбоотой гэж үзэж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь агаар, орчны бохирдлоос үүссэн болон бусад хордлогыг тайлах, хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөгийг судлаачид онцолж байна.
Тиймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлыг эрчимжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриалга, зорилтоо бодит үр дүнд хүргэх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй.
Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон энэхүү уриалгыг Та бүхэндээ хүргүүлж байна.
Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан үндэсний уламжлалт цагаан идээг тогтмол хэрэглэж хэвшихийг байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэдэд уриалж байна.
Цаашид албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идээний тавгаа уламжлалт цагаан идээгээр засч хэвших, өдөр тутам цагаан идээг түлхүү хэрэглэж занших нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний үйлдвэрлэлд ихээхэн дэмжлэг үзүүлж, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулж, улмаар ажлын байр нэмэгдэж, иргэд тогтвортой орлоготой болох эх үүсвэр баталгаажих болно. Ариун цагаан сүү, амтат цагаан идээгээ хэрэглэцгээе.