Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ынхан эрх баригчдаас хариуцлага нэхэж жагсана, МАХН мөн жагсаалд нэгдэхээ илэрхийлэв

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд мөн МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар оролцсон юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ярихдаа “Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Ардчилсан намаас эрх баригчдад хэд хэдэн шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Шаардлагын дагуу бодит үйл ажиллагаанууд хийгдээгүй байна.

Бидний зүгээс хариу өгөхгүй бол хоёрдугаар сарын нэгэнд 21 аймаг болон нийслэлд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ хэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнүүдээс тавьсан шаардлагыг нийгэмд буруу, ташаа ойлгуулж, иргэдийн тархийг угаах тийш нь эргүүлж эхэллээ. МАН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах л даа. Ардчилсан намын бүлгийн гишүүд болон МАХН-аас Ц.Оюунбаатар дарга мөн оролцож байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа сүртэй тавьж, хоёр гурав хоног үргэлжлүүллээ. Сөрөг хүчний зүгээс үүнд нь судалгаа хийж үзлээ. Хийсэн гээд байгаа ажлуудыг нь харахад 30 гаруй хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхлүүлсэн ажлыг өөрсөддөө наасан байна. Мөн өөрсдөө ажил хийсэн болж харагдах гэж хаа хамаагүй юм бүхнийг хамж, хамаатуулсан байгаа юм. Ажлын тайландаа С.Зориг агсны хэргийг илрүүлсэн гэдгээ оруулжээ.

Засгийн газар гэмт хэргийг илрүүлдэг юм уу. Энэ бол хууль хүчний байгууллагын хийдэг ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэг нь илэрсэн юм шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгоно гээд 100 хонож байна. Ц.Нямдорж сайд таван удаа Хууль зүйн сайд хийнэ гэдэг ховор хувь тохиол шүү. С.Зоригийн хэргийг илрүүлэх явцын ихэнхи жилд нь энэ хүнд сайд хийжээ.

Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт “Өрийг өрөөр дарахгүй” гэсэн сүржин заалт бий. Гэтэл өнөөдөр өрийг өрөөр дарахыг харин ч нэг хийж, гаршиж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гээд байгаа. Өнөөдөр энэ сангийн хүрээнд ард түмэнд хэрэгтэй ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ гэдэгт тайлбар өгч чадахгүй л байгаа. Ямар бодитой үр дүн аль салбарт гарсан талаар тоймтой мэдээллийг өгөхгүй байсаар өдийг хүрлээ.

ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр гаргав. Энэ бүхэнтэй бид эвлэрэхгүй. Чингис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна.

Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээ гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ: Бид маргаашийн жагсаал цуглаанаар 60 тэрбумын хариуцлага хаачив, энэ бүх буруу гаргасан татварын нэмэгдлээ цуцлахыг шаардана. Шатахууны үнэ өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд хэн хариуцлага хүлээх юм бэ гэдэг шаардлага тавина. 2012-2016 онд эдийн засаг маш хүнд, гадны хөрөнгө оруулагчид нүүрээ буруулсан, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан үед Ардчилсан намын Засгийн газар улс орноо авч гарч байсан юм. Энэ бол бидний итгэл үнэмшил.

Бид энэ үед дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн. Дотооддоо бид үйлдвэр эрхлэх боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил төрүүлж чадсан юм. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд нь ард иргэдээ гадагшаа гарч ажиллаач, гадаадад очоод манайхаас ажиллах хүч аваач гэж ярьж болдог юм уу. Приусны татвар нэмнэ гэснээ буцаасан. Сонгуулийн дараа эргээд нэмчихдэг ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй гэв.

Хэвлэлийн хуралд оролцсон МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар мөн “Өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Засгийн газрын оновчгүй шийдвэрүүд нь ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байна. Энэ бол эрх баригч намын удирдлагууд төрийн албыг 60 тэрбумаар арилжсантай холбоотой. Өнөөдөр ийм учраас МАХН-ын зүгээс маргаашийн тайван жагсаал цуглаанд нэгдэж байна. Мөн УИХ тарах ёстой гэдэг байр суурийг МАХН-аас илэрхийлж байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *