Монголын үндэсний мөсний шагайн холбоо /МҮМШХ/-ноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-нд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Монголчуудын уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчилан цаашид хөгжих үндэс, нөхцлийг бий болгох зорилгоор энэ зохион байгуулдаг. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн төлөөлөл болох 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваач оролцоно.
Мөсний шагайн харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай юм. Харвааг уламжлалын дагуу усны урсгал дагуу сумаа харвадаг байна. Дашрамд дуулгахад, “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Шар нохой жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжин үзэж, сорих боломж гарах юм.